УРЛАГЯрилцлага

Зургийг нь дарахын тулд ирвэсний араас бүтэн жил дагасан Б.Мятавтай ярилцлаа

Ирвэсний зураг дарахын тулд бүтэн жил уул хаданд “амьдарч”, түүнийг хамгийн ойроос харсан нэгэн эрхмийг танилцуулж байна. Түүнийг Бодийн Мятав гэдэг. Өдгөө 66 дахь намартай учран золгож буй тэрээр 1979-1987 оны хооронд Өмнөговь аймгийн нэгдүгээр сургуульд зураг хөдөлмөрийн багшаар ажиллаж байжээ. Дунд сургуулийн сурагч байхаасаа л гэрэл зураг хорхойсож байсан ч одоогоос арав гаруй жилийн өмнө гавьяаныхаа амралтад гарч, өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн байгалийн, зэрлэг амьтдын зураг авдаг болжээ.

Тэрбээр Баянхонгор аймагт төрж өссөн байна. Харин одоо Өмнөговь аймагт амьдарч байгаа бөгөөд Говийн амьтдын сэтгэл хөдлөл, баяр, харууслыг гэрэл зургийн хальсанд буулгаж буй. Тэрээр энэ сарын 23-нд “Q Art Gallery”-д бүтэн жил дарсан цоохор ирвэсний зургуудаа дэлгэж, нээлт хийсэн юм. Энэ үеэр түүнтэй гэрэл зурагчны амьдрал, тулгарч болох хүндхэн саадын тухай ярилцлаа.

АМЬТАН СУДЛААЧ

-Ирвэсний зураг дарахын тулд бүтэн жил араас нь дагаж явсан гэхээр их сонирхолтой санагдлаа. Сонирхолтой гэхээсээ илүү гайхширсан гэх юм уу даа. Таныг анх очиход хэдэн ирвэс байв. Жилийн хугацаанд хэд болж өссөн бэ?

-Би 2017 онд “Гурван сайхан уул”-нд ирвэс байгааг сонсоод, хүнээр заалгуулаад очсон юм. Өглөө очоод үүрнээсээ гарч ирэхийг нь бараг л нар шингэх хүртэл хүлээсэн. Тухайн үед ганцхан ирвэс л үүрнээсээ гарч ирсэн. Тэгээд 400 метрийн зайнаас ганц зураг дарсан минь энэ.

Тэр ингэж хэлээд уг зургийг заав.

Түүнээс хойш, ирвэсний амьдралыг нь судалж үзмээр санагдаж, өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн бүтэн жил ирвэсний зураг авлаа. Харин тэр агуйд дөрвөн ирвэс амьдарч байгаа.

-Ажил, амьдралтай учир жилийн бүхий л өдөр дагаад явахгүй нь лавтай. Хамгийн олондоо өдөрт хэчнээн цагийг ирвэсний зураг дарахад зарцуулав?

-Жилд 16 удаа уул руу явсан. Нэг удаа явахдаа хамгийн багадаа 7 хоног, хамгийн ихдээ 15 хоног явна. Ихэнхдээ л хоосон буцсан даа. Учир нь тухайн амьтан ан хийж, үр зулзагаа сургах гээд олон хоног алга болчихдог юм. Ер нь зулзагаа хоёр жил дагуулж явдаг. Үр зулзаганыхаа төлөө л амьдардаг амьтан. Харин үүрэндээ байгаа үедээ агуйгаасаа өглөө, өдөр, орой бүр нэг удаа гарна.

-Тэгэхээр та үүрнээсээ гарах цагийг нь дөхүүлж байгаад очих нь ээ?

-Тэгэлгүй яахав. Өглөө 05 цаг гээд очдог байсан. Өглөө 07 цаг өнгөрөөгөөд, нар гарах үеэр гарч ирдэг юм. Яахав очоод хоёр цаг гаруй хүлээдэг байсан. Харин өдөр бол 11-12 цагийн үед, орой нар жаргах үеэр үүрнээсээ гарч ирнэ дээ.

-Гарч ирчхээд хэр уддаг юм бэ?

-Наранд биеэ ээж, дээшээ харж хэвтэнэ. Бараг хоёр цаг гаруй болно шүү.

-Үүрнээсээ гарч ирчхээд орчин тойрноо ажиглаад сэрэмжтэй байдаг уу?

-Ер нь бол их сэрэмжтэй. Гэхдээ юунаас ч айсан шинжгүй байдаг. Маш хурдан дадамгай. Тэгсэн хэрнээ их мартамхай, хэнэггүй амьтан юм билээ.

-Ирвэс ер нь ихэвчлэн ямар амьтан агнаж иддэг вэ?

-Ихэвчлэн янгир, аргал, угалз агнаж иддэг. Ирвэсний идэж байгаад орхисон амьтны сэгэнд өөр ямар ч амьтан ойртдоггүй юм билээ. Үнэрээр нь л мэддэг байх.

ЗҮРХ НЭГТ ХҮМҮҮСИЙН ТҮҮХ

-Монголын гэрэл зургийн түүхэнд цаст уулын эзэн цагаан эрээн ирвэсийг хамгийн ойроос харсан хүн таныг гэх юмТа хэр ойроос харсан юм бэ?

-Бид нэг ирвэсний гэр бүлийг л дагаж, зураг дарсан...

-Бид гэдэг нь?

-Жаахан хажуу тийшээ хараарай, наашаа хараарай гэхэд хүмүүс бидний хэлснээр л байж, бидэнд захирагдана. Харин амьтан бидэнд захирагдахгүй. Тэгэхээр багаар ажиллахгүй бол амьтны зургийг ганцаараа дарна гэдэг хэцүү. Өмнө би ганцаараа явдаг байсан бол сүүлийн нэг жил  “Gamma” агентлагийнхантай  явсан. Бид янз бүрийн байршлаас харж зогсож байгаад, станцаар холбогдож мэдээллээ солилцоно. Үүрнээсээ гарч ирэх үеэр хэн нэг нь уулын оройгоор алхаж, анхаарлыг нь тийш татна. Анхаарал нь өөр тийш сарниж байх үед нь л дөхөж очоод зургаа дарна даа. Хамгийн ойр очсон нь гэвэл 20 метр юм байна.

-Тэгэхээр энэ танхимд дан ганц таны зургууд биш, “Gamma” агентлагийнхны гэрэл зургууд байгаа юм байна, тийм үү?

-Зургуудыг нь би дарсан байж болох ч энэ бол бидний хамтын бүтээл. Бид зохион байгуулалттай байсны хүчинд өнөөдрийн энэ зургуудыг үзэсгэлэн болгож дэлгэлээ.  

-Үзэсгэлэнгийн танхимд дан цоохор ирвэс биш, их олон амьтдын зураг байна. Ер нь нийт хэчнээн зургаа дэлгэв?

-Ирвэсний 40, бусад амьтдын 30 зураг дэлгэсэн. Гэхдээ үзэсгэлэнд багтсан бүх амьтад Өмнөговь аймгийнх. Хангайн амьтны нэг ч зураг байхгүй. Харин одоо бол хангайн амьтад, тэр тусмаа Хандгайн зураг дарахыг хүсэж байна.

-Уг гэрэл зургийн үзэсгэлэн тань есдүгээр сарын 24-нээс аравдугаар сарын 05-ны өдрүүдэд найман аймагт дэлгэгдсэн юм билээ. Энэ танхимд байгаа бүх зураг дэлгэгдсэн үү?

-Ховд, Увс, Баян-Өлгий, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Дорнод гээд долоон аймагт цоохор ирвэс болон говийн амьтдын 40 зураг дэлгэсэн. Харин Өмнөговь аймагт үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөж байсан ч хараахан амжсангүй. Ирэх сарын дундуур үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөж байна.

ЭР ЗОРИГ ХИЙГЭЭД ЖИНХЭНЭ ТААШААЛ

-Амьтны зураг дарна гэдэг их эрсдэлтэй. Мэдээж хэрэв амьтан дайрвал өөрийгөө яаж хамгаалах талаар судалсан байх. Ирвэс ер нь ямар зан араншинтай амьтан юм бэ?

-Над руу нэг ч удаа дайрч байгаагүй. Яахав хамгаалах хэрэгсэл болгоод урт мод аваад явдаг юм. Болохгүй бол үргээнэ шүү дээ. Тэрнээс бол айлгаж, цочоож болохгүй. Гэхдээ би архирч байхад нь нэг зураг дарсан. Тухайн үед анхаарлыг нь холдуулах гээд уулын оройгоор явж буй манай багийн зураглаачийг хараад архирсан юм. Тэр агшныг алдалгүй буулгасан даа. Тэр зургаас л ирвэсийн ерөнхий зан чанарыг харж болох юм.

-Хэчнээн зураг дарах гэж яваа ч амьтан тань руу дайрвал, хамгийн түрүүнд өөрийгөө аврахыг бодох уу, эсвэл зургаа дарах уу?

-Үгүй ээ яадаг ч байсан ойртож иртэл нь л зургаа дарна. Эрсдэлтэй асуудал үүсвэл чадах чинээгээрээ өөрийгөө хамгаална л даа. Гэхдээ багаар ажиллаж байна гэдэг чинь үүсэж болох эрсдэлээс хамгаалж байгаа нэг хэлбэр юм шүү дээ.

-Өмнө нь ганцаараа зураг дардаг байхад бас л их эрсдэлтэй байжээ. Та айж байв уу?

-Тэр үед холоос зураг дардаг байсан болохоор бас ч гэж эрсдэл бага. Ганцаараа явж байх үедээ багаар ажиллавал зүгээр юм байна, бас тоног төхөөрөмжөө сайжруулъя гэж бодсон.

-Тухайн үед /2017он/ та яг ямар камераар зураг дарж байсан юм бэ?

-Nikon-ны D500 маркийн камертай, 600мм-ын дуран ашигладаг байсан. Харин одоо Nikon-ны D850 маркийн камертай, 800мм-ын дуран ашиглаж байгаа. Камерын хөлөөс эхлээд дагалдах хэрэгсэл их учир нэлээд хүнд. Дээрээс нь олон цагаар ууланд байх учир идэж, уух юмаа авна. Өвлийн улиралд бол даарахгүйн тулд дулаан хувцас өмсөнө.  Ер нь нийтдээ 17 кг ачаатай явдаг.

 -Та хэд ямар нэгэн төслийн шугамаар явж зургуудаа дарсан уу. Ер нь хаанаас цалинждаг вэ?

-Дур сонирхлоороо л явсан. Түүнээс бол биднийг санхүүжүүлээд, дэмжсэн хүн байгаагүй. Харин сая аймгуудаар явж байхад нэг компани биднийг дэмжье гэсэн.

-Яг ямар компани, дэмжлэг үзүүлье гэсэн юм бэ?

-Сая аймгуудад үзэсгэлэн дэлгэгдэх үеэр шатахуун, хоолны зардлуудыг “AUB” компани хариуцсан. Цаашдаа ч хөдөө хээр явж, амьтдын зураг дарахад хэрэгцээтэй бүх шатахуун,хоол хүнсний зардлыг хариуцъя гэсэн. Тус компанийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлмээр байна.

Үзэсгэлэнд дэлгэгдсэн ирвэсний зургууд бүгд дороо танин мэдэхүйн тайлбаруудтай. Харин бусад амьтдын зураг бүгд өөрсдийн гэсэн нэр хаягтай байлаа. Тэдгээр нэрс зурагтайгаа зохицсон, зарим нэр нь зургаасаа ч илүү сэтгэгдэл төрүүлж байв. Магадгүй тэдгээр нэрс зураг дарах тэрхэн агшинд ой, тойнд нь зурс хийж орж ирдэг ч байж мэднэ. Эсвэл дараа нь бүх зурагдаа  нэр оноодог ч байж болох юм. Гэвч уран бүтээл бүхэн өөрийн хэлтэй байдаг болохоор яаж харж, яаж мэдрэх нь бидний дур юм даа.

Хэрэвзээ  та түүний анхны үзэсгэлэнг очиж сонирхохыг хүсвэл ирэх сарын нэгнээс өмнө “Q Art Gallery”-г зориорой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button