25 хувиа л биржээр зарчихвал нийт экспортдоо биржийн үнээр АМНАТ төлөх тогтоол: ЗГ огцрох үндэслэл мөн үү

Наймдугаар сарын 20-ны өдөр Засгийн газар хуралдаж, АМНАТ тооцох журамд өөрчлөлт оруулах шийдвэр гаргасан. Энэ талаар УУХҮ-ийн сайд Г.Дамдинням мэдээлсэн, сайдын хувиар бие даан мэдээлэл хийсэн анхны удаа нь ч болсон. Харин одоо Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах гол үндэслэлүүдийн нэг болон яригдаж байна.
Өчигдөр УИХ-ын гишүүн П.Сайнзориг, УУХҮ-ийн сайд Г.Дамдинням нарын аль аль нь уг асуудлын хүрээнд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн.
П.Сайнзоригийн хувьд: Дөрвөн сар арав хоногийн хугацаанд л хэрэгжих шийдвэр. Өмнөх журмаа хүчингүй болгоогүй байж, зэрэгцүүлж шинээр баталсан. Амны үнээр тооцогдох байсан илүү өндөр АМНАТ-үүдийг бодож үзвэл, уул уурхайн компаниуд 200-гаад тэрбумыг лав хэмнэж байгаа. Энэ мөнгө хаачсан бэ? гэдэг асуудлыг дэвшүүлж байгаа юм билээ.
Г.Дамдиннямын хувьд: Түүхий эдийн үнэ уначихаар ААН-үүд хилийн үнээр, өндөр АМНАТ төлдөг. Ингээд жонш, төмрийн хүдэр зэрэг түүхий эдийн ААН-үүд дампуурдаг. Харин дотоодын биржийн үнээр үргэлж АМНАТ төлбөл тэдэнд шударга, уул уурхайн бизнесүүдээ дэмжсэн шийдвэр болно хэмээж буй.
Томоохон улс төрийн сэдэв болгон мандаахын өмнө тэдний хэн хэн нь үнэн ярьж байгааг тэмдэглэх шаардлагатай болж байна.
Засгийн газрын уг 55-р тогтоолоор "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам"-д өөрчлөлт оруулсан юм. Ингэхдээ хоёр заалт нэмж өгсөн.
Эхнийх нь: Хэрэв бүтээгдэхүүнийхээ 25 хувийг биржээр арилжаалчих юм бол, үлдсэн 75 хувиа юугаар арилжаалах хамаагүй, 100 хувьдаа зөвхөн биржийн үнээр АМНАТ тооцож төлж болно
Хоёр дахь нь: Энэ шийдвэр 2025 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл хүчинтэй.
Өөрөөр хэлбэл, 100 тонн нүүрсний 25-ыг нь л биржээр арилжаалсан бол, үлдсэн 75-аа ам үнээр худалдчихсан ч гэлээ түүндээ биржийн үнээр АМНАТ төлж болно гэсэн үг.
Энд нэг ялгааг тэмдэглэхэд, сүүлийн үед нүүрсний үнэ унасан. Ингээд амны үнэ биржийн үнээс өндөр явж байгаа. Тэгэхээр амны биш биржийн үнээр АМНАТ тооцуулах энэ зохицуулалт ААН-дээ мэдээж хэмнэлттэй, ашигтай.
Жишээлбэл, нүүрсний биржийн үнэ дунджаар тонн тутам 90.3 ам.доллар байна. Харин Ганцмод боомт дээр 130 ам.доллар хүрч байх жишээтэй.
Дээрх зохицуулалтаар бол 25 хувиа биржээр, 75 хувиа амны үнээр зарчихаад, бүгдэд нь биржийн үнээр АМНАТ тооцно гэхээр хэмнэлт үүснэ. Тэр хэмнэгдэж байгаа мөнгө улсын төсөвт орох ёстой гэдгийг л ярьжээ.
Хэнд давуу байдал олгох вэ?
Зарим талаас энэ шийдвэр “Энержи ресурс”-т ашигтай тусна гэж тайлбарлаж байгаа.
Гэхдээ яг тийм биш. “Энержи ресурс”-ийн хувьд ихэвчлэн баяжуулсан нүүрсээ биржээр борлуулж байгаа бөгөөд тэдний хувьд амны биш биржийн үнээр АМНАТ төлөх нь илүү зардалтай байгаа талаар тус компанийн УЗ-ийн гишүүн Г.Батцэнгэл жиргэсэн байна лээ. Баяжуулсан нүүрсний амны ба биржийн үнэ ч ойролцоо байна.
Үндсэндээ бүртгэлтэй, тайлантай том ААН-үүд гэхээсээ нөгөө нүүрс тээврийн жижиг бизнесүүд л энд ашиг хийнэ гэсэн үг юм.
Нөгөө талаас төмрийн хүдэр, жонш зэрэг амны үнээр АМНАТ төлөх тусам алдагдалд орж байгаа салбарынхныг дэмжих бодлого шингэсэн үү, шингэсэн.
Тийм учраас өнөөдрийн сэдэв аль аль талаас нь харах шаардлагатай.
Биржид биш ААН-д ээлтэй тогтоол
Харин заавал хэрэгжих хугацааг 2025.12.31 хүртэл гэж зааж өгсөн нь л анхаарал татдаг.
Энэ хүртэл ААН-үүдийг зөвхөн 25 хувиа биржээр зарахад болно, үлдсэн 75-аа яасан ч болно хэмээн хэлж байгаа хэрэг. Наймдугаар сарын 20-ноос энэ хүртэлх дөрвөн сарын хугацаанд уул уурхайн түүхий эдүүдийн үнэ сэргэнэ гэж үзсэн үү, эсвэл ямар шалтгаан байж болохыг тогтоолын танилцуулгад ч дурдаагүй өнгөрчээ.
Мөн Уул уурхайн биржийн тухай хууль батлагдсан. Үүгээр уул уурхайн ямар бүтээгдэхүүнүүдийг биржээр худалдаалахыг хуульчилж зааж өгсөн. Түүнд нүүрс, зэс, жонш, төмрийн хүдэр бий. Жигдрэх гээд явж байтал “Бирж нэг л биш боллоо, болохгүй байна” гээд холбогдох журмаа ч өмнөх ЗГ-ын үед шинэчилж байсан.
Б.Жавхлан сайд бол уг тогтоолд эсрэг санал өгчихөөд, гарч ирж мэдээлэл хийхдээ Г.Дамдиннямын байр суурийг хамгаалж ярина лээ. Тухайлбал, “Биржээ дэмжье гээд санал нэгдсэн” гэсэн.
Гэтэл энэ тогтоол биржийг эсрэгээр нь дэмжээгүй байгаа юм. 25 хувиа л биржээр зар, үлдсэнээ өөрсдөө мэд, дээр нь АМНАТ илүү хөнгөлөлттэй гэчихээр ААН-үүд ямар сонголт хийх вэ. Бүгдийг нь заавал биржээр зарах уу. Эсвэл 25 хувиа л биржээр зарчихаад ашиг хийхийг бодох уу?
Тэгэхээр энэ бол биржид ээлтэй биш, ААН-үүдэд ээлтэй шийдвэр гэдэг нь бол үнэн.
Эцэст нь 2025 он дуустал тодорхой ААН-үүд АМНАТ-ийн “хөнгөлөлт” эдлэх нөхцөл үүссэн гэдэг л гарцаагүй дүгнэлт. Харин П.Сайнзориг нарын хэлж байгаа шиг, уг хэмнэгдсэн мөнгө 200 тэрбум даваад явчихсан уу, энэ мөнгийг Г.Занданшатар ашиглах гэсэн үү. Энэ ер нь Засгийн газрыг огцруулах үндэслэл болох уу зэрэг нь эргэлзээтэй үлдэж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нүүрсчид засаг унагах гээд г�##�зуурч байна гэхдээ арай л амжихгүй боловуу