Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа хэн юу хэлэв?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өгсний дараа УИХ-ын гишүүд, эдийн засагчид ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.
Сангийн сайд З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашиг орж ирэх тутамд иргэдэд олгох чиглэлийг Ерөнхийлөгч өчигдөр Засгийн газарт өгсөн учраас Баялгийн сангийн тухай хуулиа өөрчлөхөөр болж байна. Мэдээж ₮3 их наядыг бэлнээр тараахад инфляц нэмэгдэнэ. Гэхдээ Засгийн газар ард иргэдийнхээ амьдрал хүнд байгаа энэ цаг үед аль болохоор гарц шийдэл гаргахын төлөө нөгөө талтайгаа хэлэлцээ хийнэ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Хүмүүсийн амьдрал хэцүү байгаа учраас мөнгөө авъя гэх санал гаргасан. Гэвч авъя гэхээр хууль нь байхгүй. Татвар төлөгчдийн мөнгийг хэн нэгэн гарч ирээд "Санта" шиг тараах нь буруу шүү.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Эцэст нь бүх онооны нийлбэр Ерөнхийлөгч дээр очоод наалдчих нь энэ. “Орлогоо нотлох” ёстой байсан Ерөнхийлөгчийн нэр хүнд суга өснө. Хууль зөрчөөд дахиад дэвшсэн ч гарахаар болчихлоо. Үүнийг хүчиндэж хийдэг “хүчний улс төр” гэмой. Юун нөгөө Бага тэнгэр дэх хаус маус, Тэрэлж дэх жуулчны бааз мааз… тийм биз дээ. "Орлогоо нотло” цуглааныхан Ерөнхийлөгчийг магтаад эхнээсээ дарга цэрэг болоод гангарч байна даа".
УИХ-ын гишүүн Б.Түвшин: Баялгийн сангийн хуулийг хөндөхгүй байх АН-ын байр суурь хэвээрээ. Мөнгөтэй болохоороо л Баялгийн сангийн хуулиа өөрчлөх гээд байвал маш буруу. Бэлэн мөнгө тараах нь сайн бодлого биш. Зах зээлд бэлэн мөнгө ихээр орж ирэхэд төгрөгийн ханш унаж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляц нэмэгддэг учраас эдийн засагчид дургүйцдэг.
УИХ-ын гишүүн Б.Заяабал: Зах зээлд ₮1 их наядын бэлэн мөнгө орж ирэхэд л инфляцад 0.3-0.5 хувийн нөлөө үзүүлдэг. Ногдол ашгийг бэлнээр тараавал 2000-ын талх 5,6 мянга болж өснө.
Ж.Золжаргал: Баялгийн сангийн хуулийнхаа дагуу төрийн өмчит компанийн ногдол ашгийг Хуримтлалын сандаа төвлөрүүлж, иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулах нь зүйтэй гэдэг байр суурийг би анхнаасаа хэлж байсан. Ерөнхийлөгч команд өгөхөөр ярс гээд ёсчлон биелүүлдэг юм байхгүй. Төрийн тэргүүнд санал гаргах эрх нь бий. Засгийн газарт хуулиа өөрчлөх төсөл оруулж ирэх эрх нь ч бий. УИХ ч түүнийг нь батлах, эсэхээ шийдэх бүрэн эрхтэй. Түүнээс биш хэн нэгэн зүүдэлж босож ирсэн юм шиг дураараа байж таарахгүй.
Эдийн засагч Н.Энхбаяр: "Цалин, тэтгэвэр нэм. Бэлэн мөнгө тарааж өг" гэж шаардчихаад ирэх жил "Үнийн өсөлт дийлдэхээ байлаа" гэж гомдоцгоов доо.
Л.АРГАМЖИН









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Байгалийн баялагийнхаа үр шимээр бий болсон хэдэн цаасаа бүгдээрээ хувааж идээд байвал энэ улс орон хэзээ ч хөгжихгүй, улны амьдралаасаа хэзээ ч өөдлөхгүй, дотоодын нийт бүтээгдэхүүн нэг л их өссөн нэртэй ч ард түмний амьдрал ядуу хэвээрээ л дуусна даа. Улс орныг өөд нь татах хэдэн том үйлдвэр барих хэрэгтэй, түүнд ажиллах ИТА, ажилчдыг бэлтгэх хэрэгтэй. Тэгэж байж л ДНБ-ний өсөлт жинхэнээрээ ард түмний халаасанд мөнгө болон орж, амьдрал ахуй дээшлэнэ шүү.
Солиотой юм уу орон гаран юм уу