Шатахуун түгээж буй станцуудад өнөөдрөөс улсын байцаагчдыг томилон ажиллуулна
Шатахууны шуурхай штабын хуралдаанаар сүүлийн өдрүүдэд үүсээд буй шатахууны түгээлт, шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаа болон замын хөдөлгөөний ачаалалтай холбоотой асуудлыг хэлэлцэж, шуурхай арга хэмжээ авч ажиллах шийдвэр гаргалаа.
Шалгалтаар зарим шатахуун түгээх станц шатахууны үлдэгдэлтэй атлаа олголтоо дур мэдэн зогсоосон асуудал илэрсэн. Үүнтэй холбоотойгоор үлдэгдэл шатахууныг иргэд, жолооч нарт хэвийн олгуулах арга хэмжээ авч ажиллана.
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт тавих, иргэдэд бодит мэдээлэл хүргэх, олголтыг хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Шатахуун түгээж буй станцуудад өнөөдрөөс улсын байцаагчдыг томилон ажиллуулж, олголт, түгээлтийн үйл ажиллагаанд хяналт тавих;
- Шатахууны үлдэгдэл, олголтын мэдээллийг Benzin.mn сайтад үнэн зөв, цаг тухайд нь шинэчилж, иргэдийг бодит мэдээллээр хангах;
- Шатахууныг боломжит түгээх хошуугаар зэрэг, тасралтгүй олгож, шаардлагатай станцуудын ажиллах цагийг 24 цаг болгон зохион байгуулах;
- Талоноор шатахуун олгож буй асуудлыг шалгаж, олголтыг шуурхай, хүртээмжтэй зохион байгуулах;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тэдний асран хамгаалагчдад дараалал харгалзахгүй үйлчилж, холбогдох байгууллагаас байцаагч томилон хяналт тавиулах.
Түүнчлэн шатахууныг дамлан худалдаалах зөрчлийг таслан зогсоож, аж ахуйн нэгжүүд дотоод хяналт, зохион байгуулалтаа сайжруулахыг үүрэг болголоо. Түгээгч, эрхлэгч нар хууль бус борлуулалтад оролцсон нь тогтоогдвол хөдөлмөрийн хууль тогтоомж, холбогдох журмын хүрээнд хариуцлага тооцох шаардлагатайг анхааруулав.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улс өөрөө шатахуун нөөчлөөч дээ.