Шүүх Ноён уулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож, Засгийн газар дэмжив

Өчигдөр /2019.09.10/ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Ингэхдээ “Сентеррагоулд монголия” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А дугаартай ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргалаа.
“Одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газар, “Сентеррагоулд монголия” ХХК нар давж заалдахгүй бол Ноён-Уул аврагдлаа” гэж УИХ-ын гишүүн асан Г.Уянга мэдээлэв.
Харин энэ асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдрийн /2019.09.11/ Засгийн газрын хуралдааны үеэр “Ноён уулын тухай шүүхийн шийдвэр гарсан. Би дархан цаазат газар болго гэдэг үүрэг өгсөн. Одоо УИХ-д өргөн барь. Өвөг дээдсийн онгон дагшин, захиж үлдээсэн захиастай уул усыг хөндөж болохгүй. Тэнд монголын түүх бий, бидний өвөг дээдэс тэнд нойрсож байгаа. Төрт улсын түүх тэндээс эхэлж байгаа. Бид тэнд алт ухаж болохгүй, түүний оронд аялал жуулчлалын газар болгоё. Заавал ухах ёстой юм уу” гэсэн байр сууриа илэрхийллээ.
Эргэн сануулахад, Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршдог Ноён уул нь хүдрийн 27.667.378 тонн, алтны 75 942.11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмших Засгийн газрын шийдвэр гарсан. Харин ашиглалтын дөрвөн лицензийг “Сентерра Гоулд” ХХК- эзэмшдэг бөгөөд нэхэмжлэгч тал үүнийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан.
Б.ГЭРЭЛМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.