Ойрх дорнод бол мөргөлдөөн ихтэй газар, тэгвэл нисэхийн компаниуд хэрхэн онгоцныхоо аюулгүй байдлыг хангадаг вэ
Ойрх дорнодын бүс нутаг олон зууны туршид геополитикийн хувь тогтворгүй байсаар ирсэн. Энэ геополитик, нийгэм улс төрийн болон шашны хурцадмал байдал үргэлжилсээр байгаа. Дэлхийн агаарын тээврийн салбар ийм зөрчил, хямралууд хэрхэн өрнөж буйд онцгой анхаардаг. Ойрх дорнодын агаарын орон зай нь Европ, Ази, Африк тивүүдийг холбодог чухал гарц юм
Дэлхийн хамгийн том олон улсын агаарын тээврийн компаниудын хэд хэдэн нь байрладаг. Үүнд “Emirates”, “Qatar Airways”, “Etihad Airways” багтаж буй. Эдгээр компаниуд байрладаг Дубай, Доха, Абу Даби нь дэлхийн агаарын тээврийн гол төвүүд болж хувирсан.
Зорчигчдын аюулгүй байдлыг хангах нь бүх агаарын тээврийн компанийн нэн тэргүүний зорилт. Түүхээс харвал зэвсэгт мөргөлдөөнтэй бүсүүдэд иргэний нисэхийн онгоцнууд буудуулан осолдсон хэд хэдэн тохиолдол бий. 1988 оны долоодугаар сарын 3-нд АНУ-ын Тэнгисийн цэргийн USS Vincennes хөлөг Персийн булан дээгүүр нисэж байсан “Iran Air” компанийн онгоцыг пуужингаар буудан унагаасан.
2014 оны долоодугаар сарын 17-нд Украины зүүн хэсэгт “Malaysian Airlines” компанийн MH17 онгоцыг ОХУ-ын дэмжлэгтэй хүчин пуужингаар буудсаны улмаас осолдсон. Тухайн үед Украины хүчнийхэн болон ОХУ-ын дэмжлэгтэй салан тусгаарлагчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн явагдаж байсан билээ.
Тиймээс дэлхийн агаарын тээврийн компаниуд цэргийн мөргөлдөөнтэй холбоотой эрсдэлийг маш болгоомжтой ханддаг. Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) нь бүх агаарын тээврийн компаниудад Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог (Safety Management System буюу SMS) хэрэгжүүлэхийг шаарддаг.
SMS-ийн гол ойлголтуудын нэг нь аюулгүй байдлын эрсдэлийн удирдлага юм. Энэ нь аюул үүсгэгч хүчин зүйлийг тодорхойлох, эрсдэлийг үнэлэх, бууруулах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх үйл явцын тухай.
Ийм арга хэмжээг хэрэгжүүлж байгаагийн хамгийн тод жишээ нь нислэгийн маршрутыг өөрчлөх явдал юм. Үүнд нислэгийг цуцлах, түр зогсоох эсвэл нислэгийн төлөвлөгөөг шинэчлэн өөрчлөх зэрэг ордог байна. Үүний зорилго нь зэвсэгт мөргөлдөөн өрнөж буй бүсийн дээгүүр нисэхээс зайлсхийх.
Зургаадугаар сард Израил, Иран хоёр бие биеэ бөмбөгдөж эхлэх үед агаарын тээврийн компаниуд Иран, Ирак, Сири, Иорданы агаарын орон зайнаас зайлсхийж эхэлсэн.


Дэлхийн агаарын тээврийн компаниуд онгоц болон зорчигчдынхоо аюулгүй байдлыг ийнхүү хангадаг. Тэгвэл онгоц, зорчигчдынхоо аюулгүй байдлыг зэвсэг болон цэргийн технологиор хамгаалдаг цор ганц компани нь Израилын Эл Аль иргэний агаарын тээврийн компани юм.
Эл Аль нь онгоцнууддаа пуужин суурилуулдаг цор ганц компани. Үүнээс гадна тус компани C-MUSIC нэртэй системийг 2014 оны арван нэгдүгээр сараас хойш ашиглаж эхэлсэн. C-MUSIC нь лазер ашиглан ирж буй пуужингийн онилох системийг доголдуулдаг.
Эх сурвалж: The Conversation, Airways Magazine












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.