ДЭЛХИЙ

Япон улс хойд Солонгосын хиймэл дагуулыг устгахаа мэдэгдлээ

Өнгөрсөн сарын 19-ний өдөр Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун тус улс хамгийн анхны тагнуулын хиймэл дагуулаа бүтээж удахгүй хөөргөх болсноо мэдэгдсэн. Анхны хиймэл дагуулаа хөөргөснөөр тагнах, агаарын цохилт өгөхдөө илүү нарийвчлалтай байрлал тогтооход туслах олон тооны хиймэл дагуултай болох эхний шат нь тавигдана. Ким Жон Ун АНУ болон БНСУ-аас үзүүлж буй цэрэг зэвсгийн заналхийллийн эсрэг арга хэмжээ авах зорилготой тус хиймэл дагуулыг хөөргөж байгаа хэмээсэн билээ.

Хойд Солонгос тавдугаар сарын 31-ээс зургаадугаар сарын 11-ний хооронд анхны дагуулаа пуужингаар сансар луу хөөргөхөө мэдэгдсэн байна. Үүнтэй зэрэгцэн Японы Засгийн газар агаарын хамгаалалтаа чангатгаж, хэрвээ улсынх нь нутаг дэвсгэрт пуужин нэвтэрч орж ирвэл шууд устгана хэмээжээ. Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Хироказу Мацуно Хойд Солонгос ямар ч зорилготой бай пуужин хөөргөх нь Япон иргэдийн аюулгүй байдалд заналхийлж буй хэрэг гэсэн юм.

Тэрээр нэмж хэлэхдээ “Хиймэл дагуул манай улсын нутаг дэвсгэрээр дамжиж өнгөрөх магадлалтай гэдгийг Засгийн газар тооцоолж байгаа ” хэмээжээ. Мөн тус улсын Батлан хамгаалах яам “Манай нутаг дэвсгэрт газардах нь батлагдсан баллистик болон бусад төрлийн пуужинг буудаж унагаах арга хэмжээ” авна гэсэн мэдэгдэл гаргасан байна.

Японтой зэрэгцэн Өмнөд Солонгос ч мөн адил Умардын төлөвлөгөөг шүүмжилсэн юм. БНСУ-ын энх тайван, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн тусгай элч Ким Гон АНУ, Японтой хиймэл дагуулын асуудлаар утсаар ярьж хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн байна. Умардын төрийн өмчит телевиз тус гурван улс Пёньяны хөөргөх хиймэл дагуулын тухай мэдээллийг шууд хуваалцаж, хамтран ажиллах шийдвэр гаргасныг нь шүүмжилж харгис арга хэмжээ гэжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button