НийгмийнУЛС ТӨР

Судалгаа: Топ 100 аж ахуйн нэгжийн 24 нь эмэгтэй удирдлагатай байна

Үндэсний статистикийн хорооны 2021 оны аж ахуйн нэгжийн тооллогын дүнг авч үзвэл, бүртгэлтэй 147 мянга гаруй ААН-ээс 92.5 мянга буюу 63 орчим хувь нь эрэгтэй, 54 мянга буюу 37 хувь нь эмэгтэй удирдах ажилтантай, эмэгтэй удирдлагатай аж ахуйн нэгжүүдийн 44 орчим хувь нь худалдааны салбарт, 9 хувь нь боловсруулах үйлдвэрлэл, 13 хувь нь мэргэжлийн шинжлэх ухаан болон эрүүл мэндийн салбаруудад ажиллаж буй үзүүлэлттэй байна.

Олон улсад, 2021 оны Fortune 500 жагсаалтад багтдаг компаниудын 8% буюу 41 компани эмэгтэй гүйцэтгэх захиралтай байгаа бол Монгол Улсын хувьд Топ 100 аж ахуйн нэгжийн 24 нь эмэгтэй удирдлагатай байна.

Харин, ЖДҮ-ийн хувьд эмэгтэй удирдлагын тоо харьцангуй өндөр буюу 68 хувь, үүнээс нийт эмэгтэй удирдлагатай аж ахуйн нэгжүүдийн 87 хувь нь 10 хүртэл ажилтантай бичил бизнесүүд байна. Хувиараа бизнес эрхлэгч 199 мянган иргэн байгаагаас 42 хувь буюу 84 мянга нь эмэгтэйчүүд харин нийтийн хоол, худалдаа, үйлчилгээ, санхүү, боловсрол, эрүүл мэндийн салбарт албан бус хөдөлмөр эрхлэгчдийн 72 хувь нь эмэгтэйчүүд байна.

Цар тахлын үед төрийн зүгээс авч хэрэгжүүлсэн татварын хөнгөлөлт, мөнгөн тусламжтай холбогдох дэмжлэг туслалцааг жижиг болон бичил, албан бус бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хүртэж чадаагүй. Харин цар тахлын нөлөөг бууруулах, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, уур болон халаалтын хэрэглээний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тэглэх арга хэмжээ нь бүх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд бодит дэмжлэг болжээ.

ЖДҮ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийн зээлийн нийт үлдэгдлийн 36 хувь буюу 2 их наяд төгрөгийн зээл нь эмэгтэйчүүдэд ногдож, зээл олголтын хувьд 3 зээлдэгч тутмын нэг нь эмэгтэй бизнес эрхлэгч байна. Нэг зээлдэгчдэд ногдох зээлийн дундаж хэмжээ эрэгтэйчүүд 96 сая төгрөг бол эмэгтэйчүүдийнх 54 сая төгрөг байна. Нэг эмэгтэй бизнес эрхлэгч эрчүүдээс дунджаар 43 хувиар бага зээл авч байгаа буюу зээлийн эргэн төлөлт дээр эмэгтэйчүүд илүү хариуцлагатай хандаж буй дүр зураг банк санхүүгийн байгууллагуудаас хийсэн судалгааны үр дүнд гарсан байдаг.

Эмэгтэй бизнес эрхлэгчийн зан төлөвийн талаар хийсэн Харвардын Бизнесийн сургууль, Канзасын их сургуулийн судалгаанаас үзэхэд эмэгтэйчүүд илүү инновацилаг бизнес эхлүүлдэг, эмэгтэй захирлууд ёс зүй, хүндэтгэлтэй холбогдох үнэт зүйлст тулгуурлан үр дүнд чиглэсэн манлайлах хандлагатай байдаг гэжээ. Түүнчлэн эмэгтэй захиралтай компаниудад ашигт ажиллагаа өндөр, ажил хаялт бага байдаг бөгөөд бизнест хүндрэл учирсан үед эмэгтэй захирлууд эрчүүдээс илүү даван гарах чадвар өндөр байдаг байна. Mckinsey&Company-ийн 12 орны 1000 орчим компанид хийсэн судалгаагаар дундаас дээш түвшний удирдлагын багтаа жендерийн тэгш байдлыг хангасан компани 21 хувиар илүү ашигтай ажиллаж буй эерэг үзүүлэлт гарчээ.

МҮХАҮТ-ын “Бизнес итгэлийн индекс” судалгааны үр дүнгээс авч үзвэл эмэгтэй бизнес эрхлэгчид эрчүүдээс илүү өөдрөгөөр бизнесээ төлөвлөж ажилладаг, илүү урт бизнесийн насжилттай байдаг гэсэн эерэг үр дүнгүүд гарсаар байна.

Гэтэл, Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдаж буй хамгийн том бэрхшээл бол санхүүжилт, тэр дундаа барьцаа хөрөнгө, зээлийн өндөр хүү, зээлийн хугацаа зэрэг асуудлууд билээ. ҮСХ-оос гаргасан мэдээллээс үзэхэд сууц өмчлөлөөр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс хоёр дахин, хувийн аж ахуйн газрын хувьд 3-6 дахин, бусад үл хөдлөх хөрөнгийн хувьд 1.5 дахин их байна. Мөн эмэгтэйчүүдийн хөлсгүй ажилд зарцуулж буй цаг нь эрэгтэйчүүдээс даруй 2 дахин их, мөн ижил үнэлэмжтэй ажилд эмэгтэйчүүдийн авч буй цалин эрчүүдийнхээс даруй 17 хувиар бага байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ОРЧИН ҮЕД ЕРНЬ ЭМЭГТЭЙЧҮҮД НЬ АЖИЛ ХИЙДЭГ ЭРЭГТЭЙЧҮҮД НЬ ТЭЖЭЭЛГЭДЭГ БОЛСОН ШДЭЭ ИЧИЖ ЗОВОХОО МЭДЭХЭЭ БАЙСАН ГЭРИЙН ЭЗЭД ТОГЛООМОО ТОГЛОН ГЭРИЙН ХОЙМОРТОО ЗАЛАРДАГ ЦАГ БОЛСОН ГЭХДЭЭ САЙН ГЭРИЙН ЭЗЭД БАС БАЙГАА БАЙГАА

Зочин
Зочин

Эмэгтэйчүүд амьдралаа авч явж мөн нийгэмд томоохон үүрэг хүлээдэг болж дээ ихэвчлэн

Зочин
Зочин

huchirheg emegteichuuud min ochnooon shvv. Ter tusmaaa ehnereeree tejeelgeed yu ch hiideggvi ail geriin hugarsan noen nuruunuud ih

Зочин
Зочин

Эрчүүд хүүхэд гаргадаг эмэгтэйчүүд ажлаа эрхэлдэг бол бүр лаахгүй юу

Холбоотой мэдээ

Back to top button