УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзав

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа төгсгөлд Бенилюксийн Холбооны Улс буюу Бельги, Нидерланд, Люксембургт ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзсан юм.
Тэрбээр "Хоёр том гүрний дунд оршин байгаа манай улс гуравдагч хөршийн буюу олон талт бодлогыг хэрэгжүүлдэг. Ази тивдээ бид Япон, Солонгос, цаашлаад АНУ, Канад зэрэг улстай гуравдагч хөршийн харилцааг идэвхтэй хөгжүүлж байна. Манай улс Европын Холбооны улсууд, тэр дундаа Герман, Франц, Англитай нягт харилцаатай байсан. Энэ удаад Бенилюксийн орнуудтай харилцаагаа шинэ шатад гаргахаар айлчилж байна. 24 жилийн дараа хийж буй УИХ-ын даргын түвшинд хийж буй айлчлал нь холдсон харилцааг сэргээн хөгжүүлэх зорилготой" хэмээв.
УИХ-ын дарга С.Бямбацогт, “Монгол Улсын төрөөс барьж байгаа бодлого бол дэлхийн улс орнуудтай бүгдтэй нь ижил тэгш, найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, түүгээрээ дамжуулж улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулан хамгаалах юм. Дэлхийн хамтын нийгэмлэгийн байгууллагуудаас эхлээд улс орнуудтай дипломат харилцаа тогтоож, олон тулгуурт гадаад бодлогыг маш идэвхтэй явуулж байна. Энэ бол Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнол, аюулгүй байдалд чухал ач холбогдолтой.
Түүнчлэн дэлхий даяар тархан суурьшсан монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, оршин суугаа улс оронд нь таатай байх бодлого баримтлах нь гадаад харилцааны чухал бодлогын нэг. 2016 оноос хойш гадаадад амьдарч байгаа иргэддээ зориулж “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж 2024 онд дууссан. Энэ хөтөлбөр үр дүнтэй байсан учир “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийг 2025 онд шинэчлэн баталж хэрэгжүүлж эхлээд байна. Уг хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан гадаадад оршин сууж байгаа монгол иргэдийнхээ үндэсний нэгдмэл үнэт зүйлийг хамгаалах, эх хэл, соёлыг түгээх, өвлүүлэх зорилгоор соёл, урлаг, спортын зэрэг 300 гаруй үйл ажиллагааг зохион байгуулсан” гэлээ.
Тэрбээр Бельгид гурван монгол сургууль үйл ажиллагаа явуулж буйг сайшаагаад, Бенилексийн улс орнууд дахь 18 төрийн бус байгууллага нэгдсэн бодлогоор ажлаа үр дүнтэй явуулж эхэлсэнд баяр хүргэсэн юм.
Энэ удаагийн айлчлалын том зорилго нь Европын Холбооны Улсад зорчих визийг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг шинэ шатанд гаргах байсныг тэрбээр онцлон тэмдэглээд, айлчлалын үеэр хөндөж ярилцсан энэхүү асуудал тодорхой үр дүнд хүрснийг тодотгосон. Тодруулбал, Европын Парламентаас Монгол Улстай иргэдийн зорчих эрхийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг өнгөрсөн хавар Европын Комисст уламжилж, албажуулсан бөгөөд Люксембург, Бельгийн парламетын тэргүүнүүд албан ёсны айлчлалын үеэр Европын Холбооны түвшинд Монголын иргэдийн эрх ашгийг хамгаалах энэ асуудалд анхаарлаа хандуулж, шуурхайлан шат ахиулахад парламентын шугамаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн гэдгийг онцлон танилцуулсан юм.
Дараа нь Бельги дэх монголчуудын нэгдсэн холбооны тэргүүн асан Д.Баясгалан тус холбооны үйл ажиллагааны талаар танилцуулсан. Бельгийн Монголчуудын холбоо 2006 онд байгуулагдсан бөгөөд эх орон, ард түмний язгуур эрх ашгийг хамгаалж, түүх, соёлыг, хилийн чанадад түгээн сурталчлах, хүүхэд, залуучууддаа үндэсний язгуур өв соёлоо уламжлан өвлүүлэх ажлыг зохион байгуулж иржээ.

Бельги Улсад 2006 оноос эхлэн үндэсний их баяр наадмын арга хэмжээг хотын захиргааны болон Элчин сайдын яамны тусламж, дэмжлэгтэйгээр 20 дахь жилдээ амжилттай зохион байгуулжээ. 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн монголчуудын анхдугаар наадмыг, 2026 онд Гадаад харилцааны яамтай хамтран “Нүүдэлчин монголчууд” анхдугаар фестивалийг Бельгийн нийслэл Брюссель хотноо зохион байгуулсан ололт, амжилтаар дүүрэн буйгаа танилцуулсан юм.
Уулзалтад оролцсон иргэд гадаад оронд амьдарч буй иргэдэд тулгарч буй хүндрэл, төр, засгийн зүгээс хийж хэрэгжүүлэхийг хүсэж байгаа асуудлуудаа танилцуулж, УИХ-ын дарга болон УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн, Б.Мөнхсоёл, Г.Тэмүүлэн, М.Нарантуяа-Нара болон Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд нар хариулт өглөө.
Д.ХАДААН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.