Нийгмийн

С.Наранцогт: Хотын дарга Д.Сумъяабазар Сангийн яамыг гүтгэсэн

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт болон тус яамныхан цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.09.07/ мэдээлэл хийлээ.

Сангийн яамны ТНБД С.Наранцогт хэлэхдээ: Хотын дарга Д.Сумъяабазар есдүгээр сарын 6-нд мэдээлэхдээ 30 автобусны тендер зарласан. Сангийн яамныхан болон Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт дөрөв дэх компанийг шалгаруулахгүй байна. Эс бөгөөс Авлигатай тэмцэх газарт өгнө. Сүүлийн 30 жил Сангийн яам ашиг сонирхлын зөрчилтэй байж ирсэн мэтээр илтэд Сангийн яамыг гүтгэсэн мэдээлэл хийсэн учраас үнэн бодит хариулт өгөхөөр мэдээлэл хийж байна. Ямар нэгэн баримтгүйгээр байгууллага, хувь хүний нэр хүндэд халдаж байгаад харамсаж байна. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор нийслэл рүү явуулсан албан бичгийг танилцуулъя.

Уг албан бичигт Сангийн яам ямар нэгэн байдлаар аль нэг компанитай гэрээ байгуулах тухай болон Авлигатай тэмцэх газарт шалгуулах талаар үг, үсэг байхгүй. Энэ албан бичигт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.1-д заасан зүйлийн дагуу тендерт оролцогч компаниуд Сангийн яаманд гомдол гаргасан тохиолдолд хариуцсан улсын байцаагч тухайн тендерийн материалтай танилцаж, өөрийнхөө дүгнэлтийг гаргаж, холбогдох дарга нараар хянуулж, Төрийн нарийн бичгийн дарга албажуулдаг.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлсэн нийтийн тээврийн парк шинэчлэлт төслийн хүрээнд 60 ширхэг автобус худалдан авах тендерийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарлаж, долоон компани оролцсон. Тухайн тендерт “Сүлдэрхан мениралс” компани шалгарсан. Дээр дурдсан хуулийн дагуу тендерт оролцсон долоон компанийн гурав нь 18 зүйлээр гомдол гаргасан. Гомдлын дагуу шалгаж үзэхэд зургаан шаардлага хангаагүй байсан гэж улсын байцаагч дүгнэсэн. Тухайлбал тус компани нь автобус нийлүүлж байсан туршлагагүй. Өөрийн эзэмшлийн засварын төвгүй зэрэг шаардлагуудыг хангаагүй. Нууц гэрээгээр машин механизм нийлүүлсэн гэдэг туршлага бичсэн байсан. Татвар төлөгчдийн мөнгө яригдаж байгаа газарт нууцаар хэдхэн хүн нийлээд гэрээ байгуулж болохгүй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button