Н.Цэрэнбат: Жуулчдад зориулан 11-ний орой, орчуулгатай “NAADAM NIGHT” шоуг зохион байгуулна

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Цэвэрхэн наадацгаая-2” аяны талаар мэдээлэл хүргэж, ард иргэд болон сэтгүүлчдийг уриаллаа. Тэрбээр,
“Өнгөрсөн онд БОАЖЯ-аас зарласан "Цэвэрхэн наадацгаая" аяны үр дүнд 200 гаруй сайн дурын залуу ажиллаж, 30 гаруй тонн хог цэвэрлэжээ. Энэ онд “Цэвэрхэн наадацгаая” аяныг үргэлжлүүлнэ. Өнгөрсөн жил 10 орчим байгууллага хамтарч байсан бол энэ жил уг аянд 20 гаруй байгууллагууд хамтарч ажиллаж байна. Иймд ард иргэдэд Цэвэрхэн наадацгаая аянд нэгдэхийг уриалж байна.
Мөн МОХ-ны 200 залуу нэгдэж Төв цэнгэлдэх, Хүй 7 хоног, Туул гол, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт эргүүл хийж, иргэдийг хоггүй, цэвэр наадахыг уриална.
Наадмаар 10 мянга гаруй жуулчид манай улсад ирэх таамагтай байна. Тэдгээр жуулчид наадам үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэвч бидний цэнгэлдэх хүрээлэн жижиг учир 3500 орчим жуулчдад наадмын билет борлуулах боломжтой. Ямартай ч том цэнгэлдэх хүрээлэнтэй болтлоо бид зохицоод явахаас өөр аргагүй байна. Мөн Монгол Улстай холбоотой муу мэдээлэл гарах бүрд ирэх жуулчдын тоо багасна.
“Naadam night” шоуг 7-р сарын 11-ны орой үндэсний соёл амралтын хүрээлэн буюу паркад зохион байгуулна. Ингэснээр өглөө нээлт үзэж чадаагүй жуулчид орой нь үзэх боломжтой. Түүнчлэн бүсийн нүүдэлчин ардын соёлыг сурталчилсан наадмуудад санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа. Иймд Үндэсний баяр наадмыг үзэж амжаагүй жуулчдад 8-р сарын 20 хүртэл бүсийн наадмуудыг үзэх боломжийг нээсэн.
Гадаадын жуулчдад тариф хэт өндөр үнэтэй гэлцдэг. Гэвч тухайн жуулчид маань аялал жуучлалын компанийн багцад орсон наадмын билет болон бусад үзвэрийн үнэлгээ орсон байдаг учраас үүнийг хэт үнэтэй гэх нь зохисгүй байх гэж бодож байна” гэлээ.
Мөн Гандантгэгчинлэн хийдийг жуулчдад зориулсан шашны аяллын цэг болгохын зэрэгцээ утаагүй бүс болгохоор зорилго тавин ажиллаж байна хэмээн ярилаа.
Д.ЖАРГАЛМАА
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.