Трамп дуртай тарифаараа Канадыг сүрдүүллээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп гаалийн татварыг эдийн засгийн зэвсэг болгон ашиглах дуртай. Саяхан тэрбээр Гринландыг худалдан авах эрх олготол нь Европын найман оронд оноож буй гаалийн татвараа нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн. Үүнээсээ тэр буцаад долоо ч хоноогүй байхдаа Канадыг тарифаар сүрдүүлжээ.
Тодруулбал Трамп өөрийн сошиал хуудас дээрээ бичихдээ, БНХАУ-тай хийсэн худалдааны гэрээгээ дагаж мөрдвөл 100 хувийн гаалийн татвар Канадад онооно гэсэн байна. Тэр “БНХАУ Канадыг амьдаар нь иднэ. Ерөнхий амьдралын маягийг сүйтгэж, бизнес, нийгмийн бүтцийг нь бүрэн залгина. Хэрвээ Канад БНХАУ-тай хэлэлцээ хийвэл АНУ руу орж ирж буй Канадын бараа, бүтээгдэхүүнд 100 хувийн гаалийн татвар ногдуулна” гэж бичсэн аж.
Канадын Ерөнхий сайд Майк Карни мэдэгдэл хийхдээ иргэдээ дотоодын бараа бүтээгдэхүүн худалдаж авахыг уриалсан байна. Гэхдээ тэр Трампын гаргасан тарифын заналхийллийг дурдаагүй юм. Тэр “Манай эдийн засагт гаднаас аюул заналхийлж буй энэ үед Канадын иргэд хянаж чадах зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэх сонголт хийлээ. Бид бусад улс орон юу хийхийг хянаж чадахгүй ч дотоодын үйлдвэрлэлийнхээ хамгийн сайн үйлчлүүлэгч байж чадна” гэжээ.
Карни энэ сард БНХАУ-д айлчилж, хоёр улсын хооронд үүсээд буй хурцадмал нөхцөл байдлыг намдааж, харилцаагаа дахин сэргээх хэлэлцээ хийсэн. Хэлэлцээний үр дүнд Канад, БНХАУ хоёр томоохон худалдааны гэрээнд гарын үсэг зурсан юм. Тус гэрээ хэрэгжиж эхэлснээр БНХАУ Канадын хоёр дахь хамгийн том худалдааны түнш болно. Канадын хамгийн том худалдааны түнш бол АНУ юм.
БНХАУ-д айлчилсных нь дараа Трамп Карниг дэмжиж буй өнгө аястай байсан. Тэр “Худалдааны хэлэлцээ хийнэ гэдэг нь зөв зүйл. БНХАУ-тай тохиролцож чадвал тэгэх хэрэгтэй” гэсэн билээ. Гэвч Трамп байр сууриа өөрчилж тарифаар сүрдүүллээ. Канадын Худалдааны сайд Доминик ЛеБлан “БНХАУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээ байгуулахыг эрмэлзээгүй. Харин хэд хэдэн чухал тарифын асуудлыг шийдсэн” гэжээ.
Карни Гринландын асуудлаар Трампыг шүүмжилсний дараа АНУ, Канадын харилцаа дордсон. Трамп хэлэхдээ БНХАУ Канадыг ашиглан АНУ-ын тарифаас бултах гэж оролдоно гэжээ. Тэр “Хэрвээ Карни дарга Канадыг БНХАУ бараагаа буулгаж, АНУ руу оруулж ирдэг боомт болгоно гэж бодож байвал андуурч байна” хэмээсэн юм. Трамп Канадыг АНУ-ын 51 дэх муж болгоно гэж хэлэхдээ Карниг ерөнхий сайд бус дарга гэж нэрлэдэг билээ.
Хэрвээ Трамп тарифаа оноовол Канадын металл, автомашин, механизм зэрэг аж үйлдвэрийн салбарт томоохон дарамт үүснэ.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.