Гадаад мэдээДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Томоохон эдийн засагтай орнуудын бондын өгөөж өсөхөд юу нөлөөлж байна вэ

АНУ, Герман, Япон зэрэг томоохон эдийн засагтай орнуудын засгийн газрууд бонд гаргах зардал олон арван жилд үзэгдээгүй өндөр түвшинд хүрээд байна. Бонд гаргах зардал өссөнд инфляцын өсөлт, АНУ бодлогын хүүгээ нэмнэ гэх хүлээлт үүссэн явдал болон эдгээр улсын өрийн хэмжээ нөлөөлжээ.

Бонд гаргах зардал буюу бондын өгөөж өндөр байх нь иргэд болон компаниудад учрах санхүүгийн дарамтыг нэмэгдүүлдэг сөрөг талтай. Үүнээс гадна улс орнуудын засгийн газруудын санхүү хүндрэх эрсдэлтэй юм. Томоохон эдийн засагтай орнуудад ийм нөхцөл байдал үүсэх болсон шалтгааныг харцгаая.

Бондын зах зээлд юу тохиолдоод байна?

Японы Засгийн газрын арван жилийн хугацаатай бондын өгөөж мягмар гарагт /2026.09.01/ 3 хувьд хүрсэн нь 1996 оноос хойш үзэгдсэн хамгийн өндөр түвшин болов.

Их Британийн Засгийн газрын 30 жилийн хугацаатай бондын өгөөж сүүлийн 30 жилийн хамгийн өндөр түвшинд хүрчээ. Харин Герман, Францын арван жилийн хугацаатай бондын өгөөж тус тус 2011, 2008 оноос хойш байгаагүй өндөр түвшинд байна.

АНУ-ын 30 жилийн хугацаатай бондын өгөөж ч наймдугаар сарын эхээр 2007 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн. Бонд худалдан авах нь багасаж, эрэлт буурснаар өгөөж нь нэмэгддэг билээ. Өөрөөр хэлбэл эдгээр орнуудын засгийн газрын бондын өгөөж өсөж байна гэдэг нь худалдан авалт буурч буйг илтгэнэ.

Ираны дайн хурцдаж, газрын тосны үнэ дахин өссөн нь бондын өгөөжийг улам өсгөж байна. АНУ-д инфляц Холбооны нөөцийн сангийн зорилтот түвшнээс өндөр хэвээр байгаа тул бодлогын хүүг нэмнэ гэх хүлээлт үүсээд байгаа юм. Энэ нь мөн бондын өгөөжид нөлөөлж буй. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Кевин Уорш бодлогын хүүг өндөр түвшинд хадгалах мессеж бүхий мэдэгдэл хийсэн нь бодлогын хүүг нэмнэ гэх хүлээлтийг улам өсгөв.

Үүнээс гадна томоохон эдийн засагтай орнуудын засгийн газруудын өрийн дарамт нэмэгдсээр байна. АНУ-ын нийт өр саяхан 40 их наяд ам.долларын босгыг давсан. Харин Германаас бусад “Их долоо”-гийн орнуудын өрийн хэмжээ ДНБ-ий 100 хувьтай тэнцэж эсвэл давжээ.

Зургийн эх сурвалж: Investopedia

Бондын өгөөж яагаад чухал вэ?

Бондын өгөөж өссөнөөр тухайн орны зах зээл дэх зээлийн хүүд шууд нөлөөлдөг. Үүнд засгийн газрууд бонд гаргаж зээл авахаас гадна орон сууцны зээл, оюутны зээл, автомашины зээл зэрэг зүйлс багтана. Хүү өсөхөөр иргэдийн зээл авч, мөнгө зарцуулах сонирхол буурч, улмаар эдийн засгийн өсөлт удаашрах эрсдэлтэй.

Тодруулбал АНУ-ын арван жилийн хугацаатай бондын өгөөж өссөн тул тус улсад 30 жилийн хугацаатай орон сууцны зээлийн хүү 6.7 хувьд хүрчээ. Энэ нь сүүлийн жилийн хамгийн өндөр түвшин юм.

Бондын өгөөж өссөөр байвал засгийн газрууд хугацаа нь дууссан бондоо дахин санхүүжүүлэхдээ илүү өндөр хүү төлөх шаардлагатай болно. Их Британид зээлийн хэмжээ болон бондын өгөөж нэмэгдсэний улмаас бондын хүүгийн төлбөр нь ДНБ-ий дөрөв орчим хувьд хүрсэн байна. Их Британийн төсвийн хяналтын байгууллага гуравдугаар сард мэдээлэхдээ энэ нь цар тахлаас өмнөх арван жилийн дунджаас хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Одоо тус улс бондын хүүгийн төлөлтдөө батлан хамгаалахын салбартаа төсөвлөдгөөс их мөнгө зарцуулж байна.

Бондын өгөөж өсөж буй нь санхүүгийн бусад салбарт ч нөлөөлнө. Онолын хувьд бондын өгөөж өндөр байх тусам хөрөнгө оруулагчид хувьцаа худалдан авах сонирхол нь буурдаг. Гэхдээ компаниудын ашиг сайн байгаа учраас хувьцааны зах зээл одоогоор тогтвортой байгаа юм.

Засгийн газар, төв банкнууд ямар арга хэмжээ авч чадах вэ?

АНУ-ын өр болон бондын өгөөж нэмэгдсэнд хүмүүс санаа зовниж байгаа нь АНУ-ын хүчирхэг эдийн засгийг үл тоомсорлосон хэрэг гэж үзэж буйгаа Сангийн сайд Скотт Бессент мэдэгдсэн юм.

АНУ-ын Сангийн яам саяхан засгийн газрын бондоо эргүүлэн худалдан авах хөтөлбөр зарласан. Шинжээчдийн үзэж буйгаар энэ нь өгөөж нэмж өсөхөөс сэргийлэх зорилготой арга хэмжээ юм. Энэ арга хэмжээ эхэндээ зах зээлийг тогтворжуулах нөлөө үзүүлсэн ч урт хугацаатай бондын өгөөж дараа нь дахин өсөж эхэлсэн. Үүнтэй адил засгийн газрууд бондоо эргүүлэн худалдан авч болох юм.

Зах зээлд ноцтой хүндрэл үүссэн тохиолдолд төв банкнууд мөн бонд худалдан авч нөхцөл байдлыг тогтворжуулж болно. 2022 онд Их Британийн Засгийн газар төсвөө танилцуулсны дараа санхүүгийн зах зээлд нь хямрал үүссэн. Английн Төв банк тухайн үед засгийн газрынхаа бондыг худалдан авч байжээ.

Европын Төв банк мөн шаардлагатай тохиолдолд гишүүн орны засгийн газрын бонд худалдан авах боломжтой. Тус банк бондын эмх замбараагүй байдлаар өсөхөөс сэргийлэх зорилготой зах зээл хамгаалах хэрэгсэлтэй юм. Гэхдээ тусламж авах гэж буй улс Европын Холбооны төсвийн дүрмийг мөрдөж байх шаардлагатай.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бондын өгөөж өснө гэдэг зүгээр нэг санхүүгийн үзүүлэлт биш, эцэстээ иргэдийн зээлийн хүү, хэрэглээ, бизнесийн хөрөнгө оруулалтад шууд дарамт болж ирдэг

Зочин
Зочин

Өр нь нэмэгдээд, инфляц өндөр хэвээр, дээрээс нь хүү өсөх хүлээлттэй бол бондын эрэлт буурах нь аргагүй л дээ. Том эдийн засаг ч гэсэн өрийн дарамтаас ангид биш

Зочин
Зочин

Bondiin uguuj usuj bga ni zasgiin gazruudiin zeel avah zardal nemegdej bga gesen ug. Udaan hugatsaand ur ni ihtei ulsuudad ene nileen hund tusna

Зочин
Зочин

АНУ шиг эдийн засгийн аварга улс хүртэл 40 их наяд долларын өртэй болсон нь дэлхийн санхүүгийн системд ямар их дарамт хуримтлагдсаныг харуулж байна

Зочин
Зочин

Инфляцыг дарах гэж хүүгээ өндөр байлгахаар эдийн засгийн идэвх суларна, харин хүүгээ бууруулахаар инфляц дахин сэдэрч магадгүй. Төв банкуудын ажил үнэхээр амаргүй байна

Зочин
Зочин

Японы 10 жилийн бонд 3 хувьд хүрсэн гэдэг өөрөө том дохио юм байна. Олон жил хэт бага хүүтэй явсан эдийн засагт ийм өөрчлөлт маш хүчтэй нөлөөлөх байх

Зочин
Зочин

Bondiin uguuj nemegdehed irgediin bairnii zeel, mashinii zeel geed buh zuil deer huu nemegdeh ersdeltei. Ene bol zugeer Wall Street-iin asuudal bish

Зочин
Зочин

Өрийн хэмжээ нь ДНБ-тэйгээ харьцуулахад хэт өндөр болсон улсуудад бондын өгөөж өсөх нь ирээдүйн төсөвт улам их хүүгийн дарамт үүсгэнэ. Нэг ёсондоо өрөө өрөөр нөхөх цикл рүү орно

Зочин
Зочин

Газрын тосны үнэ өсөхөөр инфляц нэмэгдэх эрсдэлтэй, инфляц нэмэгдэхээр төв банк хүүгээ бууруулахгүй. Тэгэхээр бондын өгөөж өндөр хэвээр байх нь логиктой

Зочин
Зочин

Манайхан долларын ханш, нүүрсний үнэ ярьдаг ч дэлхийн бондын зах зээлийн өөрчлөлт Монголд ч нөлөөлнө гэдгийг анзаарах хэрэгтэй. Олон улсын мөнгөний өртөг өсөхөөр бидний санхүүжилт ч хямдрахгүй

Зочин
Зочин

Bond hudaldaj avah hun bagasahaar uguuj ni osdog gej oilgoj boloh yum bn. Harin ene ni zeeliin huund damjaad irgediin amidrald hurdan medregdene

Зочин
Зочин

Засгийн газар бондоо эргүүлэн худалдаж аваад түр зуур тогтворжуулж болох ч үндсэн асуудал нь өр, инфляц, төсвийн сахилга бат хэвээрээ үлдвэл урт хугацаанд шийдэл болохгүй

Зочин
Зочин

Их Британийн бондын хүүгийн төлбөр батлан хамгаалахын төсвөөсөө давсан гэдэг үнэхээр анхаарах тоо байна. Өр өндөр байх тусам төсвийн сонголт улам хумигдана

Зочин
Зочин

Tom ediin zasag ch gesen mungiig unegui zeeldeg tsag duussan yum shig bn. Ur ihtei ulsuud odoo tosovt zardlaa yaj zohitsuulah ni hamgiin tom asuudal bolno

Зочин
Зочин

Бондын өгөөж өсөх нь хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт илүү өндөр өгөөж шаардаж эхэлж байгаагийн нэг илрэл. Үүнийг хувьцааны зах зээл ч удахгүй мэдэрч болно

Зочин
Зочин

АНУ-ын орон сууцны зээлийн хүү 6.7 хувь болсон нь бодит амьдрал дээр ямар нөлөөтэйг харуулж байна. Төв банкны шийдвэр хэдэн мянган км-ийн цаана байсан ч иргэдийн амьдралд хүрдэг

Зочин
Зочин

Bondiin zah zeel deerh uguuj osolt bol delhiin ediin zasag amarhan bish bolj bgaagiin neg dohiо. Ur, inflyats, dain, tosnii une bugd neg dor nuluulj bn

Холбоотой мэдээ

Back to top button