Apple анхны эвхдэг iPhone-оо танилцууллаа

Apple компани анхны эвхдэг утсаа iPhone Duo нэрээр /2026.09.09/-нд танилцууллаа. Үнэ 1,999 ам.доллараас буюу 7.2 сая төгрөгөөс эхэлнэ. Урьдчилсан захиалгыг аравдугаар сарын 16-нд авч эхэлж, худалдаанд 23-нд гаргана. Загвар 256, 512 гигабайт, 1, 2 терабайтын дотоод багтаамжтай.

Утас дэлхийн бүх зах зээлд зөвхөн eSIM-тэй гарна. Сим карт хийх суурьгүй тул хэрэглэгч операторынхоо eSIM үйлчилгээнд заавал холбогдоно.
Их биеийг 5-р зэрэглэлийн титанаар хийж, толь мэт өнгөлжээ. Нугасны бүрхүүлийг гурван хэмжээст хэвлэлтээр үйлдвэрлэсэн. "iPhone Duo бол анхны iPhone-оос хойших хамгийн том өөрчлөлт" гэж Apple-ын гүйцэтгэх захирал Жон Тернус мэдэгджээ.

Нээхэд дотор талын дэлгэц 7.6 инч болно. Энэ нь iPhone 18 Pro Max-ынхаас 50 хувь том талбайтай. Хаахад гадна талын 5.4 инчийн дэлгэц iPhone 18 Pro-гийн дэлгэцийн талбайн 90 хувийг эзэлнэ. Хоёр дэлгэцийн харьцаа ижил учир харьцаа алдалгүй адил хэмжээгээр томорч, жижигрэнэ. Хоёулаа ProMotion, Always On горимтой, гадаа 3000 нит хүртэл гэрэлтэнэ. Нано бүтэцтэй бүрхүүл гэрлийн тусгалыг бууруулж, нугасны ором бараг мэдэгдэхгүй болгожээ.
Нугас 100 гаруй эд ангиас бүрдэх ба дэлгэцийг дунд хэсгээс нь түшиж, нээх, хаах хөдөлгөөнийг жигд болгодог. Гадна дэлгэцийг Ceramic Shield 2 бүрхүүл хамгаалах бөгөөд сэв зураас тэсвэрлэх чадвар нь өмнөх үеийнхээс гурав дахин сайжирсан. Ар талд Ceramic Shield суулгажээ. Утас тоос, усны IP68 зэрэглэлийн хамгаалалттай. Дотор дэлгэцийн доор титан ялтас тавьж, эвхэгддэг давхаргуудыг ном шиг гулсуулах наалт ашигласнаар нугарах ачааллыг багасгасан байна.
Дотор нь iPhone 18 Pro-гийнхтэй ижил A20 Pro процессор суулгасан. Хоёр нанометрийн технологиор үйлдвэрлэсэн энэ процессорын тогтвортой ажиллах чадвар iPhone 17 Pro-гийнхоос 35 хувь хүртэл дээшилжээ. Уурын хөргөлтийн хэсгийг процессортой шууд холбож, дулааныг татдаг болгосон. Их биеийн хоёр талд нэг нэг батарей байрлана. Дотор дэлгэцээр 31 цаг видео үзнэ, гадна дэлгэцээр 44 цаг. Хоёуланг тэнцүү ашиглавал нэг цэнэгээр 24 цаг ажиллана. Кабелиар цэнэглэхэд 20 минутад 50 хувь цэнэглэгдэнэ.

Үндсэн камер 48 мегапикселтэй. Дотор нь оптик чанараар хоёр дахин ойртуулах телефото багтжээ. Хэт өргөн камер нь iPhone 18 Pro-гийнхтэй ижил, мөн 48 мегапиксел. Эвхдэг бүтэц нь өөр iPhone дээр байхгүй боломж нээсэн. Ар талын илүү чанартай камераар селфи авахад гадна дэлгэц дүрсийг харуулах тул зураг авахуулж буй хүн байрлалаа өөрөө хянана. Smart Take горим орчныг хиймэл оюунаар ажиглаж, хүмүүс байрлалаа олсон агшинд зургийг өөрөө дардаг. Хүүхдийн анхаарлыг татахаар гадна дэлгэц дээр Peanuts хүүхэлдэйн киноны дүрс тоглуулах Kid Cue горим ч бий.

iOS 27 үйлдлийн системийг энэ загварт тохируулан өөрчилжээ. Split View горимоор iPhone дээр анх удаа хоёр программыг зэрэг нээж ажиллуулна. Dynamic Island хэсэг дэлгэцийн хажуу талд босоо байрлана. Netflix, Zoom, Slack зэрэг программ том дэлгэцэд тохирсон хувилбараа гаргасан байна. Хиймэл оюунаар ажиллах Siri AI туслах есдүгээр сарын 14-нд туршилтын журмаар нээгдэх ч дэмжигдэх хэлний жагсаалтад монгол хэл ороогүй. Энэ оны сүүлээр Apple Pencil-ийн дэмжлэг нэмэгдэнэ.

Дагалдах хэрэгслээс хөл суурьтай iPhone Duo Folio 129, хоёр хэсгээс бүрдэх iPhone Duo Case 79 ам.доллартай. Хоёуланг аравдугаар сарын 16-наас захиалж болно.
Австрали, Бразил, Герман, Энэтхэг, БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, Их Британи, АНУ зэрэг 70 гаруй улс, бүсэд урьдчилсан захиалга нээгдэнэ. Бусад 28 улсад аравдугаар сарын 30-наас худалдаанд гарна.
Эх сурвалж: Apple Newsroom




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МУИС, МУИС л гээд байсан. Энэ их сургууль чинь дунд сургууль болчихсон юм байна лээ ш дээ. Байгалийн ухааны сургууль руу нь яваад орсон. Манай хүүхдийн дунд сургуулийн физикийн багш нь захирал нь гээд сууж байх юм. Математикийн хичээл гэсэн чинь дунд сургуулийнх нь математикийн багш нь математикийн тэнхимийн багш гээд байж байх юм. Энх-Амгалан сайд аа, энэ их сургуулиа анхаараач ээ. Дунд сургууль болчихсон байна ш дээ, энэ их сургууль чинь.