УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Миний орлого нотлогдсон талаарх мэдэгдлээ АТГ итгэл үзүүлэх, эсэхийг хэлэлцсэн чуулганаас өмнө гаргах бүрэн боломжтой байсан

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өөрийн цахим хуудастаа "Миний орлого нотлогдсон талаар 1.6 жилийн дараа АТГ-аас мэдэгдэл хийлээ. Одоо харин нотлогдоогүй орлогыг хураах хуулиа баталцгаая! Худал хурдан ч үнэнд гүйцэгддэг" хэмээн нийтэлжээ. АТГ-аас өнгөрсөн даваа гарагт мэдээлэл хийхдээ түүний орлого нотлогдсон талаар мэдэгдсэн юм.

Тэрбээр "Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотолсон гэдэг АТГ-ын энэ дүгнэлт 2025 оны зургаадугаар сард гарчихсан байсан ч олон нийтэд мэдэгдэл хийхгүй өнөөдрийг хүрсэн шалтгаан тодорхойгүй! Ийм мэдэгдэл надад итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцсэн чуулганаас өмнө гарах бүрэн боломжтой байсан ч улс төрийн шалтгааны улмаас эс үйлдэл хийсэн гэж үзэж байна" хэмээгээд АТГ оройтсон ч гэлээ олон удаа албан бичгээр хүсэлт, шаардлага гаргасны эцэст гаргасан дүгнэлтээ олон нийтэд зарлаж байгааг онцлов.

Түүнчлэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед О.Алтангэрэл сайдын УИХ-д өргөн барьсан ч өнөөг хүртэл парламентаар хэлэлцэхгүй байгаа ХӨРӨНГӨ ХУРААХ хуулийн төслийг өргөн барьсан хувилбараар нь батлахыг ард нийтээрээ уухайлан шаардахыг уриалжээ. Нотолж чадаагүй хөрөнгө, орлогыг улсад хурааж авдаг зохицуулалт нь олон улсад байдаг жишиг учраас УИХ-аар хэлэлцэн, батлах шаардлагатай хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Ташрамд дурдахад, Олон нийтийн өргөдөл санаачилдаг D.parliament систем дээр иргэн Б.Болдбаатар "Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн алба хаагчдын хөрөнгийг хурааж ₮100 саяас дээш бол бүх насаар нь хорих тухай" өргөдөл санаачилсан нь нэг сарын хугацаанд 100 207 хүн дэмжиж гарын үсэг зурсан тул УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэхээр болоод байгаа билээ.

Л.АРГАМЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button