УЛС ТӨР

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг хэлэлцүүлэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан өчигдөр (2021.11.10) 14 цаг 12 минутад 60.0 хувийн ирцтэйгээр эхэлж, хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр тогтов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ уг тогтоолын төслийг өөрөө санаачлан боловсруулсан тул Улсын Их Хурлын тухай хуулийн 27.2-т заасны дагуу хуралдаан удирдахаас татгалзаж байгаагаа хэлж, тус Байнгын хорооны хамгийн ахмад гишүүн Хавдисламын Баделхан гишүүнээр хуралдаан удирдуулах саналтай байгаагаа танилцуулав.

Төсөл санаачлагч, Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн танилцуулгыг хийв. 

Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлан тус хуульд нийцүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинээр баталсан. Эдгээр хууль тогтоомжид нийцүүлэн Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 45 дугаар захирамжаар “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, С.Ганбаатар, Н.Ганибал, Л.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, мөн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын дарга асан Д.Дэмбэрэл, академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор С.Нарангэрэл, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэлхам, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсгийг Байнгын хорооны даргын шийдвэрээр байгуулан ажиллалаа.

“Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хурал 3 удаа, дэд ажлын хэсгийн хурал 6 удаа хуралдсан. Улсын Их Хурал дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг танилцуулж, гишүүдээс гарсан саналуудыг нэмж тусгасан.

Улсын Их Хурлаас 2009 онд батлагдсан “Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм” нь 7 бүлэг, 14 зүйл, 20 дэд заалттай бол шинэчилсэн найруулгын төсөл нь 12 бүлэг 71 зүйл, 26 дэд заалттай боловсруулагдсан.

Дүрмийн төсөлд Улсын Их Хурлын гишүүний ёс зүй, сахилгын асуудал, чуулганы хуралдааны дэг сахиулах, гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг, гишүүний төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, нэгдсэн хуралдааны ирцийн асуудал, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, Улсын Их Хурлын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хариуцлага ногдуулахаар тусгасан.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, С.Бямбацогт, С.Ганбаатар, Б.Баярсайхан нар Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн найруулгыг дэмжиж байгаагаа илэрхийлж, төсөл санаачлагчаас асуулт асууж, тодруулга авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт төрийн албан хаагчдын ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой хийгдсэн ажил,  хууль өргөн баригдах эсэх талаар тодруулав. Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ төрийн албан хаагчдын ёс зүйн хариуцлагын тухай хуулийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж, өнгөрсөн хугацаанд удаа дараа хэлэлцүүлэг зохион байгуулагдсан, уг хуулийг нэн яаралтай оруулах шаардлагтай гэсэн тайлбар хийв.

Байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувийн саналаар дэмжигдлээ.

Байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн 11 дүгээр сард Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороогоор хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул гишүүдийн олонхын саналаар батлагдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button