Сүүлийн 10 жилд Засгийн газрын "гал тогоо"-г барьсан сайд нараас Б.Энхбаяр шиг өргөдлөө өгч явсан нь үгүй

Сүүлийн 10 жилд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албыг найман хүн хашсан бөгөөд өнөөдөр (2026.11.20) ес дэх хүнээ томилохоор Ерөнхий сайд Н.Учрал сонгосон сайдынхаа нэрийг УИХ-ын чуулганы хуралдаанд сонсгох товтой хүлээгдэж байна.
Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаярыг “Бодь интернэшнл”-ийн 110 сая ам.долларын хээл хахуулийн хэрэгт “Одоогийн ЗГХЭГ-ын дарга холбоотой, Б.Энхбаяр $10 саяыг авсан” хэмээн нэрийг нь цоллосон. Энэ асуудалд Ерөнхийлөгчийн нэр ч дурдагдсаны дараа тэрбээр ажлаа өгөхөө мэдэгдсэн бөгөөд “Төрийн тэргүүн ажлаа өгч шалгуулна гэж байхад би ч гэсэн тэгнэ” хэмээгээд Б.Энхбаяр сайд өргөдлөө өгсөн билээ.
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярын өргөдлийг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдааны үеэр хүлээн авч, хүсэлтийнх нь дагуу шийдвэрлэснээ Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал мэдэгдэж, улмаар түүний оронд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг томилохоор намын УЗ болон өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдээд буй юм.
Засгийн газрын “гал тогоо”-г ахалдаг, стратегийн чухал ач холбогдолтой байршил бүхий энэхүү албан тушаалыг 2016 оноос хойш Б.Энхбаяраас гадна долоон хүн хашсан бөгөөд тэдний хэн нь ч “сайн дураараа” өргөдөл өгч чөлөөлөгдөөгүй. Харин ч олонх нь албан тушаалын замаар өгссөн байдаг.
Тухайлбал, Ж.Мөнхбат (2016-2017) Ж.Эрдэнэбатын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаад танхимтайгаа хамт огцорсон ч 2021 онд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болсон.
Түүнчлэн Г.Занданшатар (2017-2019) Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын "гал тогоо"-г ахалж байгаад 2019-2024 онд Улсын Их Хурлын дарга, дараа нь 2025-2026 онд Ерөнхий сайдын албыг хашсан билээ.
Л.Оюун-Эрдэнэ (2019-2021) мөн л У.Хүрэлсүхийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаад 2021 оны эхээр Ерөнхий сайд болж, 2025 оны тавдугаар сард огцорсон түүхтэй.
Д.Амарбаясгалан (2022-2024) Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед "гал тогоо"-г нь хоёр жил гаруй барьж байгаад 2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн дараа спикер болж дэвшсэн байдаг.
Н.Учрал (2024-2025) Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаад Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, сүүлд УИХ-ын дарга болж дэвшсэн бол өдгөө Ерөнхий сайдаар ажиллаж байна.
С.Бямбацогт (2025-2026) Г.Занданшатарын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаад 2026 оны дөрөвдүгээр сараас Улсын Их Хурлын дарга болж дэвшсэн бол өчигдрөөс (2026.11.19) Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч хэмээх урьд өмнө огт байгаагүй түүхэн үйл явдлын эзэн болоод байна.
Харин Ц.Нямдорж (2021.01-2022.08)-ийн тухайд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022.08.29-ний өдөр яагаад ч юм "гэнэт" Засгийн газрынхаа бүтцэд өөрчлөлт оруулах үеэр Хэрэг эрхлэх газрын даргын албаа Д.Амарбаясгаланд шилжүүлсэн түүхтэй.
Тэгвэл Б.Энхбаяр (2026.04-2026.11) Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар долоон сар ажиллаад буухдаа "авлига албан тушаалын хэрэгт холбогдолгүй гэдгээ нотлохын тулд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж шалгуулна" гэсэн шалтгаанаар явж буй анхны хүн болж байна. ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан түүний цаашдын улс төр, албан тушаалын замнал хэрхэн өрнөхийг таашгүй.
Хоёр ч сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед Засгийн газрын "гал тогоо"-г барих ес дэх хүн болох гэж буй Б.Бат-Эрдэнийн тухайд энэ албан тушаалд тэнцэх, эсэхийг одоо дүгнэхэд хараахан эрт хэдий ч эрхэлсэн ажил алба, туршлага, улс төрийн замнал түүхээс нь харахад жулдах сонголт мэт л санагдах. МАН-ын бүлгийн 30:38-ын талцал дунд эвээ олоод энэ хүрсний бодоход чадах юм байлгүй. Нөгөөтээгүүр, танхимдаа хэнийг урьж оруулах, эсэх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал учраас дүгнэлтийг намынхан нь хийх биз ээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.