Нийгэм мэдээ

Ууттай бэлэг, уран үгээр уухайлах бус бодитоор хайрлаж, хамгаалья

Хүүхдийн баяр боллоо гээд тэд хуруу даран тоолон хүлээнэ. Харин томчууд ямар бэлэг авч өгөх, бүр томчууд ямар үг хэлж мэндчилэх, уриалах, уухайлуулахаа бодож буй бизээ.

-Хүчтэй салхитай үед үйлчлүүлэгч авсан тоглоомын газар буруу хүлээх үү-

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төв талбайд байршуулсан хийлдэг тоглоомын талбай салхинд нурж, дээр тоглож байсан 15 хүүхэд осолд өртөн найман настай хүүхэд амиа алдлаа. Хүнд гэмтсэн гурван хүүхдийн нэг нь нас барж, хоёрынх нь бие хүндхэн байдалтай байна. Тоглоомын талбайг хэн нэгэн даргын зөвшөөрлөөр тэнд барьсан байх. Хамгийн гол нь хүчтэй салхинд ажиллах болох эсэх, улмаар бэхэлгээ, бөхөлгөө, стандартын дагуу тогтоосох эсэх гээд энд олон асуудлыг хөндмөөр байгаа юм.

-Ял эдлээд хүмүүжээгүй этгээд нялх охины амийг хөнөөв-

Ням гарагт БГД-ийн Зүүн наранд долоон настай охиныг төрсөн ахынх нь найз хүчирхийлж, амийг нь хөнөөн нойл руу хийсэн аймшигт хэрэг гарав. Хэргийг үйлдсэн этгээд 21 настай, саяхан шоронгоос суллагддсан нэгэн байж. Тэрээр өмнө нь хулгайн гэмт хэрэг үйлдэж, засан хүмүүжүүлэх газар ял эдэлсэн. Гэвч огтхон ч засарч хүмүүжээгүйн улмаас ийнхүү жигшүүрт хэрэг үйлдэв.

Зөвхөн ойрын 4 хоногт л эл болсон үйлдлүүд энэ. Энэ бүхний цаана нүднээс далд, мэдээллээс гадуур хэдэн хүүхэд ямар байдлаар хохирч байгааг бид мэдэхгүй. Хүүхэд хамгааллын салбарыг, хүүхэдтэй ажилладаг мэргэжилтнүүдийг чадавхжуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал хүнд кэйсүүдийн үеэр нэг яригдаад нам болчихдог.

Эрх мэдэлтнүүд идсэн ууснаа "ухалцаж", дундаасаа хулгайчдаа тодруулсаар, тодруулах ажилд анхаарлаа хандуулсаар буй одоо цагт хариуцлага, хамгааллын асуудлууд анхаарлаас гадуур хаягдаж байна. Шоронгийн эргэлтийн өрөөнд гэмгүй нэгэн эмэгтэй амь насаа хөнөөлгөж, харуулын цэрэг байран дээрээ амиа хорлов.

Хоёрхон хоногийн дараа эх үрсийн эрхийг хамгаалах өдөр болно. Ууттай бэлэг, ганц сарнай, уран үгээр уухайлах хэлбэрт ач холбогдол өгөхөөсөө илүү тэднийг байгаа байгаа газар нь хайрлаж, хамгаалж, бодитоор үнэнээр хандмаар байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button