"Их говийн манаач" бүтээл Сөүлийн олон улсын кино наадмаас “Last Stand” шагнал хүртлээ

Нийгмийн ухамсар, хүний эрх, энх тайван, ардчиллын сэдэвт уран бүтээлүүдийг онцолдог Сөүлийн олон улсын “Вистлер” кино наадмаас найруулагч Э.Ган-Очир, продюсер Ж.Мядагбадам нарын "Их говийн манаач" баримтат кино “Last Stand” буюу "Эцсээ хүртэл тэмцэх цайз" хэмээх ээлжит нэгэн шагналаа хүртлээ.
БНСУ-ын нийслэл Сөүл хотноо гурав дахь удаагаа болж буй “Whistler” буюу "Шүгэл үлээгч" хэмээх кино наадам 2026 оны аравдугаар сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Нийгмийн шударга ёс, байгаль хамгаалал, уур амьсгалын бодит өөрчлөлтийн төлөө зоригтойгоор дуу хоолойгоо хүргэж алдаж гээгдсэн баримт, нуугдаж дарагдсан үнэнийг олон нийтэд илчлэн харуулдаг уран бүтээлчдийг онцолдог юм.
Энэ удаагийн наадамд 18 орны 47 бүтээл шалгаран оролцож байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн "Их говийн манаач" баримтат кинонд олгосон “Last Stand” хэмээх шагналыг эрх мэдэл, заналхийлэл, дарангуйлал болон шударга бус байдлын эсрэг сөрөн зогсож, өөрийн зарчимд үнэнч байж, эх дэлхийгээ эцсийн мөч хүртэл бууж өгөлгүй хамгаалан тэмцэж буй хүмүүсийн түүхийг харуулсан бүтээлд хүртээдэг тухайгаа зохион байгуулагчид онцоллоо.
Нийгмийн асуудлын төлөө эцсийн мөч хүртэл дуу хоолойгоо хүргэж буй тэмцэгчид, иргэний нийгмийн хөдөлгөөний тухай баримтат болон уран сайхны бүтээлүүд, мөн онгон дагшин байгаль, зэрлэг амьтан болон хүн хооронд үлдсэн сүүлчийн зааг хязгаарыг хадгалан үлдэхийн төлөө тэмцэж буй бодит дүрүүдийг харуулсан бүтээлүүд энэ номинацид нэр дэвшин өрсөлддөг байна.
Энэ жилийн “Whistler” кино наадмын "Эцсээ хүртэл тэмцэх цайз" хэмээх шагналыг найруулагч Э.Ган-Очир, продюсер Ж.Мядагбадам нар дэлхийд нэн ховор мазаалай баавгай болон говийн экосистемийн тухай өгүүлдэг "Их говийн манаач" бүтээлээрээ ийнхүү хүртлээ.
Шагналыг модон өргөмжлөл, мөнгөн шагнал дагалддаг бөгөөд өргөмжлөлийн түүх нь ихээхэн гүнзгий утга учир, үнэ цэнтэй аж. Тодруулбал, 2014 онд "Севоль" (Sewol) гатлага онгоцны аймшигт сүйрлээр хүүхдүүдээ алдсан эцэг, эхчүүдийн үүсгэн байгуулсан “4·16 희망목공소” модон урлалын цехэд энэхүү өргөмжлөлийг хийдэг байна. Өргөмжлөлийг хийхдээ өгөршиж булгарсан, унаж хатсан мод ашигладаг нь "Үхсэн модод шинэ амьдрал бэлэглэж, сүйрлийн айдсыг шинэ ирээдүй, аюулгүй нийгмийн төлөөх тэмцэл болгон хувиргах" бэлгэдлийг агуулдаг байна.
Эх байгалиа хамгаалах үйлсэд дэлхий нийтийг уриалж буй “Их Говийн манаач” баримтат кино 2026 оны нэгдүгээр сард Говийн Их Дархан Цаазат Газрын түүхт 50 жилийн ойд зориулан нээлтээ хийсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд дараах амжилтуудыг үзүүлээд байна. Тухайлбал,
- Британид 2026 оны наймдугаар сард зохион байгуулагдсан “MegaFlix” олон улсын кино наадмын “Шинжлэх ухаан болон байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарсан.
- АНУ-д мөн өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулагдсан “Angeles Documentary” олон улсын баримтат киноны наадмын “Шилдэг зураглаач”-аар шалгарсан юм.
- Бангкокийн кино наадмаас “Кино шүүмжлэгчдийн нэрэмжит шилдэг баримтат кино”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг эмэгтэй уран бүтээлч”, “Шилдэг гэрэл зураг”, “Шилдэг зураглаач”-аар шалгарав.
- Болгар улсын нийслэл Софи хотноо 2026 оны тавдугаар сард зохион байгуулагдсан “Golden FEMI” олон улсын кино наадмаас “Алтайн Өвөр Говийн Алтан Мазаалай” алтан цом хүртсэн түүхтэй.
- БНСУ-ын Бусан хотноо зохиогдсон “Монголын кино өдрүүд”-ийн нээлтийн киногоор мөн шалгарч байв.
Түүнчлэн "Их Говийн манаач” бүтээл ирэх сард болох Энэтхэгийн кино наадам болон Бээжингийн кино наадмын "Official Selection" хэсэгт шалгарч, олон орны шилдэг бүтээлтэй өрсөлдөхөөр болсон билээ.
Р.БОЛОР















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.