Хоногт 50,000 метр куб бохир ус цэвэршүүлэх чадалтай үйлдвэр ирэх сард ажиллаж эхэлнэ

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая, Монгол Улсын Засгийн газрын 111 сая, нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий Компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотод ус гүн цэвэршүүлэх болон дахин боловсруулах хоёр үйлдвэр барьж, ус хангамжтай холбоотой цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Ингэснээр хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, энэ хэрээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэнэ хэмээн гурван жилийн өмнө бүтээн байгуулалтын ажил эхэлж байв.
Тодруулбал, мянганы сорилтын хоёр дахь компакт гэрээний санхүүжилтээр Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт Сонгинохайрхан дүүрэгт өрнөж, одоогоор 91 хувийн гүйцэтгэлтэй байна. Ирэх сард барилгын ажил дуусаж, туршилтаар ажиллуулж эхлэх юм.
Энэ үйлдвэр ашиглалтад орсноор хоногт 50 мянган метр куб бохир усыг цэвэршүүлж, гурав болон дөрөвдүгээр цахилгаан станцын хөргөлтөд ашиглагдана. Ингэснээр өдөрт 50,000 метр куб, жилд 20 сая метр куб цэвэр ус хэмнэх боломж бүрдэх юм байна. Мөн энэ үйлдвэр Монголд анх удаа байгуулагдаж буйгаараа онцлог, ач холбогдолтой аж.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.