Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ, Иран харилцан цохилт өгсөн нь гал зогсоох тохиролцоо нуран унана гэх айдас үүсгэж, нефтийн үнэ өсөв

Мягмар гарагт /2026.07.07/ Ормузын хоолойгоор дамжин өнгөрч байсан хөлгүүд халдлагад өртсөний дараа АНУ-ын зэвсэгт хүчин Иранд цохилт өгсөн юм. Хариуд нь Ираны Хувьсгалт гвард Бахрейн болон Кувейт дэх АНУ-ын цэргийн байгууламжууд руу лхагва гарагт /2026.07.08/ дрон, пуужин харвав.

Хоёр улсын хооронд тогтоод буй хэврэгхэн гал зогсоох тохиролцоонд энэ үйл явдал томоохон цохилт боллоо. Зургаадугаар сард хоёр сар 14 зүйл бүхий дайныг дуусгах анхан шатны тохиролцоонд гарын үсэг зурсан. Тэрхүү тохиролцооноос хойш АНУ, Иран харилцан гал нээсэн тохиолдол гарсан ч үүн шиг ноцтой зүйл болж байгаагүй юм.

АНУ-ын Зэвсэгт хүчний Төвкомандлал (CENTCOM) мэдэгдэл хийхдээ, гал зогсоох хэлэлцээрийг зөрчин хөлгүүд рүү халдсан Иранд хариуцлага тооцох зорилгоор Хувьсгалт гвардын 60 гаруй жижиг завинд цохилт өгсөн гэжээ.

Төв командлал мэдэгдэлдээ "Ираны хүчний ямар ч үндэслэлгүй түрэмгийлэл нь гал зогсоох хэлэлцээрийг аюултайгаар ноцтой зөрчсөн үйлдэл. Далайгаар чөлөөтэй зорчих эрхэнд халдаж байна" гэсэн юм. Ираны хэвлэлүүд мэдээлснээр газрын тосны экспортын гол төв болох Харг арал, Кешм арал, мөн өмнөд хэсгийн Сирик, Бандар Аббас боомт хотуудад дэлбэрэлт сонсогдсон аж.

АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал нийтэлсэн зураг.

АНУ-ын нэгэн албан тушаалтан “Reuters” агентлагт хэлэхдээ, цохилтууд нь Ираны агаарын довтолгооноос хамгаалах системүүд, эргийн тандалтын системүүд, газраас харвадаг пуужингууд, усан онгоц эсэргүүцэх далавчит пуужингууд болон дрон хөөргөх байгууламжуудыг онилсон гэжээ. Вашингтон Иранд агаарын цохилт цохилт өгснөөс гадна газрын тос худалдахыг зөвшөөрч байсан лицензийг хүчингүй болгосон.

Трампын хувьд лхагва гарагт хэлэхдээ Ирантай хийсэн анхан шатны тохиролцоо нуран унасан гэжээ. Тодруулбал тэр "Тохиролцоог дуусан гэж бодож байна. Тэдэнтэй цаашид харилцахыг хүсэхгүй байна. Тэд бол адгийн амьтад. Хогийн, өвчинтэй хүмүүс. Муу хүмүүсээр удирдуулдаг харгис, хүчирхийлэгчид. Тэд цөмийн зэвсэгтэй байсан бол ашиглах байсан" гэж хэлжээ.

Ингэж хэлсэн ч гэсэн Трамп АНУ-ын төлөөлөгчид Ираны эрх баригчидтай хэлэлцээгээ үргэлжлүүлж болно гэсэн байна.

Ираны Зэвсэгт хүчний нэгдсэн дээд командлал болох Хатам аль-Анбия төв штаб АНУ-ын цохилтыг ил тод түрэмгийлэл хэмээн буруушааж, хариу өгч бут ниргэнэ гэсэн юм. Мөн Хормузын хоолойг Техран удирдан зохицуулж буй байдалд АНУ-ыг хөндлөнгөөс оролцуулахгүй гэж анхааруулсан байна.

Ираны ахлах хэлэлцэгчдийн нэг болох парламентын дарга Мохаммад Багер Галибаф АНУ-ыг гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн гэж буруутгажээ. Сүүлд өгсөн цохилтуудаас гадна, газрын тосны худалдаанд тавьсан шинэ хориг, Ормузын хоолой дахь Ираны зохицуулалтыг зөрчсөн үйлдэл болон Израил Ливаныг бөмбөгдөж буй нь бүгд тохиролцоог зөрчсөн явдал гэдгийг тэр онцолсон юм. Тэрбээр өөрийн X хуудас дээрээ "Дээрэлхэн сүрдүүлж, тулган шаарддаг үе өнгөрсөн. Бид бууж өгөхгүй” гэж бичжээ.

                                                      Газрын тосны үнэ өсөв                                 

Вашингтон Иранд олон улсын зах зээлд газрын тос худалдаалах боломж олгож байсан гол лицензийг цуцлах шийдвэр гаргасан нь энхийн тохиролцоонд томоохон цохилт болно. АНУ тус шийдвэрээ зарласны дараа газрын тосны үнэ 3 гаруй хувиар өссөн юм. Тодруулбал Брент маркийн газрын тосны үнэ лхагва гарагт баррель нь 76 ам.доллароор арилжсан нь 2.7 хувиар өссөн үзүүлэлт байв. Брент маркийн газрын тос нь дэлхийн газрын тосны арилжааны жишиг үнэ болж өгдөг.

Зургийн эх сурвалж: IG Group

Вашингтоны нэгэн албан тушаалтан хурцадмал байдал үүсэхээс өмнө хэлэхдээ Ирантай эцсийн тохиролцоонд хүрэхийн төлөө сайн санааны үүднээс ажиллаж байгаа гэжээ. Гэвч хоёр тал харилцан цохилт өгч эхлэв.

Ираны Гадаад хэргийн яам Вашингтоноос хориг тавьсан нь дайныг дуусгах хэлэлцээрийг зөрчсөн үйлдэл хэмээн буруушааж, үүнээс гарах үр дагаврыг Вашингтон өөрөө хариуцна гэжээ. Мөн тус яам Иран үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдлаа хамгаалахын тулд шаардлагатай гэж үзсэн бүх арга хэмжээг авна гэсэн байна.

Ормузын хоолойд гурван хөлөг халдлагад өртсөн явдалд огт оролцоогүй гэж Техран мэдэгдсэн ч Катар Ираныг цохилт өгсөн гэж буруутгажээ. Халдлагад өртсөн хөлөг онгоцнуудын дунд Катарын шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэгч  “Al Rekayyat” хөлөг байсан юм.

Ираны Гадаад хэргийн яам Катарын мэдэгдлийг ойлгомжгүй зүйл хэмээн үгүйсгэж, Техран гал зогсоох тохиролцооны үүргээ хариуцлагатайгаар биелүүлж байгаа гэжээ. Гэхдээ Ираны зохицуулаагүй чиглэлээр зорчиж буй хөлөг онгоцнуудад эрсдэл учрах магадлалтай гэдгийг тус яам анхааруулсан байна.

Техраны эрх баригчид Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцноос байнгын төлбөр хураадаг тогтолцоог бий болгохыг хүсэлтэй байгаа. Хэрвээ Иран тийм тогтолцоог үүсгэвэл Вашингтон олон жилийн турш аюулгүй байдлын нөхцөл байдлыг нь тодорхойлж байсан Ойрх Дорнод дахь хүчний тэнцвэр эрс өөрчлөгдөнө.

Зургаадугаар сард гарын үсэг зурсан анхан шатны гэрээ нь талуудад эцсийн тохиролцоонд хүрэх 60 хоногийн хугацаа олгох зорилготой байсан. Гэвч АНУ, Ираны төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Катарт шууд бус хэлэлцээ хийсэн нь ямар нэгэн ахиц дэвшилгүйгээр өндөрлөсөн юм.

Трамп Ираныг тохиролцоонд хүрэхгүй бол бөмбөгдөлтөө дахин эхлүүлнэ хэмээн удаа дараа сүрдүүлсэн. Харин Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи хэлэхдээ, АНУ үргэлжлүүлэн заналхийлсээр байвал анхан шатны тохиролцоонд тусгасны дагуу эцсийн тохиролцоонд хүрэх яриа хэлэлцээ явагдахгүй гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм хурцадмал байдал удаан үргэлжилбэл дэлхийн эдийн засагт ч нөлөөлөх нь дээ

Зочин
Зочин

Delhiin zah zeel deer neftiin une usuhuur buh ulsad nuluu medregdene

Зочин
Зочин

Дайн дажны оронд хэлэлцээ хийж асуудлаа шийдвэл хүн бүрт хэрэгтэй

Зочин
Зочин

Ene baidal ulam dorgivol humuus l hamgiin ih hohirno doo

Зочин
Зочин

Газрын тосны үнэ өсөхөөр шатахууны үнэ ч дагаад хөдөлдөг нь харамсалтай

Зочин
Зочин

Hormuziin hooloi bol delhiin hudaldaand mash chuhal gazar shuu

Зочин
Зочин

Hormuziin hooloi bol delhiin hudaldaand mash chuhal gazar shuu

Зочин
Зочин

Хоёр тал тайван замаар асуудлаа шийдэх нь хамгийн зөв гарц

Зочин
Зочин

Dain bol ylagchgui, hohiroh ni engiin irged l baidag

Зочин
Зочин

Нефтийн үнийн өсөлт олон улсын зах зээлд том дарамт болно

Зочин
Зочин

Ymar ch uls baisan yaria heltseer l hamgiin ur duntei shiidel

Зочин
Зочин

Amerik Iran hoyr al alhamaa sain tootsooloh heregtei bh

Зочин
Зочин

Neftiin une usuhuur teever baraanii une ch dagaad usdug

Зочин
Зочин

Хүчээр биш дипломат аргаар шийдвэрлэх боломж үргэлж байдаг байгаасай

Зочин
Зочин

Ene asuudal urgeljilbel zah zeel mash ih savlah bh daa

Зочин
Зочин

Хүчээр биш дипломат аргаар шийдвэрлэх боломж үргэлж байдаг байгаасай

Холбоотой мэдээ

Back to top button