Мах, сүүний үүлдрийн хөлдөөсөн үрээр говийн үхэр сүрэгт зохиомол хээлтүүлэг хийжээ

"Уудам жаргалант ХХК" мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгжтэй хамтран Дундговь аймгийн Сайнцагаан, Луус сумын 10 малчин өрхийн 55 үнээнд хээл шалгалтын үзлэг хийж ороо жигдрүүлэгч тариа болон /CIDR/ тавих аргуудыг ашиглан үнээний ороог жигдрүүлэн өндгөн эс ялгарах хугацааг тохируулж “Махны чиглэлийн Ангус” болон “Сүү-махны хосолмол ашиг шимт Симментал” үүлдрийн бухны гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлгийн ажлыг хийжээ.
Энэхүү ажлын зорилго нь нутгийн монгол үнээг генетикийн хувьд сайжруулан үхэр сүргийн ашиг шим нэг үхрээс гарах мах, сүүний гарцыг дээшлүүлж мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд оршиж буй.
- Ангус үүлдрийн үхэр нь махан ашиг шим өндөр ба бух нь дунджаар 908 кг, үнээ нь дунджаар 680 кг жинтэй байдаг. Амьдын жингийн 60% нь гулууз мах, гулууз махны 70% нь цул мах байдаг. Бэлчээрийн болон хагас бэлчээрийн маллагаанд зохицсон Ангус үүлдрийн үхэр нь амьдрах чадвар сайтай, хээл тогтолт өндөр, Ангус үүлдрийн үхэр аль ч оронд өсгөн үржүүлэхэд дасан зохицох, нутагших дээд зэргийн чадвартай. Төрөлхийн мухар хэвшил дөлгөөн араншин нь махлаг чанарт нь онцгой нөлөөлдөг Төрөх үеийн жин 34 кг, 120 хоногтойдоо 122 кг, 210 хоногтойдоо 200 кг, хоногийн дундаж жин 1000 гр байдаг. Ангус үүлдрийн бухаар сүргээ сайжруулснаар нэг үхрээс гарах махны гарц 40-50 килограммаар нэмэгдүүлэх боломжтой.
- Симментал үхэр сүү-махны хэвшлийн үхэр бөгөөд бордоо авахдаа сайн, чанар сайтай мах өгдөг онцлогтой. Үнээний жилийн дундаж саам 3500 –4100 кг, сүүний тослог 3.7 –4.0 % хүрдэг. Нялх тугал 33- 35 кг жинтэй , сайн бойжуулбал 6 сартайдаа 130 – 135 кг , 18 сартайдаа 350 кг жинд хүрдэг бөгөөд энэ үүлдрийн үхэр бордоо авч таргалахдаа сайн, өсвөр үхэр хоногт 700- 1000 грамм жин нэмж, 18 сартайдаа 440- 480 кг жинд хүрч, 56- 58 хувийн нядалгааны гарцтай байдаг. Нэмэгдэл тэжээл өгч бэлчээрээр малласан нөхцөлд симментал – монголын эрлийз үнээ жилд дунджаар 1000- 1200 литр , сүү өгдөг, гунжны амьдын жин дунджаар 400 кг, үнээнийх 460 кг байдаг.
Зохиомол хээлтүүлэг гэдэг нь богино хугацаанд өндөр ашиг шимт мал үйлдвэрлэн гаргах боломжтой биотехнологийн дэвшилтэд аргыг хэлдэг бөгөөд малчид болон Аж ахуй нэгж аль аль талдаа хариуцлагатай хандвал энэхүү ажил үр дүн сайн гарах боломжтой.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.