НИЙГЭМНийгэм мэдээ

Хэнтий аймгийн малчны гэрийг баавгай сүйтгэжээ

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Чулуут багт өвөлжөөндөө байсан малчны гэрт баавгай халдаж, гэрийг нь сүйтгэжээ. Улмаар гэрийн эзэд дахин баавгайд халдуулах вий гэсэн айдастай, гэр оронгүй нөхцөлд үлдсэн байна. Иргэний мэдээлснээр, тэрбээр 2026 оны аравдугаар сарын 19-нд Улаанбаатар хот руу ажлаар явж, аравдугаар сарын 21-ний өдрийн 14:00 цагт өвөлжөөнд байсан гэрийг нь баавгай сүйтгэсэн болохыг мэджээ.

Тэр даруй Онцгой байдлын байгууллагад мэдэгдсэн бөгөөд алба хаагчид очиж шалгаад жижиг баавгай байсан гэх тайлбар өгч буцсан байна. Гэвч тухайн өдрийн 18:00 цагийн үед Хэнтий аймагт байсан дүү нар нь очиж шалгахад том баавгай сүйтгэсэн гэрийнх нь үүдэнд хэвтэж байжээ. Иймээс дахин холбогдох байгууллагад мэдэгдсэн ч шуурхай арга хэмжээ авч чадахгүй байгаа талаар иргэн гомдол гаргасан байна. Тэрбээр баавгайг зөвхөн агнах зөвшөөрөлтэй хүн буудах боломжтой бөгөөд

Хэнтий аймагт ийм зөвшөөрөлтэй гурван хүн байдаг гэх мэдээлэл авсан ч тэднийг хөдөлж өгөхгүй байгаа талаар ярьжээ. Харин иргэд өөрсдөө буудсан тохиолдолд торгууль, ял шийтгэл хүлээх эрсдэлтэйг тайлбарласан хэмээн мэдээлсэн байна.

Мөн гэр нь сүйдсэн тохиолдолд олгох нөхөн олговор 1.2 сая төгрөг байдаг гэх мэдээлэл авсан ч энэ мөнгөөр шинэ гэр авч хүрэхгүй аж. Тэрбээр “Эд хөрөнгө яах вэ, амьд мэнд үлдсэн нь л болж. Гэтэл дахин дайрах эрсдэлтэй нөхцөл байдалд байна. Өөрсдөө ч арга хэмжээ авч болохгүй, холбогдох байгууллагаас ч тусламж авч чадахгүй байгаад гомдолтой байна. Аравдугаар сарын 22-нд гадаа цас орж байхад гэр оронгүй болсон бид яах вэ. Гэрээ дахин барихаас ч айж байна” хэмээн ярьжээ. Хүн, зэрлэг амьтны зөрчил нь иргэдийн амь нас, аюулгүй байдал, эд хөрөнгөд эрсдэл учруулж болзошгүй тул тухайн нөхцөл байдлыг холбогдох байгууллагууд хэрхэн шийдвэрлэсэн, иргэдийн аюулгүй байдлыг хангах ямар арга хэмжээ авсан нь анхаарал татаж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button