НИЙГЭМ

ЗГ: Монгол Улсад тогтоосон хөл хориог ДАХИН СУНГАЛАА

Монгол Улсын Засгийн газар 2020 оны 7 дугаар сарын 10-ны баасан гариг хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны долдугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа.

ДЭМБ-ын мэдээллээр 2020 оны долдугаар сарын 09-ний өдрийн байдлаар коронавируст халдварын цар тахал дэлхийн 216 улс, нутаг дэвсгэрийг хамран нийт 12 сая хүн халдвар авч, 550 мянга орчим хүн нас бараад байна. Иймд дэлхийн 40 гаруй улс онц байдал зарлаж, 22 улс хөл хорио тогтоон, 109 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, хөл хорио тогтоох, хилээ хаах хугацаагаа сунгаж байна.

Хэдийгээр зарим улсад халдварын нөхцөл байдал тогтворжиж, Европын зарим улс хөл хориогоо цуцалж, бэлэн байдлын зэргээ бууруулж байгаа ч БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсад халдварын тохиолдол дахин нэмэгдэж, халдварын тархалтын хоёрдугаар давалгаа болж байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэж байгаа тул дотооддоо хөл хорио тогтоох, хилээ хаах хугацаагаа сунгажээ.

Монгол Улсын хувьд уг өвчний 227 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж бүртгэгдснээс 195 нь эмчлэгдэж, 32 хүн эмчлүүлж, 3077 хүн тусгаарлалтад байна. Батлагдсан тохиолдлын 84 хувь нь ОХУ-д сурч, амьдарч байсан иргэдээс илэрчээ. БНХАУ-д тархалт буурахгүй, хоёрдахь үеийн давалгаа эхэлснийг зарлаад байгаа юм.

Иймд хөрш орнуудын нөхцөл байдал болон гадаад дахь иргэдээ татан авч байгаатай холбогдуулан дээрхи эрсдлүүдийг тооцон гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгахаар шийдвэрлэлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button