Хойд Солонгосын зүгээс Өмнөд Солонгосын энхийн саналыг "агуу эндүүрэл" гэв

"Хойд Солонгос нь Өмнөд Солонгосоос ирүүлж буй эвлэрлийн аливаа бодлого, саналуудыг сонирхохгүй" хэмээн БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны улс төрд нөлөө бүхий эмэгтэй дүү нь мэдэгдэв. Энэ нь Өмнөд Солонгосын либерал ерөнхийлөгч Ли Жэ Мёны зүгээс тавьсан энхийн саналд хариу өгсөн анхны тохиолдол юм.
Өмнөд Солонгосын талаас Пхеньян руу чиглэсэн суртал ухуулгын чанга яригчуудыг унтрааж, Хойд Солонгос руу чиглэсэн ухуулах хуудсуудыг тараахыг зогсоосон нь БНСУ-ын шинэ ерөнхийлөгч Ли Жэ Мёны энхийн бодлогодоо баримталж, найрсаг харилцааг чухалчлах орлдлогын нэг байв.
Гэсэн ч түүний энэ үйлдлийн хариуд Ким Ё Жон “Сэтгэл хөдөлгөм хэдэн үгээр өөрсдийнхөө өмнө нь хийсэн үйлдлийг залруулна гэж бодож байвал энэ агуу эндүүрэл". Өмнөд Солонгосын ямар ч саналыг сонирхохгүй. Бидэнд тэдэнтэй ярих зүйл ч байхгүй" хэмээн хариулсан юм.
Мөн "Өмнөд Солонгосын АНУ-тай олон талаар нягт хамтын ажиллагаатай байдаг нь Пхеньяны дургүйцлийг хүргэж байгаа нь өмнөх ерөнхийлөгчөөсөө дутахааргүйг харуулж байна" хэмээн Ким Ё Жон хэлэв.
Ли Жэ Мён нь хатуу чиг шугам баримтлагч Юн Сог Ёлыг цэргийн онц байдал зарлаад бүтэлгүйтсэний дараах яаралтай сонгуулиар сонгогдон тус улсын төрийн тэргүүн билээ. Хэдийгээр тэр Пхеньянтай харилцаагаа сайжруулна хэмээн амлан гарч ирсэн боловч хоёр орны харилцаа сүүлийн жилүүдийн хамгийн доод түвшиндээ хүрээд буй юм.
Харин БНСУ-ын Эв нэгдлийн яам Умард Солонгосын энэ мэдэгдлийг хоёр талын хооронд байгаа гүнзгий үл итгэлцлийн илэрхийлэл хэмээн дүгнэж, Солонгосын хойгт эвлэрэл, хамтын ажиллагааны боломжийг үргэлжлүүлэхээ мэдэгдэв.
Эх сурвалж: Ройтерс
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.