
Австрийн газрын тос, байгалийн хийн “OMV” компаниар төлөөлүүлсэн Австрийн тал Оросын банкинд зохих данс нээлгэж, Оросын хийн нийлүүлэлтийн төлбөр тооцоог рублиэр төлөх В.Путиний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байна. Энэ талаар Австрийн канцлер Карл Нехаммер өчигдөр /2022.04.27/ мэдэгдлээ.

“Бид, өөрөөр хэлбэл “OMV” компани, Германы засгийн газрын нэгэн адил ОХУ-ын тавьж буй төлбөрийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна. Нөхцөл нь хориг арга хэмжээний нөхцөлтэй нийцэж байгаа юм. Энэ нь бидний хувьд чухал байсан” хэмээн Канцлер Нехаммер хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Хэвлэлүүдийн мэдээлснээр, Польш, Болгар гэсэн Европын Холбооны улс Оросоос авах хийн төлбөрийг рублиэр төлөхөөс татгалзсан учир Оросоос энэ төрлийн түлш нийлүүлэхэд асуудал тулгарсанд мөн Канцлер анхаарлаа хандуулав.
Карл Нехаммерыг Москвад айлчлах үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин түүнд байгалийн хийг бүрэн хэмжээгээр нь нийлүүлж, нийлүүлэлтийн төлбөрөө еврогоор төлөх боломжтой гэж мэдэгдсэн байсныг тодотголоо. Австрийн хувьд В.Путиний эл мэдэгдэл одоо хэр нь өөрчлөгдөөгүй байгаа юм.

Тиймээс, Оросын байгалийн хийн нийлүүлэлтийг Австри улс руу ямар нэгэн саадгүй хийж байгаа хэмээн тус улсын Эрчим Хүчний сайд Леоноре Гевесслер нотлов. Тэрбээр хэлэхдээ, энэ жил Оросоос шатахуун нийлүүлэхгүй бол агуулахыг өвөл болохоос өмнө дүүргэх боломжгүй, гэсэн ч Австри эх үүсвэрээ төрөлжүүлэх сонирхолтой байна гэлээ.
Дөрөвдүгээр сарын 1-нээс Орос улс байгалийн хийн төлбөр тооцоог ам.доллар, еврогоор хийхгүй зөвхөн рублиэр хийхийг шаардсан. Хэрэв рублиэр тооцоо хийхээс татгалзсан улсыг “найрсаг бус орнууд” хэмээн үзнэ хэмээн ОХУ мэдэгдсэн.
Ийнхүү ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Газпромбанк” рублийн тусгай данс нээхээр болсон. Байгалийн хийг худалдан авагч улс төлбөрийг гэрээнд заасан валютаар эхний данс руу шилжүүлж, банк түүнийг нь Москвагийн бирж дээр зарж, хоёр дахь дансанд рублиэр хөрвүүлэн шилжүүлнэ.
Эх сурвалж: Canews
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.