Хойд Солонгос, ОХУ хил дамнасан анхны гүүрээ нээжээ
Даваа гарагт /2026.09.07/ ОХУ, БНАСАУ нар хил дамнасан анхны гүүрээ нээсэн байна. ОХУ-ын зүүн хязгаарт орших Хасан болон БНАСАУ-ын Туманганыг холбосон нэг километрийн урт тэрхүү гүүр нь Түмэн голыг гатладаг юм. Гүүрний нээлтийн ёслолд ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин цахимаар үг хэлэхдээ, тус гүүр аялал жуулчлал зэрэг олон салбарын хөгжлийг дэмжиж ажлын байр бий болгоно гэжээ.
Гүүрийг Зөвлөлтийн офицер Яков Новиченкогийн нэрээр нэрлэсэн байна. Түүнийг Хойд Солонгосын үүсгэн байгуулагч Ким Ир Сэнийг Өмнөд Солонгос хөнөөх гэсэн оролдлогоос аварсан гэдэг. Тус гүүрнээс гадна ОХУ болон БНАСАУ нь Түмэн гол дээгүүр төмөр заман гүүртэй. Мөн Владивосток, Пёньяны хооронд тогтмол нислэгтэй болсон юм.
Украины хүний эрхийн байгууллагууд тус гүүр хоёр улсын хооронд зэвсэг, цэрэг тээвэрлэх коридор болгон ашиглах зорилготой байж магадгүй гэж үзэж байна. 2022 онд ОХУ Украин руу довтолж, дайн эхлүүлсний дараа ОХУ, БНАСАУ-ын харилцаа ойртсон. Тухайлбал Хойд Солонгос олон мянган цэрэг ОХУ руу илгээсэн юм. Үүний хариуд ОХУ Хойд Солонгост агаарын довтолгооноос хамгаалах пуужин, электрон дайны тоног төхөөрөмж, дрон, тагнуулын хиймэл дагуул зэрэг технологи нийлүүлсэн гэж мэргэжилтнүүд үздэг.

2024 онд Хойд Солонгос ковидоос хойш анх удаа жуулчин хүлээн авч эхэлсэн нь ОХУ-ын иргэд байсан юм. Тус жилээс хойш олон мянган Орос жуулчин Хойд Солонгос аялжээ. Москва тоталитар дэглэмтэй оронтой харилцаагаа улам бүр ойртуулж буйд оросууд хүртэл гайхширах болсон байна.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “RBC” агентлагтай ярилцлага хийсэн юм. Тус ярилцлагын үеэр сэтгүүлч ОХУ хэрхэн Иран, БНАСАУ гэдэг хоёрхон холбоотон оронтой болсныг асуужээ. Лавров үүнд хариулахдаа, ийм улсуудтай хамтран ажиллахад буруу зүйл байхгүй гэсэн юм.
Харин ОХУ-ын уламжлалт түншүүд ямар учраас Украины дайн үргэлжилж буйд сэтгэл зовж буйгаа илэрхийлж эхэллээ. Тодруулбал Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев долоодугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахдаа олон орны удирдагч ОХУ яагаад одоо хүртэл дайныг үргэлжлүүлж байгаад гайхаж эхэлсэн гэсэн байна.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.