НИЙГЭМНийгэм мэдээ

“Гэрт ойрхон сургууль – хамгийн сайн сургууль” арга хэмжээний хэрэгжилтийг хэлэлцэв

УИХ-ын Төсвийн хяналтын байнгын хорооны хэлэлцүүлгээр “Гэрт ойрхон сургууль – хамгийн сайн сургууль” арга хэмжээний хэрэгжилт, сургуулийн түрээсийн санхүүжилт болон төсвийн тодотголтой холбоотой асуудлаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан: “Хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургууль, “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийг энэ оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн үр дүнтэй танилцахын тулд байнгын хорооны гишүүдийг 21 хотхоны бага сургуульд очиж, үйл ажиллагаатай нь газар дээр нь танилцахыг хүсэж байна. Ачаалал хэтэрсэн сургуулийн 60 мянган хүүхдэд гэртээ ойр сургуульд суралцах боломж бүрдүүлж, сургалтын орчныг сайжруулсан. Нийслэлд 21 жишиг хотхоны бага сургууль байгуулж, одоогоор 8600 сурагч суралцаж байна.

Тухайн бүлгийн дундаж дүүргэлт 40-45 хүүхэд болж буурсан бол хотхоны бага сургуулийн нэг ангийн дүүргэлт дээд тал нь 36 хүүхэдтэй байна. Эдгээр 21 сургуулийн тавыг хүүхдийн тоо буурсан төрийн өмчийн цэцэрлэгийн барилгад түрээс төлөхгүйгээр зохион байгуулсан.

12 сургууль өмнө нь цэцэрлэгийн зориулалтаар түрээсэлж байсан байранд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа бол үлдсэн дөрвөн байрыг ажлын хэсгийн дүгнэлтээр түрээслэх боломжтой гэж үзсэн. Төрөлжсөн ахлах сургуулийн тухайд энэ хичээлийн жилд нийслэлд тав, орон нутагт 19 сургууль буюу нийт 24 сургууль үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Орон нутагт аймаг бүрд төрөлжсөн ахлах сургууль ажиллуулах зорилт тавьсан.

Гурван ээлжтэй сургуулийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд 46 сургуулийн нөхцөл байдлыг авч үзэж байгаа. Урсгал зардлыг тооцвол жилд 350 тэрбум төгрөг шаардлагатай. Харин бид 19.8 тэрбум төгрөгөөр шийдвэрлэх санал оруулсан. Мөн 646 суудалтай 13 сургууль шинээр барих шаардлагатай.

Төсвийн тодотгол батлагдаагүй байхад яагаад гэрээ байгуулсан бэ гэсэн асуудал яригдаж байна. Гэхдээ хөтөлбөрийн хүрсэн үр дүнтэй хэн ч маргахгүй байх гэж бодож байна. Боловсролын сайдын багцад сургууль, цэцэрлэгийн түрээсийн зардалд 11.6 тэрбум төгрөг батлагдсан.

Манай улсын хичээлийн жил, санхүүгийн жил хоорондоо зөрдөг учраас нэг хичээлийн жил хоёр санхүүгийн жилийг дамнадаг онцлогтой. Тиймээс энэ жилийн 21 хотхоны бага сургуулийн гэрээг байгуулахдаа төрийн өмчийн цэцэрлэгийн барилгуудыг ашиглаж, урьдчилсан байдлаар түрээсийн төлбөр төлөөгүй. Түүнчлэн төрөлжсөн ахлах сургуулийн 40 сургуультай гэрээ байгуулсан ч одоогоор нэг ч төгрөгийн санхүүжилт шилжүүлээгүй. 2026 оны төсөвт батлагдаагүй зардлыг урьдчилан зарцуулах, дур мэдэн гэрээ байгуулах асуудал байхгүй.

Төсвийн тодотголд саналаа хүргүүлсэн боловч харамсалтай нь 13.9 тэрбум төгрөг хасагдсан. Төрөлжсөн ахлах сургуулийн 19 сургуулийн байгалийн ухааны лабораторийн тоног төхөөрөмжид 15 тэрбум төгрөг, сургуулийн ачаалал бууруулахад 13.9 тэрбум төгрөг болон бусад зардлыг багтаасан нийт 50 орчим тэрбум төгрөгийн саналыг УИХ-д өргөн барьсан ч хасагдсан.

Мөн бага ангийн шинэчилсэн хөтөлбөр, нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөрийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button