Нийгмийн

Малчин Д.Гантулга: Есдүгээр сарын сүүлчээр адуу өргүүлж, түрүүчээсээ үхэж байна

Дэлхий даяар “Коронавирусийн халдвар” гээд халаглаж байхад цөөнгүй аймгийн малчид юун цар тахал манатай сууна. Үргэлж хөдөө хөхөрч, гадаа гандан, хэдэн малынхаа аясыг дагаж явдаг тэдэнд хотон дахь хэдийгээ онд мэнд оруулчих юм сан гэсэн ганцхан бодол л эргэлдэнэ. Үүнээс өөр зүйлийг ажрах, анзаарах, ач холбогдол өгөх сөхөө малчдад үнэндээ алга. Борог өвс намирсан бус улаан шороо эргэсэн талыг санаа алдан харуулдаж, дэмий горьдлого тээн тэнгэрийн хаяа ажиглана. Эцэж, сульдсан мал нь тэжээл аван тожигноход баярлан, цасанд шурган унагахад нь санаа алдана.

Уг нь өдийд малчид өвөлжөөндөө буун, хадлан тэжээлээ жин тан болгочихсон сэтгэл амар сууж байдаг үе. Отор нүүдэл гэсээр зунжингаа зүтгэснийхээ хүчинд тарга тэвээрэг сайтар авахуулсан мал нь жавар сөрөн яраглаж, “Зуд болсон ч ажрахгүй” гээд маадгар суудаг цаг л даа. Гэтэл өнөө жил энэ бүхэн цөөнгүй аймгийн малчдын хувьд тэнгэр, газар шиг өөрчлөгдөн, эсрэгээрээ эргэжээ. Ялангуяа баруун аймгуудын хувьд байдал өдрөөс өдөрт дордсоор буйг малчид халаглаж, учирлаж сууна. Хавсарган салхитай хавраар бус халуун намраар мал нь хоргодоод эхэлжээ.

Цаг зүтгэж, хамгийн их зутарч буй сумуудын нэг нь Баянхонгор аймгийн Баянцагаан. Тус сумд энэ жил бороо ер ороогүй. Сүүлийн хэдэн жил дараалан ган, зуд болсон тул Баянцагаан сумд энэ зун ногоон туяа татуулах нь битгий хэл малын хамар хатгах өвс ургаагүй. Газарт ганхах өвс ургаагүй тул малчид хадлангаа бэлтгэж чадаагүй нь тодорхой. Хаанаас, юугаа хадах билээ дээ. Аргаа барсан малчид банкнаас зээл аван, хурааж, хуримтлуулсан хэдийгээ шавхаж байгаад хэдэн боодол өвс худалдаж авснаараа одоо малаа тэжээгээд дуусаж байгаа гэнэ.

Баянцагаан сумд өвс ургаагүй, улаанаараа эргэсэн элс, шорооноос өөр юмгүй тул малчид малаа бэлчээхгүй, бэлчээгээд ч нэмэргүй байгаа юм байна. Халуун намраар адуу нь үхэж эхэлж. Малын ам уран ч гэлээ өвс ургаагүй газраас юугаа олж идэх билээ. Тиймээс тус сумын малчид малаа халуун намраар тэжээжээ. Өвс, тэжээл хэмжээтэй. Мал нь хорогдоогүй айл Баянцагаанд үгүй. Хоног хэд билээ, малын тоо хэд билээ. Урин хавартай золгох яагаа ч үгүй байдаг. Ер нь халуун намраар турсан малаа бэлчээлгүй өдөр бүр тэжээж буй малчин зөвхөн Баянцагаан суманд гэлтгүй өөр аймгуудад мөн адил олон. Тэгэхгүй гээд ч яах билээ. Харсаар байж үхүүлэлтэй нь биш.

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын тавдугаар багийн малчин Д.Гантулга өвөлжилт ямар байгаа талаар ингэж ярив.

Тэрбээр “Манайх Үнэгтийн өвөрт өвөлжиж байна. Өвөлжилт тун хүнд байна. Манай сумд сүүлийн дөрвөн жил дараалан ган болж байна уу даа. Зун өвс ургаагүй, мал тарга тэвээрэг аваагүй. Энэ өвөл их хүйтэрч байна. Цаг хугацаа яагаа ч үгүй байдаг. Арванхоёрдугаар сар гараагүй, идэр ес эхлэхэд сар шахам хугацаа дутуу. Цаг ер нь эрт хүндэрч, зүтгэлээ.

Манайх энэ жил хадлан огт хийж чадаагүй. Газраас зулгаагаад авчих ганц шарилж ч ургаагүй. Намар 250 боодол өвс худалдаж авсан. Одоо бараг дуусаж байна.

Манайх ээжийнхтэй хамт өвөлжиж байна, 500-гаад малтай. Бүх малаа тэжээвэл өвс маань хаана нь ч хүрэхгүй. Тиймээс төлөг, борлон, түрүүчээсээ эцсэн, тамир нь муудсан малаа голдуу тэжээж байгаа. Дассан газрын даавуу зөөлөн гэгчээр хэдэн мал шороо малтаад зогсож байна. Манай эндхийн мал есдүгээр сарын дунд үеэс хойш цадаагүй. Өл залгах төдий л явсаар өдий хүрлээ. Аравдугаар сарын эхээс мал турж эхэлсэн. Зун отор нүүдэл хийж байж арайхийн авхуулсан тарга тэвээрэг нь хоромхон зуур шавхагдчихлаа.

Одоо ер нь мал нэлээд турж, эцэж байна. Есдүгээр сарын сүүлчээр адуу өргүүлж, түрүүчээсээ үхлээ. Одоо бог мал нэлээд муудаж байна. Лав 100-гаад мал хорогдчихлоо. Өвс дахиад авах санхүүгийн боломж тааруу. Хэдэн малаа унагаачихгүйн тулд өвс авахаас өөр арга алга. Нутагтаа байгаа юм чинь бусдаас зээлж байгаа ч болтугай авна даа. Улсын нөөцөөс өвс авах гэхээр худалдахгүй юм. Өнөөдөр би очлоо. Үнэ нь тогтоогүй учраас зарахгүй гэнэ. Он гараад улсын нөөцийн өвс гарах гэсээр байтал малчид малгүй болох нь. Мал нь хорогдоогүй малчин манай энд байхгүй” гэлээ.

Өвөлжилт хүндэрч, зарим мал хоргодож эхэлсэн талаарх тодруулга бүхий нийтлэлийг ЭНД дарж уншина уу.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ganbaatar
ganbaatar
2020-11-30 12:12

m#liihaa too tolgoid anhaaraa.chadal ni hurehgui bj olon m#laar yaah wee.chanart ni anhaaraa.200 -300 bhad l boloh ail bn tanaih.naad m#l olon chine zund ni hamag bilcheeree idcheed owol ni yu ch bhgui hetsuu shude.

Холбоотой мэдээ

Back to top button