БНХАУ-д цагийн ажил хийх явдал газар авч буй нь хөдөлмөрийн зах зээлийн асуудлыг харуулж байна
Бээжинд амьдардаг 30 настай Бао Жан программ хангамж туршигчийн ажлаа алдсаны дараа таксины жолоочоор ажиллаж эхэлжээ. БНХАУ-ын хөдөлмөрийн зах зээл сул байгаа тул технологийн салбарт эргэн орох найдвар тээхгүй байгаа аж.
Хятадад түүнтэй адил нөхцөл байдалтай хүний тоо улам нэмэгдсээр байна. Их дээд сургууль төгсөгчдийн тоо түүхэн дээд хэмжээнд хүрч, ажлын байр хомсдон, ажилгүйдлийн тэтгэмж хангалтгүй байгаа зэрэг хүчин зүйлсийн улмаас олон арван сая хүн хүргэлт, таксины жолооч гэх мэт уян хатан, цагийн ажил хийх болжээ.
Бао "Өмнө нь таксигаар явдаг байсан хүмүүс одоо өөрсдөө такси барьдаг болсон" гэж хэлжээ. Тэрбээр 07:00 цагаас шөнө дунд хүртэл ажиллаж, автомашины түрээс болон бензиний зардлаа хассаны дараа сард ойролцоогоор 6 мянган юанийн (885 ам.доллар) орлого олдог байна.
Хятадын Шинэ хөдөлмөр эрхлэлтийн судалгааны төв нэртэй байгууллага тооцоолсноор бүтэн цагийн хөдөлмөрийн гэрээгүй ажил эрхлэгчдийн тоо энэ онд 320 саяд хүрэх төлөвтэй байгаа аж. 2025 онд энэ үзүүлэлт 280 сая байсан билээ. 320 сая хүн гэдэг нь АНУ-ын нийт хүн амтай тэнцэхүйц, Хятадын нийт ажиллах хүчний 44 орчим хувийг эзлэх тоо юм.
Шинжээчдийн үзэж буйгаар, үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралын улмаас барилгын салбар дахь ажлын байрууд алдагдаж, үйлдвэрүүд тарифын дарамт, үйлдвэрлэлийн илүүдэл гарц гэх мэт хүчин зүйлсийн улмаас ажилчдаа цомхотгож байгаа аж. Мөн үйлдвэрлэлийн илүүдэл гарцын улмаас компаниуд барааныхаа үнийг бууруулж ширүүн өрсөлдөж, автоматжуулалт нэвтрүүлж, зардал бууруулахын тулд ажлын байраа их хэмжээгээр цөөлж байна. Үүний улмаас цагийн ажлын зах зээл иргэдийн хувьд орлого тасалдуулахгүй байх аюулгүй сонголт болжээ.
Дээрх хүчин зүйлсээс гадна Хятадад дотоодын эрэлт сул, хиймэл оюун ухааны хэрэглээ нэмэгдэж байгаа учир их, дээд сургууль төгсөгчид болон цагаан захт ажилтнууд цагийн ажлын салбарт олноороо орж ирж байна.
Хонконгийн Политехникийн их сургуулийн соёлын антропологийн мэргэжилтэн Ян Жань "Цагаан захтнуудын эзлэх хувь үнэхээр өндөр болсон. Зөвхөн орон нутгаас шилжин ирсэн хүмүүс цагийн ажил хийдэг үзэгдэл өөрчлөгдөж, дундаж давхарга болон их, дээд сургууль төгсөгчид ч ийм ажил хийж байна" гэжээ.

Тэрбээр нэмж хэлэхдээ "БНХАУ үйлдвэрлэлийн салбараа шинэчлэх болсон. Урьд нь олон хүнийг ажлын байраар хангадаг байсан үйлдвэрүүд аажмаар үгүй болж эхэлсэн. Дээрээс нь хиймэл оюун ухаан хөдөлмөрийн зах зээлд нэвтэрч байна” хэмээсэн юм.
Хятадад нийгмийн даатгалын шимтгэл төлөх шаардлагагүй цагийн ажилтны тоо нэмэгдэж байгаа нь санхүүгийн хувьд хэцүү нөхцөлд буй нийгмийн халамжийн тогтолцоонд эрсдэл учруулж байна.
БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академи 2019 онд гаргасан тайландаа хүн амын насжилтын улмаас тэтгэврийн сан 2035 он гэхэд шавхагдаж болзошгүйг анхааруулсан. 2024 оны шинэчилсэн тайланд тэтгэврийн насыг нэмэгдүүлснээр уг хугацааг найм, есөн жилээр хойшлуулах боломжтой гэж бичжээ.
Хятадын засгийн газарт зөвлөдөг нэгэн мэргэжилтэн "Цагийн ажлын салбарт орлого болон хөдөлмөрийн гэрээ тогтворгүй байдаг учраас татварын асуудал дээр шийдэл олох амаргүй байж магадгүй" гэжээ. Илүү чанартай ажлын байр бий болгохын тулд Бээжин үйлчилгээний салбараа дэмжих хэрэгтэй гэж тэр хэлсэн байна.
БНХАУ-д ажилгүйдлийн түвшин сүүлийн арван жилийн турш 5-6 хувь орчим байж ирсэн. Гэхдээ долоо хоногт нэгээс дээш цаг ажилласан хүнийг ажил эрхэлж байгаа гэж тооцдог учир цагийн ажилтны зах зээл ажилгүйдлийн үзүүлэлтийг тогтвортой барьдаг юм.
Зарим салбарт цагийн ажилчдын тоо эрэлтээсээ давж эхэлснээр орлого буурах болжээ. Хятадын Шинэ хөдөлмөр эрхлэлтийн судалгааны төвийн тайланд дурдсанаар, хоол хүргэлтийн ажилтны цагийн дундаж орлого 2025 онд 11 хувиар өсөж 37.3 юаньд хүрсэн бол таксины жолоочийн орлого 1.8 хувиар буурсан байна.
Дөрөвдүгээр сараас хойш Шэньжэнь зэрэг дөрвөн хотод таксины үйлчилгээний нийлүүлэлт нь эрэлтээ бүрэн хангасан талаар эрх баригчид мэдээлжээ. Засгийн газрын өөр нэгэн зөвлөх хэлснээр, эрх баригчид ийм мэдэгдэл гаргасан нь хүмүүсийг цагийн ажил хийхээс хориглох бус, зөвхөн нөхцөл байдлын талаар ойлголт өгөх зорилготой гэсэн байна. Учир нь цагийн ажил хийхийг хоригловол нийгмийн тогтвортой байдал алдагдах эрсдэлтэй юм.
50 гаруй настай Ли ажлынхаа дараа оройны 22:00 цаг хүртэл хоолны хүргэлт хийж, өдөрт нэмэлтээр 40-100 юань олдог байна. Хүргэлтийн ажилтнуудын тоо нэмэгдсээр олох орлого нь багасаж байгаа ч үүнээс өөр сонголт байхгүй гэдгийг тэр онцолсон юм. Тэр "Над шиг настай, боловсролгүй хүн өөр ямар ажил хийх юм бэ. Бээжинд бүр их сургуулийн оюутнууд хүртэл хоол хүргэлт хийдэг болсон" гэсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөдөлмөрийн зах зээл ямар эмзэг болсныг энэ жишээ тод харуулж байна
Их сургууль төгсөөд хүргэлт хийхээс өөр сонголтгүй болно гэдэг үнэхээр бодмоор асуудал
Хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр олон мэргэжил өөрчлөгдөх нь ойлгомжтой юм байна
Эдийн засаг удаашрахад хамгийн түрүүнд жирийн иргэд л хүндээр тусдаг даа
Hyatad shig tom ulsad ch ajliin bairiin asuudal iim bdag geheer sonin yum
Tsagiin ajil bol tur zuuriin shiidel bolohoos bish urt hugatsaand amar bish
Такси барьж, хүргэлт хийх хүн олширвол орлого нь ч буурах нь аргагүй
Ажилгүйдлийн тоог бага харагдууллаа гээд бодит асуудал шийдэгдэхгүй
Graduates olon bolson ch ajliin bair ni hureltsehgui baigaa ni hamgiin tom berhsheel yum
Нийгмийн даатгал төлөхгүй ажиллагч олширвол дараа нь тэтгэврийн асуудал улам хүндрэх байх
Орлогоо нэмэхийн тулд өдөр шөнөгүй ажиллах амаргүй шүү
Ajliin zah zeel delhii dayar l oorchlogdoj bn daa
Эдийн засгийн өсөлтөөс илүү чанартай ажлын байр хамгийн чухал юм байна
Hyatadad iim baidag yum bol busad ulsuud ch bas belen baih heregtei bh
Үйлчилгээний салбараа хөгжүүлэхгүй бол ийм асуудал улам нэмэгдэх байх