НИЙГЭМХУУЛЬ

Талийгаач хүүхдүүдийн аав: Гэр дөнгөж шатаж эхэлмэгц “Дотор хүүхдүүд байгаа” гээд орилоход оруулаагүй

Өнгөрөгч хоёрдугаар сарын 9-ны өглөөний 10:37 минутын орчимд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, “Тахилт”-ын гуравдугаар гудамжинд иргэн Ө-гийн залгаа хоёр гэр шатсаны улмаас 5,7,13 настай хүүхдүүд галд өртөж, харамсалтайгаар амиа алдсан тухай бид өмнө мэдээлж байв. Гал түймэр гарах үед тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан 10:49 цаг очиж, шатаж буй гэрийг 10 минут орчим ажиллаж унтраажээ. Улмаар амиа алдсан хүүхдүүдийн цогцсыг гаргаж, хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлж, өдгөө шалгалтын ажиллагаа үргэлжилж буй.

Тухайн харамсалтай хэрэг гарсны дараа гал түймэр гарсан айлын хөрш эмэгтэй хэвлэлд дараах мэдээллийг өгсөн байдаг. “Хүүхдүүд хөдөө байдаг эмээ өвөөгийндөө байсан ч, сургуулиас теле хичээлдээ суу гэх шаардлага тавьсан учир яаралтай хот руу буцсаны маргааш ийн харамсалтайгаар амиа алдсан. Мөн аав, ээж нь шинжилгээ өгөхөөр гарсан хойгуур гал түймэр гарсан” хэмээж байсан. Түүгээр ч зогсохгүй, үрсээ алдаж амьдын тамд унасан Ө болон эхнэрийг нь хүүхдүүдээ гаднаас нь цоожилж явснаас хүүхдүүд гэрээсээ гарч чадалгүй амьсгал хураасан гэх ташаа мэдээлэл сошиал сүлжээнд түгж, галд шатаж буй монгол гэрийн бичлэг олон хүнд эргэлзээ төрүүлээд байна.

Иргэдийг хамгийн их талцуулаад буй нь “Шатаж буй гэрээс хүүхдүүдийг эсэн мэнд гаргах, үгүй гэхэд цогцсыг танигдахын аргагүй шатахаас өмнө амжиж гаргах боломж байсан ч, цагдаа болон Онцгой байдлын алба хаагчид овсгоо самбаа гаргаагүй мөн хүүхдүүдийг амжиж аврах боломжтой байсан хүмүүсийг зогсоосон гэгдэж буй. Иймд бид тус асуудалд тайлбар авч, иргэдийн эргэлзээнд хариулт өгөхөөр дараах мэдээллийг бэлтгэлээ.

Бид тухайн галын улмаас гурван хүүхдээ алдсан иргэн Ө-тэй холбогдож ярилцсан юм. Тэрбээр гурван хүүхдийнхээ оршуулгын ажиллагааг хийгээд удаагүй байгаа ч хэргийн үнэн мөнийг иргэдэд мэдээлж өгөхийг биднээс хүслээ.

-ТАЛИЙГААЧ ХҮҮХДҮҮДИЙН ААВ: НАМАЙГ ОЧИХОД ГАЛ ДӨНГӨЖ ГАРААД, ХОЙД ГЭРИЙН 20 ХУВЬ Л ШАТАЖ БАЙСАН-

-Юуны өмнө танд болон таны гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.

-Гурван хүүгийнхээ оршуулгыг хийгээд удаагүй байна даа. Миний хувьд гал гарах үед байсан цагдаагийн гурван албан хаагчид гомдолтой байна. Ядаж надтай, ханьтай минь уулзаад эмгэнэл илэрхийлж, уучлал хүссэн бол сэтгэл арай дээрдэх байлаа. Мэдээж тэглээ гээд гурван хүүхэд маань босоод ирэхгүй. Би ч мэдэж байгаа. Гэвч хүн чанар байвал ирж уучлал гуйгаасай гэж хүсэх байна. Хэрэв чин сэтгэлээсээ уучлал хүсвэл надад ч гэсэн тэдний мууг үзэх бодол алга даа.

-Таны хувьд галыг унтраах, хүүхдүүдээ аврах боломж байсан гэж үзэж байгаа юу?

-Тийм ээ. Яах вэ үрээ алдсан хүн хүнийг буруутгалаа гэх байх. Гэвч намайг очиход гал дөнгөж гараад, хойд гэрийн 20 хувь л шатаж байсан. Тэгэхэд л хугацаа алдаагүй бол хүүхдүүд маань эсэн мэнд, магадгүй амьсгал хураасан байлаа ч би өнөөдөр хүүхдүүдийнхээ цогцсыг тэгж шатаагүй байхад нь гаргаж чадах байсан. Монгол гэрийг таван минутад шатдаг гэх юм. Үгүй шүү. Давхарлагаатай өвлийн залгаа хоёр гэр бүрэн шаттал 20 минут болдог.

Би Төмөр замын Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэдэг хүн. Галын тухай, гэр шатах үед юу хийх, ямар үед яах ёстойг мэддэг. Гэтэл намайг юу ч мэдэхгүй, чадахгүй хүн шиг харьцсанд гомдолтой байна. Магадгүй би ажлынхаа дүрэмт хувцастай байсан бол тэд өөр хандах байсан байх. Намайг очиход таньдаг хоёр дүү маань гэрийн хойд арьсыг сөхөж, зай гаргасан байсан. Тэгэхэд цагдаа нар “Дотор хүн байхгүй, байвал дуугарна” гээд ойртуулаагүй. Миний харж байгаагаар хүүхдүүдийнхээ амийг аврах боломж, магадлал 50 хувь байсан. Ядаж надад оролдох боломжийг ч олгоогүй. Тухайн алба хаагчид мэргэжлийн ур чадвар муу, туршлага муу байсан л гэж дүгнээд байна. Үүндээ ч итгэлтэй байна.

-ГАЛ ГАРАХ ҮЕД ТОМ ХҮҮ МААНЬ НАД РУУ ЗАЛГАСАН-

-Галын шалтгаан, шүүх эмнэлгийн дүгнэлтийг та бүхэнд урьдчилсан байдлаар танилцуулсан уу?

-Надад танилцуулаагүй. Ер нь бол гарах хугацаа нь болоогүй. Миний харснаар цахилгаан халаагуураас болсон болов уу гэж таамаглаж байна.

-Харамсалтай осол болохоос өмнө гэрт цахилгааны масс, асуудал байсан уу?

-Байхгүй. Би цахилгаан холболтоо өөрөө гардаж хийсэн. Мэдээж хамгийн аюулгүй гэж бодсоноор халаалтаа шийдсэн. Монгол гэр зуухнаас гал алдаж, шатах эрсдэлтэй учир цахилгаан тенийг сонгосон. Мөн хүүхдүүдээсээ галыг хол байлгадаг. Юмыг яаж мэдэх вэ гээд шүдэнз ч байлгадаггүй шүү дээ. Миний гайхаж байгаа зүйл гэрээсээ гараад 10 минут болсны дараа гэр шатсан. Хүү маань хамгийн түрүүнд над руу залгасан. Хүүгийн утас төлбөртэй учраас би утсыг нь таслаад эргээд залгахад утсаа аваагүй. Ингээд төд удалгүй хөрш айлын эмэгтэй залгасан юм. Би гэр рүүгээ дунджаар 7 минут орчмын дараа хүрч очсон. Тэгэхэд нэлээн олон хүн тойроод зогсчихсон хоёр дүү гэрийн хойд хэсгийг ярсан байдалтай, цагдаа нар ирчихсэн байсан. Үнэнийг хэлэхэд намайг очиход галыг унтраах ямар ч оролдлого хийгээгүй байсан. Ингээд би цагдаа нарт өөрийгөө Онцгой байдлын албанд ажилладаг, дотор миний хүүхдүүд байгаа, ингэх боломжтой байна” хэмээн учирласан ч халгаагаагүй.

-Мөн хүүхдүүд маань маш биеэ даасан, ухаантай байсан юм шүү. Өнөөдөр хэн ч 13 настай хүүхдээ гаднаас нь цоожлоод явахгүй. Хань бид хоёр том хүүдээ даатгаад бага, дунд охиноо үлдээгээд л ажлаа амжуулдаг байлаа. Хүү маань биерхүү, миний хувцсыг өмсдөг хүү байсан. Дүү нартаа хоол хийж идүүлээд, хичээлийг нь ч давтуулдаг байсан. Хашаанаасаа гарч тоглож болохгүй, ганцаараа явж болохгүйг мэддэг. Энэ бүхний дараа би өөрийгөө л хамгийн их буруутгаж байна. Том хүүдээ дэндүү их ачааг үүрүүлдэг байж. Олон ч удаа гурван хүүхдээ үлдээгээд явсны шийтгэлийг одоо амсаж байна. Энэ хугацаанд хань маань л сэтгэлийн асар хүнд байдалд байна даа. Хүүхдүүдийн цогцос таниулахаар дуудахад ханийгаа цочирдоно гээд би гэр бүлийнхээ нэг хүнтэй хамт очсон. Тэгэхэд үнэхээр нүд хальтрам байсан.

-ХАМААТНЫ ДҮҮ НАР ГЭРИЙГ НУРААГҮЙ БАЙХАД ЗАДЛАХ ГЭХЭД “ДОТОР НЬ ХҮН БАЙХГҮЙ” ГЭЭД ХӨӨГӨӨД ГАРГАСАН-

Цахим ертөнцөөр гал гарч байх үеийн бичлэг цацагдсан байсан. Тэр бичлэг алба хаагчдыг очихоос өмнөх бичлэг мөн үү?

-Тэр бичлэгийг бол үзэж амжаагүй байна. Ямар ч байсан хүүхдүүдийн байсан гэрийн хойд хэсэг дөнгөж шатаж эхэлсэн, нураагүй байсан. Хүмүүсийн яриад байгаа шатаж байгаа нурсан гэр урд гэр байсан шүү. Дахиад хэлье дан гэр 5 минутад шатдаг, давхарлагаатай залгаа гэр бүрэн шатахад 20 гаруй минут болдог. Манай урд гэр хоёр давхар, хойд гэр гурван давхар дулаалгатай байсан. Гал урд гэрээс эхэлж, хойд гэр рүү орсон. Албан ёсны шинжээчийн дүгнэлт гараагүй ч надад бас нэг ажлын туршлага, төсөөлөл байна.

-Таны хувьд албандаа зүтгээд хэдэн жил болж байна вэ, албан байгууллагаас тань холбогдож тусламж үзүүлсэн үү?

-Албандаа зүтгээд багагүй жил өнгөрсөн. Албан байгууллагаас маань холбогдож хүүхдүүдийн маань оршуулгын зардалд мөнгөн тусламж үзүүлсэн. Мөн байрны асуудлыг шийдэхээр хандивын аян эхлүүлсэн байгаа. Миний хувьд ханийнхаа хамт дүүргийнхээ гуравдугаар хороонд байрлаж байна. Хашаа руугаа очоогүй. Ард түмнийхээ сэтгэлийн хандиваар гурван хүүхдийнхээ дурсгалд зориулаад дүүргийнхээ хүүхдийн тоглоомын талбайг тохижуулъя гэж бодож байна.

Цагдаагийн байгууллага, алба хаагчдыг чадавхижуулах, мэргэжлийн ур чадварын шалгалтыг дахин авах хэрэгтэй. Сургалт семенар оруулмаар байгаа юм. Мөн тэр гурван цагдаа ханиас, надаас уучлал гуйгаасай гэж хүсэж байна. Яс юман дээрээ цагдаа нар биднээс илүү ур чадвартай байх ёстой. Гал унтраах анхан шатны мэдлэггүй байгаад нь харамсаж байна. Хоёр гэр нураагүй байхад хамаатны дүү нар гэрийг задлах гээд зогсож байхад “Дотор нь хүн байхгүй” гээд хөөгөөд гаргасан байгаа юм.

-ДОТОР ХҮҮХДҮҮД БАЙГАА ГЭЖ ОРИЛООД, ОРОХЫГ ОРОЛДОХОД ОРУУЛААГҮЙ-

Ийнхүү тэрбээр хоолой зангируулан бидэнтэй ийн ярилцлаа. Тухайн гал гарах үед хөндлөнгөөс харж байсан эх сурвалжийн хэлснээр:

“Урд гэрээс гал гарч шатаж эхлэхэд, хоёр хүүхэд хойд гэрийн бүрээсийг сөхөж, байгаа харагдсан. Энэ хооронд урд гэрийн гал хүчтэй дүрэлзэж байсан. Улмаар цагдаагийн алба хаагчид ирж залуусыг холдуулж, түүнээс төд удалгүй хүүхдүүдийн аав гүйхээрээ нэг ирсэн. Дотор хүүхдүүд байгаа гэж орилоод, орохыг оролдоход оруулаагүй л дээ. Манай хашаа орчим сэтгэцийн өөрчлөлттэй нэг эмэгтэй амьдардаг юм. Тэр эмэгтэй л гар утсаараа бичлэг хийсэн юм билээ. Бичлэгт байсан хүмүүс хүүхдүүдийн аавын хамаатнууд. Мөн тухайн орчимд явж байсан ТҮК-ийн хоёр ажилчид ирсэн байсан. Аав нь хоёр ч удаа ухаан алдаж унасан” хэмээх мэдээллийг өглөө.

-ОБЕГ: БИДНИЙГ ОЧИХОД ГАЛ ХЭДИЙН ХЯНАЛТААС ГАРЧ, БҮРЭН ШАТСАН БАЙСАН-

Бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс Онцгой байдлын албанаас тус асуудлаар тодруулга авахад:

“Галын дуудлага авсан даруй манай алба хаагчид 11 км замыг туулж, тухайн газарт хүрсэн. Бид хамгийн хурдандаа нэг км замыг нэг минутад туулсан гэж тооцоолоход 11 минутын дараа очсон. Гэтэл өвлийн дулаалгатай монгол таван ханатай гэр ердөө 5 минутад дүрэлзээд шатдаг гэх судалгаа бий. Хэрэв тухайн галаас хүний амийг аврах боломж байсан бол бид чадах бүхнээ хийх байсан. Гэтэл биднийг очиход гал хэдийн хяналтаас гарч, бүрэн шатсан байсан. Гал дотроосоо гарсан. Аавыг нь очиход цагдаагийн албан хаагчид дотогш оруулаагүй гээд байх шиг байна. Яагаад оруулаагүй шалтгааныг цагдаагийн байгууллагаас хэдийн шалгаад эхэлсэн байгаа. Алба хаагчид улаан гал руу хүнийг харсаар байж оруулахгүй шүү дээ” хэмээх тайлбарыг өгөв.

-ЦЕГ: ГАЛ ГАРЧ БУЙ ГЭР РҮҮ ОЙРТОХ БОЛОМЖГҮЙ БАЙСАН-

Харин ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад:

“Тахилтад гурван хүүхдийн амь хохирсон харамсалтай хэрэг гарсан. Хэргийг мөрдөн шалгаж ажиллагаа үргэлжилж байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлт болон галын дүгнэлт хараахан гараагүй байна. 21 хоногийн дараа гардаг. Галаас хүүхдийн амь аврах боломжтой байхад авруулаагүй гэдэг мэдээллийг бид шалгасан. Тухайн хэрэгтэй холбоотой иргэний хийсэн бичлэг ч мөн цахим сүлжээгээр тарсан байсан. Бичлэгийг харвал, гал гарч буй гэр рүү ойртох боломжгүй байгаа. Харин ч цагдаагийн алба хаагчид тухайн иргэдийн амийг хамгаалсан гэж үзэж байна. Гэвч хэргийн тухай наана хэлэх эрт байна. Бид бичлэгтэй холбоотой иргэдээс тайлбар мэдүүлэг авахад тухайн бичлэг цагдаагийн алба хаагчдыг очихоос өмнө хийгдсэн болох нь нотлогдсон. Хүүхдүүдээ алдсан эцэг, эхийн сэтгэл мэдээж хүнд байгаа. Гэвч цагдаагийн алба хаагч харсаар байж эцгийг гал руу оруулвал, хүний амь хороосон болно шүү дээ” гэлээ.

Албаныхан дээрх тайлбар мэдээллийг өгөөд буй.

ҮҮНЭЭС ХАРАХАД: Талийгаачийн хүүхдүүдийн эцэг Ө болон эх сурвалжийн мэдээлснээр гал гарах үед гэрт байсан хүүхдүүдийг аврах, цаашлаад цогцсыг бүрэн бүтэн гаргах боломжтой байсан гэв. Алдсан хүн арван тамтай гэгчээр үр хүүхдээ алдсан эцэг эхийн сэтгэлийг юугаар ч үл дэвтээж, гомдлыг эс тайлж болно. Гэвч үнэхээр иргэн Ө-гийн хэлснээр алба хаагчид нөхцөл байдлыг үнэлж, арга хэмжээ аваагүйгээс хүүхдийн амь хохирсон бол алба хаагчид мэргэжлийн ур чадвараа сайжруулах цаг болжээ.

Хэрэв та талийгаач хүүхдүүдийн аавд сэтгэлийн хандив өгөхийг хүсвэл ХААН БАНКНЫ 5006750031 данс руу шилжүүлээрэй.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

18 Сэтгэгдэл

  1. Одоогийн цагдаа нар бол үнэндээ хувцасны голууд болжээ.Ядарсан хүмүүст дээрэлхүү,мөнгөтэй чад####тай нэгэнд долигонуур гэж.

  2. Тэр 3 цагдаа, хамаатнуудтай хамсаад хойт гэрийн ханийг өргөхгүй яав даа. 5 хүн ханийг өргөнө дөө.

  3. Теле хичээл, ямар ч шинж тэмдэггүй хүмүүсээс covid шинжилгээ авна гэсэн буруу бодлогын үр дүнд хүүхдүүд золиослогдсон байна. Бүгдээрээ огцроод ########аад өгөөч.

  4. Эмгэнэл илэрхийлэе,Тэнэг цагдаа гээд бгаа хүмүүст хандаж хэлэхэд ,энэ аавын амийг аварсан ч юм билүү ,хэрвээ оруулсан бол,энэ аав үхсэн бол,дахиад л тэнэг цагдаа улаан г#### руу ухаан мэдрэлээ ####дсан эцгийг оруулж ####лаа гэх үү,амныхаа.зоргоор.битгий гуагла,хүний мууг үзнэ гэдэг.хүмүүс угаасаа сайхан амьдардаггүй

  5. Bichleg dr hun avrahaargui bna sh dee. Gal ingej durelzehees umnu bituu orchin utaagaar duurdeg, utaand hun 1-2 minutiin dotor uhaan alddag. Um ma ni bad mi hum. Aav n mergejil negtnee buruutgaad yaahav. Emnelgiin dugneltiig n harah bailgui.

  6. Үхтэл үр харам, үзээд ####дах байсан юм, хамаг хувцасаа норгоод ч юм уу, зүгээр л боломжийг нь гаргаад өгсөн бол, эсвэл буруу хараад зогсчихсон бол, хууль дүрмийг биелүүлэхэд сэтгэл хэрэгтэй

  7. 3 хүүхдээ ####даад маш их хямарч бгаа бх гэхдээ ингэж барин тавин худлаа ярьж бурууг бу######д өгөх хэрэг байсан уу, г####ын аюулгүй байдлыг гэр бүлийн хүрээнд насанд хүрсэн этгээд эцэг эх нь хангах үүрэгтэй энэ хүний ч буруу хайнга зан байд#### нөлөөлсөн бх эцсийн дүнд цахилгаанаас болж г#### гарсан гэж дүгнэлт гарв#### энэ хүн ч тодорхой хэмжээгээр буруутай

  8. Тэр цагдаа нар даанч дээ боломж байсан юм бишүү.гэрийг ханыг өргөхгүйдээ яав.анх г#### гарч буй үёд агаар оруулж болдогүй юм шүүдээ улам дүрэлзэж асна.Ёр нь цагдаа нарт г####ын анхан шатны хичээл оруулж шүүдэг авч байх ёстой шүү.биё биерүүгээ түлхээд хэрэгүй шүү хүний ####тан амь зөв дүгнэлт гаргах хэрэгтэй шүү.Чадахгүй бол УБТЗ ын онцгой Албаар гаргууд даа.харамс####тай байна.ар гэрт нь эмэгнэл илэрхийлье.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button