ГССҮТ-ийн эмч нар Япон мэргэжилтнүүдтэй хамтран хүүхдийн хүнд хэлбэрийн согогт мэс засал хийжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Хүүхдийн мэс заслын тасгийн эмч нар Япон улсын Шагай, тавхайн нийгэмлэгийн мэргэжилтнүүдтэй хамтран 2026 оны аравдугаар сарын 22-25-ны өдрүүдэд хүүхдийн тавхайн эмгэгийн үзлэг, оношилгоо, мэс засал болон эмч нарт зориулсан сургалт зохион байгуулжээ.
Хамтарсан амбулаторийн үзлэгт 0-18 насны нийт 10 хүүхэд хамрагдаж, тавхайн анатоми, үйл ажиллагааны байдлыг нарийвчлан үнэлсэн байна. Мөн хүүхэд тус бүрийн онош, согогийн онцлогт тохируулан цаашдын эмчилгээ, нөхөн сэргээх тактикийг тодорхойлжээ. Түүнчлэн хүнд хэлбэрийн төрөлхийн болон олдмол согогтой дөрвөн хүүхдэд нарийн мэргэжлийн мэс засал хийсэн байна. Тодруулбал, хоёр талын доод мөчдийн эпифизиодисплази, хоёр талын "hallux valgus" буюу хөлийн эрхий хуруу гадагш мурийх согог, хүнд хэлбэрийн хавтгай тавхай, зүүн шилбэний төрөлхийн хуурамч үе үүссэн зэрэг эмгэгийг мэс заслын аргаар эмчилжээ.
Үүнээс гадна хүүхдийн тавхайн эмгэгийн оношилгоо, мэс заслын өмнөх болон дараах менежмент, нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр онол, практик хосолсон сургалт, эмнэлзүйн тохиолдлын хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.
Энэхүү үйл ажиллагаа нь ГССҮТ болон Японы Шагай, тавхайн нийгэмлэгийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжсэн бөгөөд хүүхдийн тавхайн согогийн эмчилгээний чанарыг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын туршлага нэвтрүүлэх зорилготой юм.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.