“Apple” компани “Samsung”, “Huawei”-ээс долоон жилийн дараа эвхэгддэг утас танилцууллаа
“Apple” компани Улаанбаатарын цагаар лхагваас пүрэвт шилжих шөнө iPhone-ий шинэ загваруудаа танилцуулсан байна. Шинэ загваруудаас хамгийн анхаарал татаж буй нь iPhone Duo нэртэй эвхэгддэг утас байв. iPhone Duo нь эвхэгдсэн үедээ 13.7 сантиметр хэмжээтэй бол дэлгэгдэхдээ 19.3 сантиметр дэлгэцтэй болдог юм. Энэхүү загвар нь iPhone 18 Pro Max-аас хоёр дахин их дэлгэцийн талбайтай байна. Ингэснээр “Apple” компани “Samsung”, “Huawei”-ээс долоон жилийн дараа эвхэгддэг гар утас танилцууллаа.
iPhone Duo нь “Apple” 2017 оноос хойш ухаалаг утасны загвартаа гаргасан хамгийн том өөрчлөлт болж байна. “Apple” 2017 онд iPhone-ийг анх танилцуулсны арван жилийн ойг тохиолдуулан X нэртэй загвараа гаргахдаа home-button-оо хасаж томоохон шинэчлэл хийсэн байдаг. Энэ удаагийн танилцуулах арга хэмжээг шинэхэн гүйцэтгэх захирал Жон Тернус явуулсан нь бас нэгэн онцлох үйл явдал боллоо. Танилцуулах арга хэмжээний үеэр гүйцэтгэх захирал асан Тим Күүк Тернуст удирдлагыг шилжүүлэн өгч буйгаа илтгэн “Би биш ээ, та нарын хүлээгээд байгаа залуу энэ байна” гэж хэлжээ.
Тернус iPhone Duo-г хэрэглэгчийн нууцыг хадгалахад анхаарч бүтээсэн хувийн хиймэл оюун ухааны төв гэж тодорхойлсон байна. Тэр “Үнэнийг хэлэхэд та хувийн мэдээллээ өөрийн хүслээр хянаж чадахаа болих үед итгэл алдагддаг. Тийм учир Apple Intelligence боломжтой бүх үедээ зөвхөн утсан дээр л ажилладаг” гэсэн юм. Үнийн хувьд iPhone Duo нь 1,999-3,199 ам.доллароор худалдаалагдана.
“Apple”-ийн гүйцэтгэх албан тушаалтнууд iPhone Duo-гоос гадна iPhone 18 Pro, iPhone 18 Pro Max загваруудыг танилцуулжээ. Үнийн хувьд iPhone 18 Pro нь 1,199 ам.доллароос эхэлж байгаа бол iPhone Pro Max 1,299 ам.доллароос эхэлж худалдаалагдах юм. Эдгээр загваруудын эхлэх үнэ iPhone 17-гоос 100 ам.доллароор өндөр байна.

“Apple” энэ жилээс эхлэн шинэ загвар танилцуулах арга хэмжээндээ өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтийн хүрээнд ирэх хавар илүү хямд үнийн сонголт бүхий iPhone-ий загваруудаа танилцуулах төлөвтэй байгаа юм.
Эх сурвалж: Korea Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.