Ярилцлага

Д.Ангар: 3 хувийн зээл нэрээр Монголбанк ер арилжааны банкнуудыг л санхүүжүүлчихлээ

Эдийн засагч Д.Ангартай Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч ярилцлаа.

-НААШТАЙГААР ХАРЖ БУЙ ЗҮЙЛ АЛГА-

-Долдугаар сарын 1-нээс иргэн, ААН-үүд зээлээ төлж эхэлнэ. НДШ-ийн нэмэгдлийг бол болиулж байх шиг байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа биднийг хүлээж буй эдийн засгийн өөр хүндрэлүүдийг юу гэж харж байгаа вэ?

-Бид эдийн засгийн хувьд хүний эрүүл мэндтэй зүйрлэвэл суурь өвчтэй, халдвар авчихсан, өндөр халуунтай байна. Гэтэл долдугаар сарын 1 хүртэл халуун бууруулах эм л уулгасан болохоос суурь эмчилгээ хийгээгүй. Халууны эм уулгасан гэж буй нь бүх ААН, иргэдийн банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулсан явдал. Долдугаар сарын 1-нээс хойш сүүлийн бараг зургаан сар хуримтлагдсан үндсэн төлбөрийг төлж эхэлнэ. Үүн дээр ямар ч шийдэл байхгүй. Хүү нь буураагүй. Тэгэхээр иргэн, ААН-үүд зээлээ төлж чадахгүй байдалд орох нь тодорхой. Банкнууд дээр чанаргүй зээлийн тоо өсөж, иргэд, ААН-үүдийн зээлүүд чанаргүй үнэлгээтэй болох эрсдэлтэй. Миний хувьд лав нааштай харж буй зүйл алга.

Статистикаар эдийн засаг 15.4 хувиар өссөн байна гэж мэдээлэгдлээ. Энэ тоонд эрх баригчид тайвшраад байх шиг. Тэгж байгаа бол төөрөгдөл. Энэ бол зөвхөн уул уурхайн салбарын өсөлтөөр гарсан дүн. Сайндаа ч биш зэс, төмрийн хүдэр, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсөлттэй байна. Энэ том өсөлтийг дундажлахаар 15.4 хувь гарч байхгүй юу. Түүнээс нийт иргэдийн амьдрал асар хүнд байгаа.

-Татварын дарамт ч асар хүнд харагдаж байна. Том, том ААН-үүд дансаа хаалгалаа шүү дээ?

-Үндэсний түүчээлэх том компаниуд дансаа хаалгалаа шүү дээ. Хэн байв гэхээр “Эм-си-эс”, “МАК”, “Моннис”. Монгол Улсыг нуруун дээрээ авч явдаг компаниуд татварын дарамтаас болж дансаа хаалгаж байгаа нь юуг харуулж байна вэ. Эдийн засаг өсөж үү. Асуудал маш хүндэрснийг л илтгэж буй. Долдугаар сарын 1-нээс энэ компаниудын нөхцөл байдал бүр л хүндэрнэ. Том компани том зээлтэй. Би дандаа муу дүр зураг яриад байгаа мэт боловч бодит байдал ийм л байна.

-3 ХУВИЙН ЗЭЭЛ БОЛ МОНГОЛБАНКНЫ “ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ” АРГА ХЭМЖЭЭ-

-Ядаж татварын сегментээр төр өршөөл үзүүлж болохгүй юу. МҮХАҮТ-аас тийм санал гаргасан. Сангийн сайд бол дахин өршөөл байхгүй гэсэн утгаар мэдэгдчихээд байгаа?

-Аль, аль талыг нь л сонсох ёстой. ААН-үүд үнэхээр хүнд байгаа боловч татварын орлого бүрдэхгүй бол улс бүр дампуурна, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжээ тавьж чадахгүй. Тэгэхээр ААН-үүд татвараас чөлөөлөгдье гэж хүсэлт тавьж буй нь зөв, гэвч чөлөөлж чадахгүй. Нөгөө талд төр өршөөл үзүүлэхгүй гэж байгаа нь ч зөв, мөнгөгүй болчихсон юм чинь. Ямар сайндаа Азийн хөгжлийн банкнаас 170 сая ам.долларын зээл авч, 100-гаар нь төсвийн алдагдлаа нөхөөд, 70-аар нь хүүхдийн мөнгийг санхүүжүүлж байх вэ. Бүр л буруу зам руугаа явж байгааг энэ үйл явдал харууллаа. Гадаадын валютаар илэрхийлэгдэх зээл аваад, түүгээрээ халамжаа санхүүжүүлнэ гэдэг эдийн засаг асар хүндэрсний илрэл. Гэхдээ энэ асуудал сүүлийн 30 жилийн буруу бодлогоос үүдэлтэй. Монголбанк маш буруу ажилласан. Яг ний нуугүй хэлэхэд, сүүлийн 30 жил Монгол Улсыг хамгийн их хорлосон байгууллага бол Монголбанк. Зээлийн болон хадгаламжийн хүүг маш өндөрт барьсан. Яагаад гэвэл мөнгөтэй, хөрөнгөтэй хүмүүсийнхээ хуримтлалыг инфляцаас хамгаална гэдэг бодлого явуулсан. Үүнээс болж арилжааны банкан дахь хадгаламжууд эрсдэлд ордоггүй ч эдийн засаг нь мөлхдөг нөхцөл байдал үүссэн.

-Энэ 3 хувийн хүүтэй зээл ч гэсэн Монголбанканд л их ашигтай тусах шиг харагдлаа?

-3 хувийн хүүтэй зээл бол арилжааны банкнуудыг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж байгаа Монголбанкны “зохион байгуулалттай” арга хэмжээ. Иргэд, ААН-үүдэд ямар ч наалдац байхгүй. Иргэд, ААН-үүд 3 хувийн хүүтэй зээл авлаа гэж баярлаад байгаа боловч арилжааны банкнуудад татвар төлөгчдийн мөнгөнөөс үлдсэн 6 хувийг нь татаас болгож өгч байгаа. Банкнууд зээлийн хүүгээ буулгаагүй шүү дээ, 9 хувь хэвээр. Энэ маш шударга бус. 10 их наядын хөтөлбөр гэнэт гараад ирсэн. Засгийн газар санаачлаагүй гэж би бодож байгаа. Хэн энэ хөтөлбөрөөс ашиг хүртэж байна гэдэг талаас нь харвал энэ ерөөс анхнаасаа Монголбанк, арилжааны банкнууд хоорондоо ярьж, тохирч хийсэн зүйл. Арилжааны банкнуудын татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжих, дээрээс нь чанаргүй зээлээ төрд шахах төлөвлөгөө мэт. 11 мянган ААН-үүд 3 хувийн хүүтэй зээл авсан байна гэж зарлах юм.

-Зээл авсан ААН-үүдийн тоо нэлээд томоор л зарлагдаад байгаа?

-Гэтэл яг ААН-үүд дээр яваад очихоор хэн ч аваагүй байгаа байхгүй юу. Дандаа барьцаа хөрөнгө дутуу гэх мэт шалтгаанаар буцаагдаж байна. Ерөөс энэ хөтөлбөрөөр арилжааны банкнууд чанаргүй зээлээ төсвийн татаасаар солиод, балансаа цэвэрлээд авчихаж байна шүү дээ.

-ЯГ ҮНЭНДЭЭ ХОЁР МОНГОЛ ХҮНИЙ НЭГ НЬ ЯДУУ БОЛЧИХЛОО-

-Таны хувьд 10 их наядын хөтөлбөрийг анхнаас нь хэрэгжихгүй гэсэн байр суурьтай байсан байх аа?

-Дөнгөж ярьж эхлэхэд нь л хэрэгжихгүй гэж хэлсэн. Ялангуяа Монголбанк бодлогын хүүгээ буулгаагүй цагт бүр хэрэгжихгүй. Мөнгө эдийн засаг руу биш Монголбанк руу ТБҮЦ /Төв банкны үнэт цаас, Сурв./ хэлбэрээр орно гэж хэлж байсан. Хөтөлбөр хэрэгжихээс өмнө ТБҮЦ-ны үлдэгдэл 8 их наяд төгрөг байсан.

-Одоо 9.8 их наяд болсон байна лээ.

-Тийм, бараг 10 их наядад хүрсэн. Нөгөө эдийн засаг руу гаргах гээд байгаа мөнгийг чинь банкнууд Монголбанк руу оруулаад, 6 хувийн хүү зүгээр аваад байна шүү дээ.

-Уг нь ийм мэтийн ААН-үүдээ дэмжих бодлогыг 2020 оны хавар л хийж байх ёстой байсан. Цаг хугацааны хувьд ч хоцорчих юм?

-Тийм, өнгөрөгч оны хавраас, за ядаж тав, зургадугаар сард хийх ёстой байсан. Бусад улс орнууд ноднингийн зун гэхэд бодлогын хүүгээ буулгаж, ААН-үүддээ хөнгөлөлттэй зээл олгосон. Ингэхээр мөнгө өөрөө эргэлдээд эхэлнэ. Арилжааны банкнууд өөрсдөө ААН-үүдийн араас гүйнэ. Гэтэл зээл битгий гарга гэдэг нөхцөлийг Монголбанк өөрөө бүрдүүлээд байна. Мөнгөө нааш нь өгчих өө, тэгээд зүгээр сайхан 6 хувийн хүүгээ ав гэсэн байдалтай. Ингээд чи ч бас харсан байна, 8 их наяд байсан ТБҮЦ 10 их наяд болчихлоо. Уг нь 8 маань 4 рүү буугаад, 4 их наяд төгрөг эдийн засаг руу орчихсон байх ёстой. ААН-үүд төрийн бодлого ёстой зөв хэрэгжлээ гээд ярьж байх учиртай.

-Бурхны ивээлээр гэдэг шиг зэсийн үнэ маш сайн байна. Даанч энэ супер цикл дээрээ сайн менежмент хийхгүй байна. Ийм үед орж ирсэн мөнгөө 300 мянгаар, вакцин хийлгэсний урамшуулал гэж 50 мянгаар тараагаад байгаа нь хэр зөв юм бэ?

-50 мянгыг бол буруутгаагүй. Үнэхээр монголчууд хэнэггүй, хариуцлагагүй байсан. Хэт тархи угаалт  маягийн зүйлд автаад вакцинаас татгалзаж байсан. Харин энэ урамшуулал олгогдсоны дараа бараг очерлоод эхэлж байна лээ шүү дээ. Иргэд нийтээр вакцинд хамрагдаад, дархлаажаад авбал улс оронд л хэрэгтэй.

Уул уурхай дээр би ийм зүйл хэлэхийг хүсдэг юм. Өнөөдөр уул уурхай Монголыг авч явж байна, үнэн. Нийт эдийн засгийн бараг 90 хувийг уул уурхай болон түүнийг дагасан салбар бүрдүүлж байна. Одоо супер цикл өндөр байна, таван жилдээ окей байх. Харин унах цикл ирвэл яах вэ. Ирэх нь тодорхой, уул уурхай өсөж буурсан циклээр явдаг. Дотооддоо үйлдвэрлэл байхгүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бид өндөгнийхөө 50 хувийг үйлдвэрлэдгийг сая л мэдлээ” гэж ярьж байсан. Төрд ийм удаан ажиллачихаад ийм муу мэдээлэлтэй.

Тэгэхээр үнийн өсөлттэй байгаа, үүлэн чөлөөний нар шиг энэ хэдхэн жилээ ашиглаад үйлдвэрлэлийн бусад салбаруудаа хөгжүүлэх ёстой. Дотооддоо үйлдвэрлэж болох бүх зүйлийг л эндээ хийдэг болох ёстой. Яг үнэнийг хэлэхэд хоёр монгол хүний нэг нь ядуу болчихлоо. Хотын төвөөр гайгүй ч 7 буудлаар өлсгөлөнтэй байна шүү дээ. Үүнийг үйлдвэрлэлээр л шийднэ. Харин манай төрийн бодлого бэлэн талхны мөнгө өгөөд л яваад байдаг хэлбэртэй. Сүүлдээ төсөв нь улайчихсан. Удахгүй өгдөг халамжаа ч өгч чадахаа байна.

-НЭН ТЭРГҮҮНД ҮЙЛДВЭРЖИЛТИЙН БОДЛОГОО ТОДОРХОЙЛЖ, БОДЛОГЫН ХҮҮГ БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ-

-Ялангуяа нүүрсний ирээдүй улам л хурдацтай бүрхэг болсоор байна?

-Ойрын 10 жил дотор явна, түүнээс цааш хэцүү. БНХАУ Парисын хэлэлцээрт нэгдсэний хүрээнд нүүрснээс татгалзаж эхэлж байна. Сая Их долоон улсын Сангийн сайд нүүрс хэрэглэдэг төслүүдийг санхүүжүүлэхээ больё гэж мэдэгдэл гаргасан. Орлох технологи нь хараахан байхгүй байгаа тул ойрын 10 жилдээ гайгүй байх. Түүнээс цааш нүүрсээр л амьдарч буй бидний хувьд хамраараа газар хатгах уу, яах вэ. Монгол хүнд хийж чаддаг зүйл алга байна шүү дээ. Нэг хэсэг дан гадаадын тусламжийн мөнгөөр, нэг хэсэг Оюу толгойн мөнгөөр амьдарсан, одоо нүүрсний мөнгөөр амьдарч байна. Энэ байдлыг засахгүй бол муугаар хэлэхэд манай эдийн засаг 50 жил ч хүрэхгүй дампуурна.

-Одоогийн нөхцөл байдалд үйлдвэрлэлээ хөгжүүлэх битгий хэл ААН-үүдээ яая даа гэсэн байдалтай байна. Нэн тэргүүнд яах вэ?

-Үйлдвэрлэлийн бодлогоо гаргах хэрэгтэй. Энэ дотор тарифын бодлого, дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалах бодлогууд багтана. ОХУ 100 гаруй жил өндөг үйлдвэрлэчихсэн, нэг өндгийг биднээс хамаагүй хямд зардлаар үйлдвэрлэдэг орон. Гэтэл бидний хувьд өндөгний аж, ахуй дөнгөж эхэлж хөгжих гээд мачийж байхад ОХУ-аас өндөг импортлоод байвал тэгээд л буруу. Үүн дээр тарифын бодлого хэрэгжүүлдэг. Гаалийн тариф өндөр тавьж, үнийг нь өсгөж өгч байж дотоодын үйлдвэрлэлүүдээ хамгаалдаг. Гэтэл манай улс өнөөдрийг хүртэл ямар ч тарифын бодлогогүй явж ирсэн. Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон учир зөвшөөрөгдсөн 30-40 хувийн татварыг ноогдуулж болно. Гэтэл өнөөдөр 5-хан хувьтай явдаг.

Дараа нь зээлийн хүүгийн бодлого. Бусад улс оронд банкнууд нь ААН-үүдийнхээ араас манай банкнаас зээл аваач гэж хөөцөлддөг. ОХУ, БНХАУ хоёр ч адилхан. Арилжааны банкнууд хоорондоо өрсөлдөж, хүүгээ буулгаж, зээлийн нөхцөлөө сайжруулдаг. Харин Монголд эсрэгээрээ. Үүнийг одоо өөрчлөх ёстой. Зүгээр л бодлогын хүүгээ буулгах ёстой.

-Тэгэхээр сонгуулийн дараах эдийн засгийн нөхцөл байдал, гарц шийдэл ч хүндхэн харагдаж байна. Төрийг “Өршөө, тэглэ” гэхэд ч хэцүү болчихлоо. Иймд ерөөс үйлдвэржилтийн бодлого руугаа ханцуй шамлаж орох ёстой гэж та хэлж байгаа юм байна вэ?

-Тийм. Тэгж байж ядах нь аа ажлын байр нэмэгдэнэ, хүмүүс ажилтай болно. ҮСХ-ноос ядуурлын түвшнийг 30 хувь байна гэж худлаа зарлаад байгаа юм. Манай статистикийн байгууллагууд ч дандаа тоогоор тоглодог болсон л доо. Миний харж буйгаар ядуурал бараг 50 хувь болсон. Яагаад ядуу байгаа юм, ажилгүй. Яагаад ажилгүй юм, ажилд авах газар алга. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-27 09:30

Үнэн зөв мэдээлэл байна

irgen
irgen
2021-05-27 10:03

zov shuu ene zasag tor dotoodin uildverlelee ogt demjihgui bgaa, dotodiin hudaldan avalt gej yum alga shunaltai darga nar end tendees hog avchirch shahaa hiigeed bhad yaj uildverlel osch ajliin bair nemegdeh ve, gaaliin tatvar bna bodlogo baihgui dotoodin uildverlegch geed tsoohon AAN-g tataj unagadag, Hangiin gol ni tord baigaa humuus ni yamarch medleg chadvar uhaan baihgui hudlaa l hoorson showdson bodit hiij bgaa zuil baihgui hudlaa yarina haramsaltai

zochin
zochin
2021-05-27 10:43

Ingeed tsegtstei medeel ogohgvi bol deedchvvl ni medsen ch medeegvi met doodchuul ni oilgohgvi zamhardag baliar zvil davtagdsaar l bn

я
я
2021-05-27 20:54

ББСБ-ыг дэмжсэн

Back to top button