Нийгмийн

"MEZORN": Ажлын цагаар унтаж амарч болдог нь манай байгууллагын нэгээхэн соёл

Хөдөлмөрийн хуулинд зааснаар бид өдөрт найман цаг ажиллах учиртай. Уншигч таны хувьд энэ найман цагийг хэр үр бүтээлтэй өнгөрүүлж чадаж байна вэ. Ажлын бүтээмжид юу чухал үүрэгтэй вэ, ажил олгогчоос бид юуг шаардаж болох вэ. Эдгээр асуултад хариулт өгч болох нэгэн компанийн сайн жишээг танд хүргэе.

https://www.youtube.com/watch?v=rjCP6SwPaqM

Үүсгэн байгуулаад 13 жил болж буй программ хангамж, мэдээлэл технолoгийн “MEZORN” компани. Энэ компанийн үүдээр орох төдийд эрч хүч, энерги хийгээд ихийг хийж бүтээх хүсэлтэй залуусын цоглог дуу хоолой, халуун дулаан уур амьсгал мэдрэгдэнэ. Учир нь энд “АЙ ТИ”-ийн салбарын 43 шижигнэсэн залуу ажилладаг. Тэд ажлын цагаараа хэт баригдмал байдлыг чухалчилдаггүй, өөрийн зохицуулалтаар ажлаа төлөвлөн гүйцэтгэдэг онцлогтой. Энэ зохицуулалтыг Монголын бусад компани, аж ахуй нэгжүүдэд дутагдаж байгаа шинэ соёл гэж хэлж болно.

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэхүү компанийн ажилчдыг 20-40 минут ажлын байрандаа унтаж амардаг гэдгийг тодотгосон. Тэгвэл ажилчид унтаж амрах нь энэ компанийн нэвтрүүлсэн соёлын нэгээхэн хэсэг юм. Тухайлбал, залуус ажлын байрандаа плэйстэйшн, дартас, зүлэгний гольф, шатар, ширээний хөл бөмбөг тоглох байдлаар ажлын ачаалал, стрессээ тайлж биеийн чилээгээ гаргадаг байна. Мөн сонирхлын бүлгээрээ нэгдэн олон талт үйл ажиллагаа, тэмцээн явуулахаас гадна клубууд ажиллуулдаг аж.


"MEZORN" компанийн залуус өглөөний найман цагаас арван цагийн хооронд ажилдаа ирж ирсэн цагаасаа шалтгаалж оройн 16-18 цагийн хооронд ажлаасаа тарах боломжтой. Энэ шийдэл нийслэлийн замын түгжрэлд удаан хугацааг зарцуулж өглөө бүр ажлын цагтай уралдаж яарахгүй байх боломжийг ч мөн олгодог сайн талтай гэдгийг тэд хэлж байлаа. Mөн өдрийн ажлын цагаа төвлөрлийн, чөлөөт, хоолны цаг гэсэн гурван хэсэгт хуваах уян хатан зохицуулалтыг ч хийжээ.

Хэсэг хугацаанд энэ компанийн ажилчидтай ярилцаж суухад хүн төвтэй, ажлын бүтээмжид анхаарсан, хамт олонд суурилсан, чөлөөт байдлыг соёл болгон нэвтрүүлж чадсан байдал нь ажил олгогч болон тухайн компанид хэрхэн сайнаар нөлөөлж болохыг сайтар анзаарсан юм.

"MEZORN" компани утасны аппликэйшн хөгжүүлэлтээрээ иргэдэд аль хэдийнэ танил болсон. Тухайлбал, UB cab, тэтгэлэг зэрэг аппликэйшнуудыг эдгээр залуус хөгжүүлж иргэдийн болон оюутан залуусын тогтмол хэрэглэдэг гол хэрэглэгдэхүүн болгож чаджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button