ХАРАНГА: 30 жилийн ойдоо зориулан 30 дуутай концерт хийнэ
“Харанга” хамтлагийн 30 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд тус хамтлаг “Харанга 30 жил-Замд гарья” тоглолтоо аравдугаар сарын 19-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт хийхээр төлөвлөжээ.
Иймд өнөөдөр /2019.09.23/ “Новотел” зочид буудалд 12.00 цагаас тоглолт болон гадна шинээр гарах пянз, баримтат нэвтрүүлэг, реалити шоуны талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ.
ТОГЛОЛТ БОЛОХ ӨДӨР ХАРАНГА ХАМТЛАГЫН ТЭМДЭГ ЛОГОТОЙ 10 ГАРУЙ АВТОБУСЫГ 12:00-00:00 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛУУЛНА

Харанга хамтлагийн гишүүн Ц.Чулуунбат:
“Энэ удаагийн тоглолтыг ард түмэнтэйгээ хамтдаа тоглох болно. Буянт-ухаа спорт цогцолборт ганцхан удаа тоглолт хийYT. Түүнчлэн биднээс өмнө уран бүтээлээ туурвиж эхэлсэн хүмүүстээ ч 30 жилийн ойн мэндийг хүргэе. Бид тоглолтоо аль болох чөлөөтэй байлгахыг зорьж байна. Үзэгчдэд маань нийтийн тээврийн асуудал хүнд байдаг тул бид Харангийн тэмдэг логотой 10 гаруй автобусыг тоглолтын өдрөөр ажиллуулах төлөвлөгөөтэй байна Энэхүү автобус маань өдрийн 12:00 цагаас шөнийн 00:00 цагт хүртэл ажиллах юм. Мөн бидэнд “Харанга” хамтлагийн үзэсгэлэнг гаргах онцгой санал тавьсан байгаа. 30 жилийн ойдоо зориулан 30 дуутай концерт хийнэ” хэмээсэн юм.
30 ЖИЛ ХАМТЛАГАА ХАДГАЛЖ ҮЛДЭНЭ ГЭДЭГ АСАШЁОРЮҮГИЙН ХЭЛДГЭЭР "АЛААН " ЮМ

Найруулагч Б.Цогтбаяр:
”Би бол Харанга хамтлагийн маш том шүтэн бишрэгч. 30 жил гэдэг бол маш урт хугацаа юм. Энэ хугацаанд анх эхэлсэн бүрэн бүрэлдэхүүнээрээ уран бүтээлээ хийгээд явж байна гэдэг бол маш бахархалтай явдал юм. Харанга бол оюун санааны хувьсгалыг залуучуудад авчирсан хүндтэй хамтлаг юм. Анхны тоглолтоо хийсэн цагаасаа хойш хугацааг тооцож үзэн 30 жил гэж хэмээж буй. Үнэндээ үүнээс ч урт хугацааг туулсан. Энэ 30 жил хамтлагаа хадгалж уран бүтээлээ хийнэ гэдэг Асашёорюүгийн хэлдгээр “алаан” юм. “Best Of Haranga” хэмээх пянзны цомгоо гаргахаар төлөвлөсөн байна. Уг цомгийн нэрийг “Цаг хугацаа” гэж нэрлэсэн. Тоглолт маш сайхан болно гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
ЦААШДАА ОЛОН ЖИЛ ХАМТРАН АЖИЛЛАНА ГЭЖ ИТГЭЖ БАЙНА

Түүнчлэн уг тоглолтын талаар “Novotel Hotel”-ийн ерөнхий менежер Michael Schumacher:
“Зочид буудал маань нээгдээд дөнгөж нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Мөн амьд домог болсон хамтлагтай хамтран үйл ажиллагаа явуулж буйдаа баяртай байна. Дөнгөж баасан гарагт бид хоорондоо ярьж байгаад энэ гэнэтийн санааг гаргасан. Цаашдаа олон жил хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна” гэлээ.
ХАРАНГА ХАМТЛАГ ТЕЛЕВИЗИЙН НЭВТРҮҮЛГЭЭР ДАМЖУУЛАН УРАН БҮТЭЭЛҮҮДЭЭ ҮЗЭГЧДИЙН ХҮРТЭЭЛ БОЛГОНО

Тоглолтыг найруулагч “Скин энтертайнмент”-ийн Б.Анар:
“Тоглолт маань хагас жил гаруй хугацаанд бэлтгэгдсэн. Үзэгчиддээ сонирхуулан хэлэхэд шинэ пянзны цомог, шинэ дуунуудаараа бэлэг барьж байна. Буянт-ухаа цогцолборт тоглолтоо хийхээр болсон бөгөөд гэрлийн шийдэл бүх зүйлсийг хийхээр төлөвлөсөн. Харанга хамтлагийн 30 жилийн ойн хүрээнд шинэ содон зүйлсийг хийхийг зорьсон. Тоглолтоо 15:00 цагаас эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Улаанбаатар хотын хаана ч хүргэхийн тулд ticket.mn-тэй хамтран ажиллаж байна.
Боловсрол телевизтэй хамтран аравдугаар сарын 14-нөөс Харанга хамтлагийн тухай нэвтрүүлгийг хамгийн их үзэлттэй байдаг цагаар гаргах юм. Телевизийн нэвтрүүлэгээр дамжуулан Харанга хамтлаг өөрсдийн уран бүтээлүүдээ үзэгчдийн хүртээл болгоно” гэлээ.
АНХ БАЙСАН ҮЕИЙН ИМИЖИЙГ ОРЧИН ҮЕИЙНХТЭЙ ХОСЛУУЛАН ШИНЭ ӨНГӨ ТӨРХ БИЙ БОЛГОНО

Дизайнер н.Ариунболд:
“Манай байгууллага нь Солонгос улсад 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж буй захиалгын хувцасны компани юм. Өнөөдрөөс албан ёсоор Харанга хамтлагын имижийг бүрдүүлэх ажлыг хүлээн авлаа. Харанга хамтлагийн дөнгөж нээгдэж байсан үеийн гадаад төрхийг орчин үеийнхтай хослуулан онцгой имижийг бүрдүүлэх болно” хэмээв.
Мөн тасалбарын үнийн талаарх мэдээллийг товчхон хүргэсэн юм. Тодруулбал,

Зогсоогоороо үзэх тасалбар:30.000 төгрөг
Тайзны ард талын хэсгүүд хаалттай байна.
Тайзтай ойр байрлах суудал:60.000
Тайзнаас хол суудал: 40.000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.
Хөгжмийн дугаралтыг сайн шийдэж өгсөн тул дээд хэсэгт суудал авсан хүмүүст хөгжмөөс хоцрогдох асуудал гарахгүй. Өнөөдрөөс билетүүд худалдаанд гараад эхэлсэн хэмээн онцолж байлаа.
С.ХОНГОРЗУЛ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БЭЛГҮТЭЙ






















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ah nartaa amjilt husye