СПОРТЯрилцлага

Эх орондоо үнэнч үлдсэн бахархал, их театрын тайзан дээр гялалзаж яваа бахдалтай хос

Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Анхцэцэгт өнөөдөр Токиогийн олимпийн эрх авлаа. Үүнтэй холбогдуулан М.Анхцэцэг болон түүний хань, УДЭТ-ийн залуу жүжигчин Б.Золжаргал нартай өнгөрсөн жил хийсэн ярилцлагаа сэргээн нийтлэв.

УДЭТ-ийн залуу жүжигчин Б.Золжаргал, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт М.Анхцэцэг нарыг хос гэдгийг монголчууд сайн мэднэ. Урлаг, спортын салбарт мөрөө тод үлдээж, өнөөгийн залуусыг манлайлж яваа тэднээр олон хүн бахархдаг.

УДЭТ-д чамлахааргүй олон жил ажиллаж буй Б.Золжаргал өнгөрсөн жил “Гэгээн муза” наадмаас хүүхдийн жүжгийн шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртэж, “Драм гурав” хамтлагийнхаа Б.Шинэбаяр, Э.Тодгэрэл нарын хамт “Тэрбумын хэрэг” киног бүтээн, үзэгчдийн хүртээл болгосон авьяаслаг жүжигчин.

“Би мөнгөний бус эх орныхоо төлөө штанг өргөдөг” хэмээн гадаадын орнуудаас тавьсан өндөр цалинтай саналаас татгалзан эх орондоо үнэнч үлдсэн М.Анхцэцэгийн амжилтын талаар бичвэл цаг, цаас нэлээд орно, уншигчид сайн мэдэх тул энд бичих илүүц биз ээ.

2018 онд ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны туйванч болсон М.Анхцэцэг энэ жил ДАШТ-д нялх биетэй хүч сориод хошой хүрэл медальтан болж, монгол түмнээ баярлуулсан. Тус тэмцээнд түүний хань Б.Золжаргал хамт явж, баярт мөчийг нь хуваалцсан юм.

Биенээ түшиж, тулан, айсуй амжилтынх нь ивээс болж яваа залуу хостой ярилцлаа.

-Юуны өмнө ДАШТ-ий хошой хүрэл медальтан болсон М.Анхцэцэгт баяр хүргэе. Энэ жил ДАШТ-д хань нь хамт явсан юм билээ. Тэгсэн нь өмнөхөөсөө илүү түшигтай, баярт мөчөө хамтдаа хуваалцаад сайхан байсан болов уу?

-М.Анхцэцэг (М.А):- Тэгэлгүй яах вэ. Токиогийн олимпын өмнөх жилийн ДАШТ-д амжилттай оролцоод ирлээ. Би ээж болоод бүхнийг тэгээс нь дахиж эхэлсэн. Бие нялхран, сэтгэл санаа тогтворгүй, бүх зүйл шинэ байлаа. Төрөхөөр ачаалал даах чадвар муудан, бие амархан суларч, үе мөч хүртэл хэврэг болдог юм байна. Амархан ядарна, цуцна. Тэр бүхнийг зохицуулж, өөрийгөө хурцлахыг хичээсэн.

Үнэнийг хэлэхэд энэ жил ДАШТ-ий өмнө бэлтгэлээ сайн хангаж чадаагүй. Тэмцээнд бэлтгэл сайтай, муутай оролцох тэс өөр байдаг юм байна. Би энэ жил Азийн АШТ-д хүч сорихдоо хөхүүл явсан. Жин хасахдаа хүртэл сүүгээ саагаад зогсож байлаа. ДАШТ-д оролцоход хань минь үнэхээр түшиг, тулгууртай байлаа. Юм юманд л тусалсан. Хүндийг өргөлтийн диск угсарч байгаад гараа хавчуулчихсан.

Энэ үеэр Б.Золжаргал төмрөнд хавчуулсны улмаас хөхөрсөн хуруугаа үзүүлэв.

Б.Золжаргал (Б.З):- Эхнэртэйгээ танилцсанаасаа хойш тэмцээнд хамт явах юм сан гэж хүсдэг байсан минь энэ удаа биеллээ. Монголд болж буй тэмцээнийг аль болох үзэж, ханиа дэмжихийг хичээдэг. Тэр үед нэг их айхтар сандарч тэвдээгүй. Манай хүн “Хоёулаа ДАШТ-д хамт явах уу” гэхээр нь дуртайяа зөвшөөрсөн.

Манай ажил ачаалал ихтэй, өглөөнөөс орой хүртэл ажиллана. Заримдаа хонож ажиллана. Яг айхтар ачаалалтай, ажил ихтэй үеэр ДАШТ болсон тул чөлөө авахад бэрх байлаа. Юу ч гэсэн үзээд алдъя гээд УДЭТ-ын Захиргаанд чөлөө авах хүсэлт тавихад ашгүй зөвшөөрсөн. Бөөн баяр бололгүй яах вэ. 10 хоногийн чөлөө авангуутаа онгоцны тасалбар хөөцөлдөж эхэлсэн.

М.А:- Цаг нь тулчихсан болохоор онгоцны тасалбар олдохгүй их сандарсаан.

Б.З:- Ашгүй азаар нэг хүн онгоцны тасалбараа буцаагаад хамтдаа нисэхээр болов. Тэгээд ДАШТ-ийг зорьсон. Тэмцээний үеэр туслах дасгалжуулагч хийгээд тамирчдадаа дэм болов. Г.Ануужин, Э.Билэгсайхан хоёрыг ДАШТ-д хүч сорихыг хараад их сандарлаа. Тэгсэн чинь Ц.Хосбаяр багш “Чи М.Анхцэцэгийг өргөхөд дэргэд нь байж, зөвлөөд дэмий юм шиг байна. Үзэгчдийн суудлаас дэмж. Тэгэхгүй бол ханиа бүр сандаргаж магадгүй” гэсэн. Тэгээд үзэгчдийн суудлаас ханиа дэмжлээ. Бас болоогүй ээ гар утсаараа бичлэг хийх санаатай.

Өргөлтийн оролдлого гүйцэтгэхэд нь өмнөөс нь сандраад, амьсгаагаа түгжээд сүүлдээ  бүр харж чадахаа болив. Үнэхээр их сандарсан. Ханийн минь дэргэд үргэлж байж, өдийг хүртэл дасгалжуулж яваа Ц.Хосбаяр багшаар тэр үед үнэхээр их бахархсан. Олон улсын тэмцээнд оролцоход нь ханьтайгаа анх удаа хамт явлаа. ДАШТ-ээс медаль хүртэн, дэлхийн дэвжээнд Төрийн далбаагаа мандуулахад нь үнэхээр бахархсан.

Би хамт явсан нь М.Анхцэцэгт түшиг, тулгууртай байсан гэсэн. Хосоо багштай саяхан уулзахад “Золоогоо тэмцээнд туслах дасгалжуулагчаар авч явж байя. Мундаг юм байна” гээд инээмсэглэнэ лээ. Ханийнхаа дараа дараагийнх нь тэмцээнд хамт явахыг хүсэж байна. Ажил амжих нь уу, үгүй юү.

М.А:- Хань минь хамт явсан болохоор улам хүчтэй байж, медаль хүртэн баярлуулахыг хүссэн. Энэ оролдлогоо заавал өргөнө, тэнхээтэйгээ харуулна гээд л зүтгэв. ДАШТ дуусангуут манай хүн Монгол руугаа буцан, би Дэлхийн цомд өрсөлдөхөөр АНУ-ыг зорих байв. Тиймээс ханиа баярлуулах ганц боломж нь ДАШТ байсан юм л даа. Тэр хэрээр өөрийгөө хурцалж, дайчилсан.

“Хань минь хичээгээрэй” гээд хэлсэн нь хүртэл надад их эрч хүч өглөө. Дэвжээн дээр би ганцаараа бус ханьтайгаа хамт зогсож, хамтдаа өргөж байгаа юм шиг санагдсан.

Б.З:- Би ДАШТ-д очоод үргэлж хамт байна гэж андуу бодож. Тэнд очоод Хосоо багш бид хоёр нэг өрөөнд байрласан юм. Анхаагаа аль болох тайван байлгах гээд өдөрт ганцхан удаа уулзсан. Уулзахаараа “Тухтай амарч чадав уу. Хэрэгтэй юм байна уу. Нурууг нь сайхан бариад өгөх үү” гээд хэрэгтэй юмыг нь асуугаад, тэвэрнэ.

ДАШТ-д хамт яваад их туршлагаа хуримтлуулсан. Одооноос гадаадын гэлтгүй дотоодын тэмцээнд өрсөлдөхөд нь ханьдаа яаж туслах, юу бэлтгэхээ андахгүй мэддэг болсоон.

-Өнгөрсөн жил ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиулах, түрүүлэх боломж хэр байв?

М.А:- Үнэнийг хэлэхэд хүрэл медаль авахад ч амаргүй байлаа. Бэлтгэл дутуу байсан болохоор медалийнхаа өнгийг хувиргах, дэлхийн аварга болох боломж өмнөх жилүүдээс арай  бага байсан. Төрсний дараа формдоо орох, бэлтгэлээ өмнөх шигээ хийх үнэхээр хэцүү юм билээ. Би одоо ч формдоо орж амжаагүй явна. Монголдоо ирээд нэлээд хэд хонож байна. Цагийн зөрүү, онгоцны нислэгт их ядарсан. Одоо болтол ядаргаа бүрэн гараагүй л байна.

Б.З:- Хань минь ДАШТ-ий медалийн тавцанд зогсож байхад үгээр илэрхийлэх аргагүй сайхан мэдрэмж төрсөн. Амьдралд минь тохиолдсон хамгийн сайхан мөчүүдийн нэг тэр байлаа. Энэ жил ДАШТ-д түрүүлсэн тамирчин тэмцээний дараа манай хүнтэй уулзаад “Энэ медалийг би аавдаа зориулсан. Чи ёстой мундаг шүү, хичээгээрэй” гэж хэлсэн. Ханьд минь хүн бүхэн баяр хүргээд их сайхан байлаа.

Олимпын гурав, дэлхийн долоон удаагийн аварга, Египтийн тамирчин “Төрөөд удаагүй байхдаа ийм хэмжээнд өөрийгөө яаж бэлтгэж амжив. Нялх биетэй хүн ДАШТ-ээс медаль хүртсэн нь үнэхээр гайхалтай” гээд дуу алдана лээ. Энэ бүхэн ханийн минь амжилт, ур чадварыг дэлхийн шилдгүүд хүлээн зөвшөөрсний илрэл болов уу. Олон улсын хүндийг өргөлтийн холбооны ерөнхийлөгч Анхааг “Миний охин” гээд тэвэрсэн. Хань минь түүнийг “Ээж ээ” гэж хүндэлдэг юм билээ. Хүмүүс ханьтай минь тийм дотно байхыг хараад ханиараа бахархсан.

М.А:- Намайг тэмцээнд оролцоход хүндийг өргөлтийн шүүгч, дасгалжуулагч нар өмнө нь ийм жаахан байсан гээд инээдэг юм. Би 13 настайгаасаа хойш олон улсын тэмцээнд хүч сорьж байна.

-М.Анхцэцэг өнгөрсөн жил үрийн зулай үнэрлэн, танайх шинэ хүнээ өлгийдөж авсан. Ер нь хэр хугацааны дараа спортдоо эргэн ирэв?

М.А:- Төрснөөсөө хойш хоёр сарын дараа зөөлөн гүйж, “Ривер” клубт хөнгөн дасгал хийж эхэлсэн. Тиймэрхүү маягаар долоо хоногт 2-3 удаа хөнгөн дасгал хийн, биеэ дасгасан. Тэгж байгаад яг дөрвөн сарын дараа үндсэн бэлтгэлдээ эргэж орсон юм. Тэгэхээр хоёрхон сар бэлтгэл хийгээд Азийн АШТ-д өрсөлдсөн юм байна. Тивийнхээ аваргаас мөнгөн медаль хүртээд их урамшсан.

Спортдоо эргэн ирснийхээ дараа юм юмыг зэрэг амжуулах гээд өөрийгөө улам ядраасан юм билээ. Сайн хань, сайн тамирчин, сайн ээж байхыг хичээнэ. Өглөө бүр ханьдаа хоол хийж өгнө, өдөр бэлтгэлээ хийнэ. Орой нь хүүдээ, ханьдаа аль болох цаг гаргахыг хичээнэ. Тэр ачааллаа даахгүй эхэндээ их ядарсаан. Би хүүхдээ есөн сар хүртэл нь хөхүүлсэн. Кальцаа амархан алдаад, үе мөч их янгинана. Ер бэрхшээлтэй зүйл их байсан. Нөгөө талаар хүүхэдтэй, ханьтай болсноор миний амьдрал өмнөхөөсөө бүр ч их утга учир, зорилготой болсон.

Б.З:- Юм юмыг амжуулах гээд хичээн, бүхнээ дайчилж яваа ханьдаа аль болох дэм болж, ачаанаас нь үүрэлцэхийг хичээдэг. Ажлаа эрт дуусган, түрүүлж хариад сайхан битүү шөл хийгээд угтахыг бодно. Бид хоёр гоё хоол, шинэ төрлийн хоол хийх, турших хообийтой. Амралтын өдрүүдэд аль болох агаарт гарч, сайхан амраахыг чухалчилдаг.

Би өмнө нь “Ханиа долоо хоног ч болтугай агаарт гаргаж, амраах юм сан. Яагаад бэлтгэлээс нь чөлөө өгдөггүй юм бол” гэж боддог байлаа. Тэгж болохгүйг, тамирчин хүн өдөр бүхэн бэлтгэл хийж, өндөр формоо хадгалах чухлыг сая ДАШТ-д хамт яваад мэдэрлээ. Нэг өдрийн бэлтгэл цалгардуулахад дараа нь түүнийгээ нөхөх ямар хэцүү байдгийг анзаарсан.

-Тэмцээнд оролцох үеэр хүүхдээ хэр их санав?

М.А:- Мэдээж саналгүй яах вэ. Хүүхэд минь нэг ойтой, манай аав, ээж хоёр хардаг. Аав, ээж хоёр минь хань бид хоёрын ар талыг үнэхээр сайн даадаг. Хүүхэд маань яаж байгаа бол гэж санаа зоволгүйгээр би бэлтгэлээ, хань минь ажлаа хийдэг.

-ДАШТ-ий дараа Б.Золжаргал Монгол руу, М.Анхцэцэг Дэлхийн цомд өрсөлдөхөөр АНУ руу явахад эвгүй байсан уу?

М.А:- Манай хүний чөлөө нь дуусаад Монгол руу буцсан юм. Автобусанд суулгачихаад зочид буудал руугаа ганцаараа алхах ёстой эвгүй байсан. Тэр орой нойр хүрээгүй.

Б.З:- Уйлчих гээд ёстой эвгүй юм билээ. Би байрласан зочид буудлаасаа онгоцны буудал руу автобусаар гурван цаг шахам явсан. Тэр хооронд чинь ёстой бөөн юм болсоон (инээв). ДАШТ-ий үеэр хамт авхуулсан, зураг бичлэгээ үзээд л. Автобусанд суухдаа авхуулсан зургаа дахин дахин үзэн, уйлах шахсан (инээв).

М.А: Бидний байрласан буудал далайн эрэг дээр байдаг юм билээ. ДАШТ-ий дараа ханьтайгаа далайн эргээр зугаалж, болзож амжсаан.

-Хүн үртэй болохоороо ээжийнхээ, аавынхаа ачийг, жаргал, зовлонг нь илүү ухаардаг гэдэг. Хүүхэдтэй болсон баярт мөчид юу бодогдов?

М.А:- Үнэхээр их баярласан. Аль болох гам сайн барьж, хүүхдээ эрүүл, саруул төрүүлэхийг хичээдэг юм билээ. Төрснийхөө дараа ээжийгээ л үнэхээр өрөвдсөн, бас бахархсан. Би нэг хүүхэдтэй байж ингэж ядран, барьц алдаж байхад дэрсхэн дөрвөн хүүхдээ яаж өсгөсөн юм бол, ээж минь.

Аав минь 2006 онд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцохоор Сьерре-Леоне явсан юм. Тэгэхэд ээж нэг хүүхдээ тэврээд, нөгөөг нь хөтлөөд, би ээжээсээ төөрөхгүйн тулд хувцаснаас нь тас атгачихсан зогсож байснаа сайн санадаг юм. Хүндийг өргөлтийн гэлтгүй ямар ч спортоор хичээллэхэд амралт, нойр их чухал. Одоо хүүгээ өсгөөд шөнө ер нь унтаж чадахгүй байгаа. Тэглээ гээд би шантрахгүй. Ханийнхаа, хүүгийнхээ төлөө улам их хичээнэ.

Б.З:- Би эхнэрээ төрөхөд дэргэд нь байсан. Уг нь айгаад чадахгүй байх гэж бодсон ч хань минь гуйсан юм. Бас бичлэг хийсэн. Тэгэхэд би эхнэрээрээ, ээжээрээ үнэхээр бахархсан. Эхнэрээ төрж байгааг харах үнэхээр хэцүү юм билээ, ээ базарваань. Хань минь төрж, хүүхэд маань часхийтэл уйлахад өөрийн эрхгүй уйлсан. Эмч нар шоолоод л. Өрөөнөөс нь гарч ирэн, аав, ээждээ хүүтэй болсноо хэлж уйлаад. Эхнэр дээрээ буцаж ороод дахиад уйлсан. Ер нь тэр өдөржингөө уйлсаар байгаад л таарсан (инээв).

Намайг төрөхөд аав яг над шиг баярласан гэнэ лээ. Би аав боллоо, би хүүтэй боллоо гээд баярласандаа гудамжаар гүйсэн гэдэг.

М.А: Тухайн үед өнөөгийнх шиг хүүхдийн хүйсийг өмнө нь мэддэггүй байсан болохоор хүүтэй болсноо мэдээд бүр их баярласан байх.

Б.З:-Яг тэгсэн байх. Аавынхаа яагаад тэгж их баярласныг хүүтэй болоод бүр их ойлгосон. Эмчээс асуух нь ээ “Танай эхнэр нөгөөдөр эмнэлгээс гарна” гэв. Тэгээд эхнэр, хүүгээ угтах ажилдаа шамдав. Чихэр, жимс, сарнайгаас илүү сэтгэлийн бэлэг гоё юм болов уу гээд л бэлдсэн. Яах вэ гээд өдөржин, шөнөжин бодож догдолсон.

М.А:-Би нээрэн эмнэлгээс гараад гэртээ ирэхдээ үүднээсээ ор хүртлээ сарнайн дээр гишгэж орсон шүү дээ.

Б.З:-Манайх тавдугаар давхарт амьдардаг. Орцныхоо үүднээс гэр хүртлээ сарнай дэвсэх гээд арай бараагүй. Манайх нэг юм уу хоёрдугаар давхарт амьдардаг байсан бол ханиа бүр орцныхоо үүднээс авхуулаад гэртээ ортол сарнайн дээгүүр гишгүүлэх байсан юм.

Би эхнэрээсээ найман насаар ах, ивээл жилтэй. Үеийнхнээсээ хожуу аав болсон. Манай найзуудын олонх нь 2-3 хүүхэдтэй. Хань минь эмнэлгээс гарсан тэр орой хүүтэйгээ хамт гурвуулаа хонох үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байсан. Сунаж унатлаа ажиллаж, ядарсан ч хүүгээ хараад тэр бүхнээ умартдаг. Ямар ч ядаргаа тайлагддаг. Тэр хэрээр амьдрал илүү утга учиртай, зорилготой болдог юм байна. Цалин буухаар ханьдаа, хүүхэддээ л юм хардаг болчихдог юм билээ. Дэлгүүр орохдоо өөрийн мэдэлгүй хүүхэддээ юм харчихсан явж байдаг.

М.А:- Ер нь миний хүүхэд нас бэлтгэлийн зааланд л өнгөрсөн юм билээ. Залуу нас ч бас тэгж байна. Жирэмсэн болсны дараа гэнэт завтай болсноо мэдэрсэн. Бэлтгэл, тэмцээн гээд түмэн завгүй байдаг хүн чинь гэнэт юу ч хийхээ больчих ёстой дасахад амаргүй байсан. Өнгөрсөн зун ханьтайгаа хамт Хөвсгөлд ёстой сайхан зугаалсан.

Ер нь өдий хүртэл хугацаанд тэгж тухтай амарч байгаагүй юм байна лээ. Жингээ хэрхэн барих вэ, тэр тэмцээн, энэ бэлтгэл гэх мэт өөр зүйлд санаа зовохгүй амрах сонин байсан шүү.

-Урлагийн, спортын хүмүүс амьдралаа холбосон нь сонирхол татаж байна. Та хоёр анх танилцсан дурсамжаасаа хуваалцана уу?

Б.З:- Риогийн олимпод оролцоход нь ханиа анх харж байлаа. Тухайн үед “18-хан настай мөртлөө ямар мундаг, дайчин охин бэ” гэж бодсон юм. Манай хүн 2016 онд долоохон хоногийн дотор болсон оюутны ДАШТ, залуучуудын Азийн АШТ-д өрсөлдөхдөө зургаан алтан медаль хүртсэн. Санхүүгийн бэрхшээлийн улмаас хоёр тэмцээнд дасгалжуулагчгүйгээр ганцаараа оролцон, тийм бахдам амжилт гаргаад ирэхэд нь үнэхээр бахархсан.

Тэмцээний үеэр гар нь бэртсэн шүү дээ. Бүр бахархаад өөрийн эрхгүй цахим хуудсаар нь холбогдон “Сайн байна уу. Ямар мундаг охин бэ. Баяр хүргэе” гэж бичсэн. Тэгсэн чинь “Баярлалаа. Өөрийг чинь бас дэмждэг шүү, жүжгийг чинь үздэг” гэсэн. Би бөөн баяр бололгүй яах вэ. Пөөх, ийм мундаг тамирчин намайг таньдаг гэж үү гээд л. За, хурдан хариу бичье гэж сандарч, догдолсон.

М.А:- Би тухайн үед Шинээ (Б.Шинэбаяр)-г таньдаг, “Драм-3” хамтлагийг нь мэддэг байсан юм.

Б.З:- Тэгээд Монголд хэзээ ирэхийг нь асуугаад, эргэж очихоо хэлсэн юм. Хоёр бил үү гурван хоногийн дараа дахин чат бичсэн чинь “Эмнэлэгт хэвтэж байгаа” гэв. Тэгээд л эмнэлэг дээр анх уулзаж байлаа. Ханиа анх хараад “Пөөх, ямар хөөрхөн охин бэ” гээд дуу алдсан.

М.А:- Би тэр үед одоогийнхоос туранхай байсан юм аа (инээв). Намайг эргэхээр ирэхэд нь би ер бэлдээгүй. Тухайн үед намайг дэмждэг хүн урам хайрлахаар ирж байна л гэж бодсон. Эмний хордлогонд орчихсон, аймар ядарчихсан байв. Тэгээд ханийгаа анх хараад л дурласан. Анхны харцаар дурлана гэж тэрийг л хэлдэг болов уу. Тэгж уулзсанаасаа хойш бид хоёр хэсэг хугацаанд харилцаагүй.

Нэг өдөр “Алдар” спорт хороонд нэгдэх болов. Тухайн үед манайх нисэхэд байдаг байлаа. Автомашинаа яачихсан байлаа, байз. Ямар ч байсан машингүй л байсан юм даг. Тэгээд Золоог гуйн, хүргүүлсэн юм.

Б.З:- Өглөө 07.00 цагт манай гадаа хүрээд ир гэсэн. Тэр шөнө нойр хүрээгүй, үүрээр босож усанд орсон. 07.00 цагт гэрийнх нь гадаа гозойтол зогсож байж билээ.

М.А:- Яг тэгж хүргээд өгөөч гэж гуйсан оройноо би ханийнхаа дугаарыг утсан дээрээ Золоо гэж бичээд хоёр стикертэй хадгалсан юм. Маргааш нь дүрэмт хувцсаа өмсөөд байж байтал манай хүн залгахад үнэхээр их догдолсон. Тэр догдлолоо одоог хүртэл, цаашид ч хадгалахын тулд гар утсаа сольсон ч ханийнхаа дугаарыг анхных шигээ тэмдэглэдэг. Хань минь над руу залгах бүрт би яг тэгж догдолдог.

Зарим хүн нөхрийнхөө утасны дугаарыг “Золоо гээд хоёр стикертэй хадгалчихаж. Хань, хайр энэ тэр гэж бичддэггүй юм уу” гэдэг. Эмнэлэгт уулзсанаасаа хойш дахин харилцаж эхлэхдээ би эхэлж юм бичсээн. Манай хүн “Чи намайг найраад суучихсан” гээд дооглодог юм. Тэрнээс хойш уулзах болсон. Би бэртээд удаагүй болохоор бэлтгэл тэр бүр хийдэггүй байв. Тэгж явсаар бие биедээ татагдсан.

-Бие биенийхээ юунд нь, ямар зан аашинд илүү татагдсан бэ?

М.А: Хань минь зарим хүнд түргэн ууртай юм шиг санагддаг байж магадгүй. Яг үнэндээ их өрөвч зөөлөн, халамжтай, ухаалаг. Ханиа хүүтэйгээ тоглон, инээлдэж байгааг нь харах хамгийн сайхан. Хань минь үнэхээр мундаг. Ямар сайн ханьтайгаа өдөр ирэх тусам улам мэдэрдэг.

Б.З:-Хань минь үнэхээр амьдралын ухаантай, мундаг. Зорилгынхоо төлөө тууштай зүтгэдэг. Оюутны ДАШТ-д түрүүлж, гар нь бэртэхээс өмнө гадаадын дөрвөн ч орноос тавьсан их хэмжээний цалинтай саналаас татгалзсаныг нь би бүр сүүлд мэдсэн. Тэгээд ханиараа улам бахархсан, бүр ч татагдсан.

“Би мөнгөний төлөө бус эх орныхоо төлөө штанг өргөдөг. Ямар ч орноос хэчнээн ч төгрөгийн санал тавьсан би зөвшөөрөхгүй” гээд эх орондоо үнэнч үлдсэнээр монгол түмэн бахархдаг юм билээ. Нээрэн гоё байгаа биз. Ялангуяа олонх хүн Монголоос л өөр оронд амьдарвал бүх зүйл сайхан болох юм шиг эндүү сэтгэх болсон өнөө үед хань минь бусдад үлгэр дууриал болсон.

М.А: Би Монголдоо бэлтгэл хийгээд, Ц.Хосбаяр багштайгаа хамт зүтгээд амжилт гаргаж чадаж байгаа болохоор иргэншлээ солих шаардлага, сонирхол байгаагүй. Өндөр цалинтай, хангамжтай орны тамирчин болоод амжилт гаргахыг би хүсээгүй. Монголд хүндийг өргөлтийг спортыг хөгжүүлэх, сайн тамирчин бэлтгэж гаргахын төлөө төдийгөөс өдий хүртэл зүтгэсэн олон хүний, үе үеийн тамирчдын хөдөлмөр, зүтгэл надад юу юунаас илүү эрхэм.

Намайг өнөөгийн амжилтад, ийм хэмжээнд хүргэхийн тулд тэгж их дэмжиж, тусалж байхад нь нүүр буруулах эрх надад байхгүй. Би азтай хүн. Миний оронд өөр тамирчинг бэлтгэсэн бол өдий зэрэгт хүрээд, ДАШТ-ий медальтан болох л байсан. Тийм сайхан хувь заяа надад ногдсонд олзуурхдаг. Спорт залуу насны ажил. Тамирчны ид үе харвасан сум шиг шунгинаад л өнгөрнө. Тэгэхээр залуу насаа, тамирчны замналынхаа бүх үеийг эх орныхоо төлөө зориулахын тулд бусад орны саналыг зөвшөөрөөгүй.

Би нээрэн багадаа нэг юмыг гайхдаг байсан шүү дээ. Манай гурван дүүгийн нэрэнд “Эрдэнэ” гэдэг үг орсон. Гэтэл миний нэр Анхцэцэг. Тэгэхээр нь би өөрийгөө өргөмөл юм байхдаа гэж боддог байлаа. Жаахан байсан юм чинь яах вэ дээ (инээв). Будаан дундаас аавын эгч миний нэрийг сугалсан юм гэнэ лээ.

Б.З:- Аливаа зүйл учиртай гэдэг үнэн байх. Ханийн минь нэр Анхцэцэг. Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд анхны тодотгол бүхий олон амжилт гаргасаар байгаа нь нэртэй нь холбоотой гэж бэлгэшээдэг.

-Хэчнээн эвтэй хосд ч маргалдах, санал зөрөх, үл ойлголцох зүйл бишгүй тохиолддог. Ямар нэгэн зүйл болоход хэн нь түрүүлж буулт хийдэг вэ?

Б.З:- За, энэ асуултад манай хүн сайхан хариулна (инээв).

М.А:- Бид хоёр өөр өөрийн гэсэн үзэл бодолтой, байр суурьтай, хүчирхэг хүмүүс. Одоо эргээд бодох нь ээ би жирэмсний дараах хямралд гүн автсан юм билээ. Тухайн үед бүх зүйл миний зөв л гэж боддог байж. Би их хорон үгтэй. Уурласан үедээ ханийнхаа шарыг яаж малтах вэ гэж боддог. Дараа нь яах гэж тэгж хэлэв дээ, гомдоочихлоо доо гээд харамсдаг.

Б.З:- Манай хүн уурлавал би барахгүй нь тодорхой. Тиймээс нойлын өрөөнд ороод суучихдаг юм. Тэгээд уур нь гарсны дараа ярилцдаг. Хань минь түргэн ууртай. Жаахан байж байгаад л очиход уур нь аль хэдийнэ гарчихсан, инээгээд сууж байдаг юм.

М.А:- Үнээн, манай найзууд намайг түргэн ууртай  гэдэг. Ямар сайндаа гурав тоолохын хооронд уур нь гарчихдаг гэж шоолдог юм.

Б.З:- Ханийнхаа уурыг гаргах тактик надад олон бий. Хамгийн эхнийх нь хоол. Уурлачихсан сууж байхад нь “Хоёулаа хоолонд орох уу” гэхэд “Хэзээ” гээд зөөлөрдөг. Манай хүн уурлахаараа яг штанг өргөх гэж байгаа юм шиг царай гаргадаг (инээв).

М.А:- Ер нь хосууд цувж уурлан, цугтаа инээж явахыг хичээх хэрэгтэй юм билээ. Уур нь гарсны дараа ярилцах илүү үр дүнтэй.

-Ханийнхаа ямар дүрд нь хамгийн их дуртай вэ?

-“Тэрбумын гэмт хэрэг” киноны бүтээсэн дүр, “Царцаа намжил” хүүхдийн жүжгийн Царцаа намжилын дүрд нь дуртай.

-Б.Золжаргал Царцаа намжилын дүрээрээ “Гэгээн муза” наадмаас шагнал хүртсэн бил үү?

-Тэгсэн. Тус наадмын хүүхдийн жүжгийн төрөлд шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг өнгөрсөн жил хүртсэн. 2017 оны нэгдүгээр сарын 3-нд УДЭТ-т шинэ жүжиг тавихаар болж, гол дүрээр нь намайг сонгов. Шинэ он ямар сайхан эхэлж байна аа гээд бэлгэшээсэн. Тэр нь “Царцаа намжил” жүжиг байсан юм.

М.А:- Ханийнхаа тайзан дээр байхыг нь хараад үнэхээр бахархдаг. Тоглолт дууссаны дараа ханьтайгаа хамт байх дуртай. Тайзан инээмсэглэн, тайван байсан жүжигчид тоглолт дуусангуут гэр гэр рүүгээ яардаг.

Тухайн уран бүтээл ямар олон хүний ажилаар бүтдэгийг би өмнө нь сайн ойлгодоггүй, мэддэггүй байсан юм билээ. Хань минь Тодоо, Шинээ хоёртой хамтарч хийсэн “Тэрбумын хэрэг” киног бүтээхэд нь үнэхээр мэдэрсэн. Ер нь тамирчны, урлагийн хүнд чөлөөт цаг хомс. Би 22.00 цагт төрсөн юм. Ямар сайндаа хань минь намайг төрүүлчихээд шөнө нь зураг авалтанд явж байх вэ дээ.

-Тамирчин бэлтгэл, тэмцээн, урлагийн хүн бэлтгэл сургуулилалт, ажил, тоглолт гээд чөлөөт цаг хомс. Гэр бүлдээ хангалттай цаг гаргаж амждаг уу?

М.А:- Аль болох гаргахыг, ханьтайгаа, хүүтэйгээ хамт байхыг хичээдэг. Бид хоёр гэр бүлээ нэгдүгээрт тавьдаг, ажлаа аль болох зохицуулдаг. Хоёулаа гэр амьтай.

Б.З:- Бид хоёр ер нь нээлттэй. Манай найзууд ихэвчлэн манайд цугладаг. Найзууд маань ер нь сард 2-3 удаа ирдэг. Бид жилд нэг нэгнийдээ очсон байх дүрэмтэй. Энэ дүрэм сүүлийн үед алдагдан, манайд л түлхүү цугларч байгаа.

Намайг бага байхад аав амралтын өдөр эрт босон, хийцтэй, борцтой, будаатай цай хийж өгдөг байсан юм. Би хоол хийх дуртай. Хийсэн хоолыг маань хань, хүүхэд минь идэхийг харах хамгийн сайхан. Амралтын өдрүүдэд хийцтэй, борцтой, будаатай цай хийж өгөх дуртай. Ер нь гэр бүлийнхэнтэйгээ хамт байх хамгийн сайхан.

-Ер нь хүндийг өргөлтөөр хичээллэх бодол Б.Золжаргалд бий юү?

-Бэлтгэл хийж үзээгүй ээ. Фитнесст л заримдаа явдаг. Багадаа бөх болох мөрөөдөлтэй байлаа. Хүний хувь төөрөг гэж сонин шүү. Би ерөнхий боловсролын сургууль төгсчихөөд ШУТИС-т шалгалт өгөхөөр ээжтэйгээ хамт явж байсан юм. СУИС-ийн хажуугаар өнгөрөхдөө би санаандгүй “Жүжигчин болох гоё байх даа. Үргэлж инээмсэглэж, бусдын хүндлэлийг хүлээж явдаг гоё хүмүүс. Би урлагийн хүн болъё гэж боддог” гэв.

Ээж минь уриалгахан хүлээж авснаа “Миний хүү хүссэн мэргэжлээ л сонго. Хамгийн гол нь дараа нь харамсахааргүй зөв шийдвэр гаргах хэрэгтэй” гэсэн. Тэгээд ээжтэй хамт СУИС дээр очиж, шалгуулаад тэнцсэн. УДЭТ хэчнээн өндөр босготой билээ, би өөрийгөө жүжигчин нь болно гэж ёстой төсөөлөөгүй. Би оюутан байхаасаа олон жүжигт дүр бүтээсэн. УДЭТ-т яг албан ёсоор 2013 оноос хойш харьяалагдаж явна. Студи анги буюу энгийнээр тайлбарлавал дагалдан жүжигчнээр хоёр жил сураад 2015 онд УДЭТ-ийн үндсэн жүжигчин болсон. Ийм сайхан байгууллагын нэг мөчир нь албан ёсоор болсноо үргэлж дурсах дуртай.

Тухайн үед манай театрт “Ромёо Жульетта” жүжгийг тавьж байсан юм. Нэг өдөр тоглолтын өмнө алдартай жүжигчид бүгд ирчихсэн байв. Тэгснээ Тодоо (Э.Тодгэрэл), Шинээ (Б.Шинэбаяр), О.Дөлгөөн бид дөрвийг цагаан цамц өмсөөд бэлэн байж бай гэв. Удахгүй тоглолт эхлэх гэж байхад цагаан цамц өмсүүлж яах гэж байгаа юм бол гээд гайхлаа. Гэнэт бид дөрвийг тайзан дээр гаргаад УДЭТ-ийн үндсэн жүжиг болсонг дуулгасан юм.

Тэгэхэд ёстой магнайгаа хагартлаа баярлаж билээ. Хамгийн гоё жинхлэгдсэн нь бид дөрөв болов уу. Би жүжигчин болсондоо, ийм сайхан ханьтай учирсандаа үнэхээр баярладаг, сэтгэл хангалуун явдаг.

-Олонх эмэгтэй хүн Жульеттагийн дүрд тоглохыг хүсдэг. Анхцэцэгт тийм дүр бий юү. Хань тань кино хийгээд, тоглуулах санал тавьбал зөвшөөрөх үү?

Б.З:- За, даа бараг би өмнөөс нь хариулчихмаар юм байна даа.

М.А:- Тэгээ, тэг, бололгүй яах вэ.

Б.З:- Манай хүн олон рекламанд тоглосон. Урлагийн хүний нүдээр харахад хань минь их мэдрэмжтэй, жүжиглэх авьяастай. Бүтээхийг хүсдэг дүр байдаг эсэхийг нь би нэг удаа ханиасаа асууж байсан. Манай хүн Сорхугтани хатны дүрийг бүтээх хүсэлтэй.

Тухайн үед би өө, тийм үү гээд өнгөрсөн ч дотроо “Хэзээ нэгэн өдөр кино хийвэл ханийгаа сайхан эмэгтэй хүний дүрд тоглуулна” гэж бодож явдаг. Түүнийгээ энэ удаа хэлчихлээ.

М.А:- За, би нэг өдөр кинонд тоглох нь ээ (инээв).

Б.З:- Хатны биш юм гэхэд сайхан ээж эсвэл эмэгтэйн дүрд чамайгаа заавал тоглуулна аа. Эр хүний замын хүзүү урт гэдэг. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хичээнэ, зүтгэнэ. Тэр үед харин зөвшөөрнө биз дээ. Ерөөсөө одоо зөвшөөрлийг нь авчихъя. Цалингүй шүү (инээв).

М.А:- Мэдээж  чинийхээ ажлыг дэмжин, зөвшөөрөлгүй яах вэ. Намайг болон ханийг минь дэмждэг, бүх талаар тусладаг байгууллага, хүмүүстээ баярлаж явдгаа би төлөөлөөд хэлчихье.

Юуны өмнө бид хоёрыг төрүүлж өсгөсөн аав, ээждээ, өнөөгийн амжилтад хүргэхэд хамгийн их нөлөөлсөн ачтан Ц.Хосбаяр багшдаа, ах, дүү нар, найз нөхөд, гэр бүлийнхэндээ баярлаж явдгаа илэрхийлье.

Мөн намайг үргэлж дэмждэг МҮОХ, БТСГ, Монголын хүндийг өргөлтийн холбоо, “Алдар” спорт хороо, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Мөнгөн гүүр”, “Гурван гал” эмнэлэг, “Талст” төв, “Үнэн анд”, “Есүүдийн батууд”, “Сувинер хаус”, “Солонго орд”, “Монгол жонш” компанийн удирдлага, хамт олон, ханийн минь ажлыг дэмжиж, намайг зүгээр нэг жүжигчний эхнэр бус, нэг гишүүн шигээ хүндэлдэг УДЭТ-ын хамт олон, бид хоёрыг хайрлаж, дэмждэг монгол түмэндээ баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
10 сар 16, 2019 09:52

Олонд бахархам амьдрана гэдэг гавьяа, өнөө цагт цол шагн�##� үнэ цэнээ �##�дсан тул түүний төлөө бүү шамд.

Зочин
Зочин
10 сар 16, 2019 10:00

Goy hosud bna

базраа
базраа
10 сар 16, 2019 10:55

Анхцэцэг үнэхээр л хөөрхөн бүсгүй анх тэмцээнүүдэд орж байхад нь хараад ямар хөөрхөн охин бэ л гэж бодож байлаа. Гэр бүлд нь аз жарг�##� хүсье

Зочин
Зочин
10 сар 16, 2019 16:59

Сайхан хосууд, сайхан байна.

зочин
зочин
10 сар 16, 2019 19:18

сайхан хосууддаа урлаг спортын өндөр амжилт хүсье , хүү нь эрүүл саруул өсөж байжих болтугай

Сайхан
Сайхан
10 сар 16, 2019 20:41

Хөөрхөн 2 юмаа. Амьдр�##�ын урт замд ийш тийш гуйв�##�гүй, гэр бүлээ, сайхан хайраа нандигнаж яваарай.

Зочин
Зочин
10 сар 17, 2019 02:58

Ямар хөөрхөн мөртлөө мундаг хоёр бэ. Амьдр�##�д нь аз жарг�##� хүсье. Бахархаж байна аа та хоёроороо.

sugar
sugar
5 сар 25, 2020 02:40

Gaviyat bolj l taaraa shuu! Harin ene busguig todorhoilj yvuulah yostoi udirdaga aldariin darga nar archaagui humuus bn. Er n suuliin ued buh bl avaad bdag . busad turul bl haygdaad baidag muuhai zurshil togtjee . ali spot adilhan amjilt bo

Dornod busgui
Dornod busgui
8 сар 5, 2020 09:52

Yasan mundag huuhduud we. Shan yarij bn amjilt az jargal husiy.

Баасансүрэн
Баасансүрэн
11 сар 25, 2020 02:34

Эх оронтой хүн түүндээ үнэнч байснаараа аз жарг�##�тай байх юмдаа. Танай гэр бүлд эрүүл энх амжилт бүтээлийн дээдийг хүсье. Эх орондоо хайртай гээд хэлчихэж чадахгүй ерөнхий сайд ямар гутамшигтай амьдарч явнав..

Эх
Эх
11 сар 26, 2020 09:22

Хөөрхөн 2.

Зочин
Зочин
11 сар 28, 2020 14:33

Duuchin Bayartsengeliin bayartai duunii klipend toglodog huu bn.ih zoolon dulaahan nudtei.Ankhtsetseg hoorhon,aimaar shartai yg tamirchin hund bh estoi caractertei.saihan hosuudad az jargal husii husiii.

Зочин
Зочин
5 сар 30, 2021 11:29

Хайраар жигүүрлэсэн сайхан гэр бүлд урлаг, спортын өндөр амжилт хүсье!

zochin
zochin
7 сар 5, 2021 09:02

маш сайхан мундаг хосууддаа баяр хүргэе амьжилт хөөрхөн юм бэ?

Холбоотой мэдээ

Back to top button