Сум, орон нутагт өвөлжилт хүндэрвэл өвс, тэжээлээр хязгаарлалгүй нөөц бүрдүүлэхийг даалгалаа

Завхан аймгийн хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр 6.0 сая толгой мал өвөлжиж, хаваржих тооцоо гарсан бөгөөд 3 аймгийн 12 сумын нутагт 30 өрхийн 13.4 мянган мал оторлож байна.
Аймгийн аюулгүй нөөцөд бүдүүн тэжээл 648 тонн, хүчит тэжээл 367 тонн тус тус бүрдүүлж, Улиастай, Шилүүстэй, Завханмандал, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэс сумдад байршуулжээ.
“Адапт” төслийн санхүүжилтээр Отгон, Алдархаан, Асгат, Нөмрөг, Сонгино зэрэг сумдад өвс тэжээлийн бага оврын агуулах, саравчийг барьж стандартын дагуу өвс, тэжээлийн нөөцийг хадгалах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Нийт нутгийн 97 хувь нь цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 2-13 см байгаа бөгөөд зудын урьдчилсан төлвөөр 2 хувьд нэн их, 17 хувьд их буюу өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэн.
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 9 бүлэг 34 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулж, гамшгаас хамгаалах, эрсдлийг бууруулах арга хэмжээнд нийт 468.0 сая төгрөгийг төлөвлөн, зарцуулсан байна.
Энэ хүрээнд хамгийн их эрсдэлтэй Улиастай суманд тохиолдож болзошгүй обьектын гал түймэр, үер, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн хэмээн УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан ажлын хэсэгт танилцууллаа.
Тэрбээр өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх үед сум, орон нутгийн хэмжээнд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, оновчтой зохион байгуулах, орон нутгийн гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх, бүсийн хэмжээнд өвс, тэжээлээр хязгаарлахгүйгээр шаардлагатай стратегийн нөөцийг бүрдүүлэх зэргээр холбогдох арга хэмжээг тухай авч хэрэгжүүлэхийг даалгалаа.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.