Нийгмийн

Ц.Мөнхцэцэг: Улс төрийн намуудын хөрөнгийн эх үүсвэр, зарцуулалтыг ил тод болгох нь чухал

НҮБ-аас зарласан авлигын эсрэг олон улсын өдрийг энэ жил дэлхий нийтээр "Таны эрх-Таны оролцоо; Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрийг тохиолдуулан АТГ-аас "Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” арга хэмжээг зохион байгуулж байна.

Чуулганд УИХ дахь Авлигын эсрэг лобби бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал, олон нийтийн хяналт, оролцоо” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр "Монгол Улсын улс төрийн санхүүжилтийн эрх зүйн орчинд тулгамдаж буй сорилтуудыг ерөнхийд нь авч үзэхэд хуулийн хийдэл их, түүнчлэн хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь гол шалтгаан болж байна.

Эрх зүйн шинэчлэл олон асуудлыг хөндөх нь гарцаагүй ч нэн түрүүнд улс төрийн санхүүжилтийн хяналт, ил тод байдал, тайлагналтыг сайжруулах, мэдээллийг олон нийтэд ил болгоход анхаарал хандуулах шаардлагатай байна. Улс төрийн намуудыг хариуцлагажуулах, үйл ажиллагаа нь хууль дээдлэх зарчимд суурилсан байх, тэдгээрийн хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нийтэд ил тод байх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь нэн чухал. Улс төрийн нам нь онол, судалгаанд үндэслэн боловсруулсан бодлогоороо өрсөлддөг, үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод, ардчилсан болж төлөвших юм бол энэ нь төр тогтвортой, авлигаас ангид байхын суурь болдог.

Энэ хуульд улс төрийн намуудад төсвөөс олгож буй санхүүжилтийн тодорхой хувийг эмэгтэй болон залуу гишүүд, нэр дэвшигчдийг дэмжихэд зарцуулах нөхцөл заах, УИХ-д суудалгүй ч сонгуульд тодорхой амжилт үзүүлсэн намуудад төсвөөс санхүүжилт олгодог болно. Мөн сонгуулийн зардлын тайлан гаргах үйл явцыг тодорхой болгох, сонгуулийн болон сонгуулийн бус үеийн улс төрийн санхүүжилтийг нарийн хянах, тайлагнах нөхцөлийг хангах, хяналт тавих эрх үүргийг нэг байгууллагад голлон төвлөрүүлэх, намын санхүүжилттэй холбоотой хариуцлагын механизмыг сайжруулах, одоо хүлээлгэж байгаа торгуулийн шийтгэлийн хэмжээг нэмэхийн сацуу зөрчихөөс эмээх сэдэл төрүүлэхүйц шинэ хариуцлагын хэлбэр (төрийн санхүүжилтыг зогсоох гэх мэт)-ийг хуульд зааж тусгахаар ажиллаж байна" хэмээн онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button