WEDF2023: "Хариуцлагыг дан компани бус хэрэглэгч ч үүрэлцэж байж экспорт нэмнэ"

Дэлхийн экспортыг дэмжих 20 дахь удаагийн чуулга уулзалт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. 100 гаруй орны 400 орчим зочид төлөөлөгч оролцож буй эл уулзалтад Олон улсын худалдааны төвийн Ногоон ба хүртээмжтэй өртгийн сүлжээ хариуцсан дарга Ванесса Эрогбогботой бизнесийн орёныг хөгжүүлэх, бага санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж, экспорт хийх талаар ярилцсан юм.
Тэрбээр “Хөгжиж буй орнуудын тогтвортой байдлын шаардлагатай нийцэх болон бусад хөгжингүй орнуудын олон улсын худалдааны шаардлагатай нийцэхэд нь тусалж, ажилладаг. Жижиг үйлдвэрлэгчдийн хувьд экспортоо хөгжингүй орнуудад нийлүүлэхийн тулд олон улсын худалдааны гэрээ хэлцлийн талаарх мэдээллээ дээшлүүлэх нь чухал юм. Мэдлэг, ойлголт сайтай байвал ямар ч улсын ЖДҮ эрхлэгч экспортоо хөгжингүй орон руу нэмэгдүүлэх боломжтой.
Хоёрдугаар чухал зүйд нь ажилчдын болон хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх явдал. Чадварлаг хүний нөөцтэй байвал экспортын аливаа саадуудыг даван туулахад хялбар байдаг.
Гуравдугаарт, санхүү, хөрөнгө оруулалтын асуудал юм. Хөрөнгө мөнгөтэй байсан ч тодорхой хэмжээний санхүүжилт хэрэгтэй. Тухайлбал, эрчим хүчний хэмнэлттэй үйлдвэрлэл явуулахад өндөр өртөг бүхий тоног төхөөрөмж хэрэг болно. Энэ мэт томоохон дэд бүтцийг олон улсын шаардлагад нийцүүлэхийн тулд санхүүжилт, хөрөнгө оруулалт нэн чухал юм” гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр “Ярилцлагынхаа төгсгөлд хоёр зүйлийг онцолмоор байна.
Нэгт, хувийн хэвшил гэдэг бол эдийн засгийн томоохон хүч. Өөрсдийн хэмжээнд туршлага сайн хуримтлуулсан байдаг. Тиймээс компаниуд хоорондоо туршлагаа солилцдог байх хэрэгтэй.
Хоёрт, экспорт хийхтэй холбоотой зардлыг хуваарилдаг, тархаадаг байх шаардлагатай юм. Ингэхдээ үнэ цэнийн гинжин хэлхээний үе шат бүрээр тархаана гэсэн үг. Бүх зардлыг компани дангаараа хариуцаж, хичээх бус зарим хэсгийг өөр газраас санхүүжүүлдэг байх хэрэгтэй. Бүх хариуцлагыг компани дангаараа үүрэх бус заримыг нь хэрэглэгч хариуцдаг байх шаардлагатай юм.
Ингэж чадвал компанийн ачаалал буурч, амжилттайгаар экспорт хийх боломж бүрдэнэ” хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.