Хуулийн төсөл батлагдсанаар Үндэсний стандартын тогтолцоо шинэ шатанд гарна
Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн мэдүүлэв. Уг хуулийг 1995 онд анх баталсан бөгөөд 2017 онд шинэчлэн найруулжээ.
Гэсэн хэдий ч бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчид үйл ажиллагаагаа олон улсын стандартад нийцүүлж эхэлснээр тэдний чиг хандлага, хэрэгцээ, шаардлагыг хүчин төгөлдөр мөрдөж буй энэхүү хуулиар зохицуулах боломжгүй болсон гэдгийг Шадар сайд энэ үеэр онцлов.
Иймд эрүүл, аюулгүй орчны хэм хэмжээг тодорхойлох, стандартчилах, эрх зүйн зохицуулалтыг нийгэм, эдийн засгийн хөгжилд нийцүүлэн шинэчлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэлээ.
Хуулийн төсөл нь Монгол Улсын хөгжлийн баримт бичигт дурдсан стратеги, чиг хандлагад нийцүүлэн улс орон, нийгэм, эдийн засгийн болоод хүн амын аюулгүй байдлыг хангаж, экспортыг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн бодлогоор дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн байна.Шинэчилсэн найруулгын төсөл 9 бүлэг, 36 зүйлтэй бөгөөд дараах асуудлыг тусгажээ.
Мөн лабораторийн гурван шатны тогтолцоог бий болгох, удирдлага, санхүүжилт, нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх замаар хүний эрүүл мэндийг хамгаалах, худалдаан дахь тарифын бус саад тотгорыг арилгах хүрээнд стандарт, тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх, стандарт, техникийн зохицуулалтын хэрэгжилтийн хяналтыг холбогдох эрх бүхий улсын байцаагч хэрэгжүүлэх, зах зээл дэх болон улсын хилээр орж ирж буй бараа, бүтээгдэхүүн тохирлын баталгаатай эсэхэд хяналт тавих чиг үүргийг нарийвчлах, төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцох, тохирлын баталгаатайгаар улсын хилээр нэвтрүүлсэн бараа, бүтээгдэхүүний статистик мэдээллийн сан бий болгох зохицуулалтыг тусгасан байна.
Түүнчлэн чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд иргэн, хуулийн этгээдийн эрх, үүргийг тодорхой зааж, стандартын хэрэгжилтэд зөвхөн төрөөс хяналт тавих бус иргэн, үйлдвэрлэгч, нийлүүлэгч зэрэг бүх талын оролцоог хангах, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гүйцэтгэсэн бараа, ажил, үйлчилгээ нь тухайн бүтээгдэхүүний техникийн зохицуулалт, стандартад нийцсэн байх, стандартын байгууллагын харьяа орон нутгийн нэгжийн чиг үүргийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар стандартыг хэрэглэх, хэрэглэхээр сонгосон стандартын үзүүлэлт, шаардлага хангагдах, түүнийг хэрэгжүүлэх тогтолцоо, лабораторийн шатлал боловсронгуй болж, олон улсын нийтлэг жишигт нийцсэнээр дотоодын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, стандартыг олон улсад зөвшөөрөх, гадаад худалдаа, экспортыг хөнгөвчлөх нөхцөл сайжирна. Улмаар стандартын хэрэгжилт хангагдаж, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдана гэж төсөл санаачлагчид үзжээ.
Монгол Улсад одоогийн байдлаар 6657 стандарт хүчин төгөлдөр байгаа ч тэдгээрийг дагаж мөрдөхгүй байгаагаас шалтгаалан хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөөллийг бий болгож байгаа аж. Улмаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөхөд хүрсэн тул цаашид стандартыг дагаж мөрдөх, хэвшүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа аж.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.