Ц.Ганхуяг: Нас бол тоо. Харин сэтгэл гэдэг хүний жинхэнэ нас юм

62 настай таксины жолооч Ц.Ганхуяг залуу дүү нар минь ямар ч ажлыг гололгүй, сэтгэлээсээ жаргаж хийгээд сурах нь чухал. Хар ажил хийлээ гээд халтайж явахын нэр биш хэмээн ярих эрхэм бол бидний хэзээний танил болох "Ганган Хуягаа ” гэх нэрээр танигдсан такси үйлчилгээ эрхлэгч билээ. Түүнийг хүмүүс зөвхөн таксины жолооч гэдгээр нь бус, үргэлж цэмцгэр хувцаслаж, хөгжим сонсон, өөдрөг инээмсэглэж явдаг төрхөөр нь андахгүй.
– Таны хувьд “ганган” байх гэдэг зөвхөн хувцас хунар, гадаад төрх үү?
–Хүн гэдэг чинь хаана, ямар ажил хийж байгаагаас үл хамаараад өөрийгөө цэвэрхэн, сайхан авч явах хэрэгтэй гэж боддог. Би ажилдаа гарахдаа хувцсаа тохируулж өмсөнө, үсээ янзална, үнэртэй ус хэрэглэнэ. Хүнсний 4-р дэлгүүрийнхэн намайг андахгүй. Хүмүүс “Ганган Хуягаа ах ирчихлээ” гээд л дууддаг болсон. Одоо бүр зарим хүн жинхэнэ нэрийг минь мэдэхгүй, “Ганган Хуягаа ах” л гэдэг. Нас бол тоо. Харин сэтгэл гэдэг хүний жинхэнэ нас юм. Сайхан цоглог дуу, хөгжим сонсоод бусдыг инээмсэглүүлж, аз жаргал түгээж явах шиг баяр бахдал алга. Гоё хувцас өмсөөд, үнэтэй машин унаад сэтгэл нь муухай байвал ямар хэрэг байх вэ. Харин энгийн хувцастай ч гэсэн хүнийг хүндэлж, инээмсэглээд явж байгаа хүн миний хувьд хамгийн ганган хүн.
– Та “Ажил хүнийг голохоос биш, хүн ажлыг голох ёсгүй” гэж хэлдэг. Энэ үзэл хаанаас бий болсон юм бэ?
– Залуу дүү нар минь ямар ч ажлыг гололгүй, сэтгэлээсээ жаргаж хийгээд сурах нь чухал. Хар ажил хийлээ гээд халтайж явахын нэр биш. Ах нь амьдралаа доороос нь эхэлсэн хүн. Янз бүрийн ажил хийж үзсэн. Хөдөлмөрийн амтыг мэднэ. Ямар ч ажлыг сэтгэлээсээ хийвэл тэр ажил өөрөө хүнийг баярлуулдаг. Өглөө босоод “Өнөөдөр би энэ ажлыг хийж, хэн нэгэнд хэрэг болно” гэж бодоод гарах хэрэгтэй. Ажлаа голох хэрэггүй. Тэгээд л болоо.
– Тэгвэл таны машинд суусан хүмүүсээс хамгийн их анзаардаг зүйл юу вэ?
– Хүний сэтгэл санаа. Зарим хүн хаалга онгойлгоод л суухдаа ууртай байна. Зарим нь утсаар хэн нэгэнтэй муудалцчихсан байдаг. Зарим охидууд шөнө орой ажил тараад суухдаа ядарсан байна.Тэгэхээр би шууд их юм асуугаад байдаггүй. Хөгжмөө аяархан тавина. Хүн өөрөө яримаар байвал ярьдаг. Нэг мэдэхэд “Ах аа, өнөөдөр ийм юм болчихлоо” гээд ярьж эхэлнэ. Би сонсоно. Заримдаа зөвлөгөө өгнө. Заримдаа юу ч хэлэхгүй. Хүнд заримдаа зөвлөгөө биш, зүгээр л сонсох хүн хэрэгтэй байдаг.

-Та ямар хөгжим, хамтлаг, дуучин сонсох дуртай вэ?
Хөгжим их чухал. Ах нь хурд, Харанга, Хар сарнай зэрэг цоглог хөгжим сонсох дуртай. Сүүлийн үед хит болж байгаа хэмнэлтэй дуунууд ч сонсоно. Заримдаа өөрөө ая дагаад дуулчихна. Тэгэхээр зорчигчид инээгээд эхэлдэг.
– Сүүлийн үед шатахууны үнэ, хомсдол таксины үнэд нөлөөлж байна. Таны хувьд үнэ өөрчлөгдсөн үү?
– Наадмаас өмнө 2000 төгрөгөөр явдаг байсан. Одоо шатахууны үнэ, хомсдолтой холбоотойгоор 3000 төгрөгөөр явж байна. Жолоочид ч бас амьдралаа авч явах хэрэгтэй. Машин бензинээр явна, засвар үйлчилгээ гарна. Гэхдээ хүн бүрийн боломж адилгүй. Зарим нь "Ахаа, надад ийм хэмжээний мөнгө л байна. Та намайг гэрт хүргээд өгөөч” гэвэл би ойлгоно. Боломжтой бол хүргээд өгнө. Хүнээс мөнгө харахаасаа өмнө хүнийг нь харах хэрэгтэй гэж боддог.
– Таксины жолооч нарын тухай хүмүүс янз бүрээр ярьдаг. Таны бодлоор сайн жолооч гэж ямар хүнийг хэлэх вэ?
– Хурдан хүргэхээс илүү аюулгүй хүргэх нь чухал. Үйлчлүүлэгчтэй маргалдах хэрэггүй. Хүн ууртай байвал ууртай нь уралдаж болохгүй. Бас эмэгтэй хүн шөнө таксигаар явахдаа айдаг байж болно. Тэр айдсыг нь ойлгох хэрэгтэй. Хаана буухыг нь тодруулж, аль болох гэрэлтэй, аюулгүй газар хүргэж өгөх хэрэгтэй. Би өөрөө ч гэсэн хариуцлагаа ойлгодог. Хүн миний машинд суусан л бол би түүнийг гэрт нь аюулгүй хүргэж өгөх ёстой. Энэ бол жолооч хүний хамгийн эхний үүрэг.
– 62 насандаа одоо ч хөдөлмөрлөж, залуучуудтай хөл нийлүүлэн ажиллаж байгааг залуус хараад ямар сургамж аваасай гэж хүсдэг вэ?
– Амьдрал зогсохгүй гэсэн үг. Нас ахилаа гээд хүн амьдралаас гарах ёсгүй. Өглөө босоод хийх ажилтай, уулзах хүнтэй, сонсох хөгжимтэй, инээх шалтгаантай байхад хүн залуугаараа байдаг. Хүн өөрийгөө “би хөгширсөн” гэж дотроо хэлчихвэл тэр өдрөөсөө л хөгширнө.

– Таны хувьд “Ганган Хуягаа” гэдэг нэр одоо зүгээр нэг хоч биш болжээ. Цаашдаа хүмүүс таныг ямар хүн гэж дурсдаг байгаасай гэж хүсдэг вэ?
– “Сайхан хүн байсан” гэж л дурсвал болно. “Машинд нь суухад сэтгэл санаа сайхан болдог байсан. Инээлгээд буулгадаг байсан” шүү гэж л бодогдохыг хүснэ. Мин й ажил олон хүнтэй таарч, тэр нэн хүний амьдралд хоромын хугацаанд тааралддаг. Тэр хэдхэн минутыг нь муухай биш, сайхан өнгөрөөчихөөд, сэтгэлийг нь гоё болгочихоод салахыг хичээдэг. Тэр хүнтэй энэ амьдралд дахин таараа ч уу үгүй ч үү.
-Ярилцсанд баярлалаа












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм хүмүүс л нийгэмд хэрэгтэй сайхан уур амьсгал бий болгодог юм байна. Наснаас илүү хүний хандлага, сэтгэл, бусдыг хүндлэх чанар хамгийн үнэ цэнтэй гэдгийг өөрийн амьдралаар харуулж байна
62 насандаа хөдөлмөрлөж, бусдын сэтгэл санааг бодож явна гэдэг үнэхээр сайхан үлгэр дуурайлал байна. Ажил гэдэг нэр хүндээсээ биш, хийж байгаа хүний сэтгэлээсээ үнэ цэнтэй болдог юм байна
Хүний амьдралд хэдхэн минут тааралдсан ч сайхан сэтгэгдэл үлдээж чаддаг байх нь их зүйл шүү. Ганган Хуягаа ахын энэ хандлага олон залууд хэрэгтэй сургамж байна
Nas bol uneheer too yum bn, hunii setgel l hamgiin chuhal. Yamar ch ajliig golohgui hiij, busdad ineeмseglel uldeej yavna gedeg bol jinhene saihan amidral shuu
Хүний амьдралд хэдхэн минут тааралдсан ч сайхан сэтгэгдэл үлдээж чаддаг байх нь их зүйл шүү. Ганган Хуягаа ахын энэ хандлага олон залууд хэрэгтэй сургамж байна
Үнэтэй машин, гоё хувцаснаас илүү хүний сэтгэл гоё байх хэрэгтэй гэдэг нь хамгийн гоё санаа байна. Өөрөө хэлээд зогсохгүй амьдралаараа харуулж байгаа нь сайхан
Gangan Huyaa ah shig huntei taaraad neg heseg zam yvahad ch setgel sergeed irdeg baih daa. Hunii nas bish handlaga ni l busdad her ih nuluutei gedgiig haruulj bn
Шөнө орой ядарсан хүнийг их юм шалгаалгүй зүгээр л аяархан хөгжим тавиад сонсож өгдөг гэдэг нь их хүнлэг санагдлаа. Заримдаа хүнд үнэхээр зөвлөгөө биш сонсох хүн хэрэгтэй байдаг
Залуучууд ажил голохгүй хөдөлмөрлөж сурах хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Ямар ч ажлыг хийж байгаа хүнээс хөдөлмөрийн үнэ цэнэ, хандлага хоёр хамгийн түрүүнд харагддаг
Hunii setgeliig oilgoj, uurlasan hund uurlahgui, ailgaj boloh hunii aidasig oilgoj yavah ni zugeer neg jolooch bish hunii chanar yum daa
Энэ ахын ярилцлагаас нэг л зүйл тод үлдлээ. Амьдралд ямар ажил хийж байгаагаас илүү тэр ажлаа ямар сэтгэлээр хийж, эргэн тойрныхондоо ямар хүн байж чаддаг нь чухал юм байна
62 nas bol nasnii too l bn, harin setgel ni zaluuhan baij bolno. Ogloo bosood hiih ajil, sonsoh hugjim, uulzah hun, ineeh shaltgaantai hun hezee ch hugshirduggui yum bn
Хүнээс мөнгө харахаасаа өмнө хүнийг нь харах хэрэгтэй гэдэг үг их сайхан санагдлаа. Өнөө үед ийм энгийн боловч хүнлэг хандлага үнэхээр дутагдаж байна
Өөрийгөө цэвэрхэн авч явах, инээмсэглэх, бусдыг хүндлэх нь мөнгөтэй холбоогүй шүү дээ. Ганган Хуягаа ах үүнийг маш энгийнээр ойлгуулж байна
Yamar ch ajliig golohgui hiij surah heregtei gedeg ug odoogiin zaluu ued ih heregtei. Ajil hiij baigaa hunii ner hundiig ajil ni bish, handlaga ni todorhoildog yum shuu
Таксины жолооч гэдэг зөвхөн хүн хүргэж өгөх ажил биш, заримдаа хүний ядарсан өдрийн төгсгөлд хэдхэн минутын тайван орон зай болж чаддаг юм байна