НИЙГЭМНийгэм мэдээ

Энэ жилийн номын баярын хамгийн их хүлээлт үүсгэсэн 10 ном

“Надад байгаа хамаг сайн сайхан бүгдийг би номоос олсон” гэж М.Горький бичжээ. Харин “М.Горькийд байсан хамаг сайн сайхан гэгдэх тэр зүйлс нь хүнлэг сэтгэл, гүн мэдлэг байсан юм” хэмээн нэрт сэтгэгч Л.Түдэвийн “Хүүхдийн зохиолын онцлогууд” номын нэгэн өгүүлэл эхэлдэг.

Хэлний гайхамшиг, илэрхийллийн гоо сайхан, үгийн баялаг ганцхан номонд л байдаг. Тиймээс шинэ ном бичигдэх, орчуулагдах алин боловч тухайн хэлийг баяжуулж, хэлний амьд зарчимд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Тэгээд ч шинэ ном гэдэг уншигчдын хувьд хамгийн нандин нууц байдаг тул түүнийг нээх нь хэзээд сайхан байдаг.

34 дахь удаагийн Номын баяр өнөөдөр буюу есдүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж байна. Нийт гурван өдрийн турш үргэлжлэх Номын баярыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа юм. Тэгвэл Үндэсний номын баяраар уншигчдын гарт анхлан хүрч буй 20 номыг онцолж байна.


1.Б.Батзаяа "Сэтгэцийн асуудлууд"

Б.Батзаяагийн яруу найргийн номонд өмнөтгөл өгөхгүй. Харин уншигч танд түүний шүлгийн багахан хэсгийг хүргэе.

АХЫН ДУУ | П.Батхуяг агсанд зориулав

Гавал дээр чинь бууж мэдэх ган хошуут гар байлаа
Газар гишгэлэвч цаасан мөртэй үсэг таригч хөл байлаа
Гаж буруу цамнавал гашуунаар инээгч уруул байлаа
Ганзага гүнцэг нийлэн суухад гал асаах зуруул байлаа
Ганцхан тэврээд түлж мэдэх даанч халуун зүрх байлаа
Гангар шаазанг цуулж мэдэх эрс эрмэг дуун байлаа
Гашуун ус нүднээ дүүргэх гарцаагүй үнэн үг байлаа
Гантиг чулуу босох хүртэл гажаагүй ганц хүн байлаа. (Б.Батзаяа)


2. Б.Энхцэцэг "Хөрөг"

"Би хүний хувь тавиланд итгэдэг. Хувь тавилангаа үүнээс хойш эрхшээх нэгэн бяцхан цэгт ирэн иртлээ, бүр дээр нь яг таг зогсоод авсан хойноо ч үргэлж тэлчилж байгааг нь мэдэхэд надад таатай байдаг. Аан, амьдрал гэдэг чинь энэ юм байна шүү дээ гэж бодохоор хүйтэн харц, хиртэй гараар хөндөмгүй хайран. Тийм хайран зүйлийн орон зайд хүн өөрийн үнэр, амтыг үл нэвчээх хуудуугүй хөндлөнд оршихоос бусдаар ямар ч эрхгүй болдог юм" хэмээн эл бүтээлд тэмдэглэжээ.


3. Д.Урианхай "Цаг хугацааны МӨНХ БУС руу инээмсэглэгсэд"

“Цаг хугацааны МӨНХ БУС руу инээмсэглэгсэд” роман нь Монголын эмэг эх, ээж, охин гурван уран нугараачдын урлагт зориулсан хүнд, эмгэнэлтэй, хувийн амьдралын бахархалтай түүхийг өгүүлсэн драмлаг, оюун санааны үйл явдалтай сэтгэл зүйн роман юм. Эл бүтээл бол Монголын Циркийн урлагийн уран нугаралтын бодит түүх бус, уран нугараачдын амьдралаас авсан эх дүргүй, урлагийн болон уран бүтээлч хүний амьдрал, үзэл бодлын “дотоод хөгжил”-ийг харуулсан диалоги-роман болно.

Хүүхэд залуучууд, уншигчдад эх оронч үзэл, үндэсний өв соёл, сэтгэлгээний уламжлал, Монгол үндэсний “амьдрах арга”-ын философийг судлах, өөртөө эзэмших, танин мэдэх, өвлүүлэх, уламжлах сэтгэлгээг төлөвшүүлэх, Монголын урлаг соёлын түүхэн нэг өндөрлөг уран нугаралт, Монголын циркийн урлагийн түүх, урын сангийн үнэт өв соёлыг өвлүүлэх, дархлааг бий болгоход чиглэнэ. Үндэснийхээ болон дэлхийн кино урлагийн шилдэг найруулагч, продюсер, жүжигчин, судлаачдын анхаарлыг Монголын уран нугаралтын урлагт хандуулах, дэлхийн зах зээлд өөрсдийн бүтээлийг таниулах, гаргахад чиглэсэн болно.


4.Х.Нямхишиг "Жийд хэлний бадгууд"

"Тэрлэгнийх нь даавуун товч
Тэнгэрийн салхинд сэмрээд л буй,
Тэгтлээ хүүгээ санаад л буй
Ээж минь дээ,
Явуулын хүнээр хүү нь
Саяны номоо дайсангүй ээ,
Яруу найраг л гэнэ,
Сайхан нь тэнд байсангүй ээ.
.."

Эл ном нийгэм, улс төрийн сэдэвт богино өгүүллэг, баримтат хүүрнэл, эсээний эмхэтгэл. Залуу үеийнхний шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, амьдран буй нийгмээ анзаарах, тулгарч буй бэрхшээлээ шийдэх эрмэлзэлд нэмэр болж юун магад хэмээн гаргаж буй богино өгүүллэг, баримтат хүүрнэл, эсээний эмхэтгэл.

Зохиогчид нь орон орны залуу бичээчид, орчуулагчид нь монгол хүүхдүүд. 

Юун тухай яаж бичсэн юм бол? гэх асуултад тань хариулахаас татгалзъя. Тэдний ертөнцийг өмнөөс нь тайлбарлах илүүц биз ээ. Заримд нь сэтгэл өвдөж, заримд нь жуумалзаж, бүгдэд нь "үгүй ээ, ер!" хэмээн дуу алдан уншсан билээ.


5. Ж.Тэгшзаяа "Энэ хорвоод бид зуурхан л үзэсгэлэнтэй

"Хамтдаа тийм өндөрт дүүлэх мэт агшин зуур гарчихаад
Харанхуй ангалын ёроол руу нэг нь зугуухан унаж байгааг 
Хажуунаас нь харах 
Харамсмаар байсан уу
Унаж байхдаа өрөөсөн далавчаа урлана гэж 
Ухаангүй итгэсэндээ л улам их шархалсан, шархлуулсан 
Улаан цайм намайг аврахаар сунгасан гарыг чинь 
Увайгүй түлхсэн, улам харанхуй нүхэнд шигдэж тарчилсан 
Хэцүү байсан уу ..." 

Орчуулагч Ж.Тэгшзаяагийн анхны шүлгийн ном. Түүнийг "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй", "Гоо үзэсгэлэн бол шарх", алдарт дуучин Лана Дель Рейн "Өвсөнд мэхийх нил цэцэг" шүлгийн номуудыг орчуулсан гэдгээр нь уншигчид андахгүй биз ээ. Энэ удаад тэрээр гэрэл зурагчин Г.Цолмон (MOrris)-той хамтран шүлгийн номоо гаргажээ. 

Уг номоор дамжуулан Ж.Тэгшзаяагийн 23 настайгаасаа өдийг хүртэл бичсэн шүлгүүдийг уншиж, Г.Цолмонгийн гэрэл зургийн бүтээлүүдтэй танилцах боломжтой.


6. О.Элбэгтөгс "Жазз гараг дээрх Жон Колтреиний шилтгээнд өнгөрүүлсэн таван улирал"

"Жазз гараг дээрх Жон Колтрейний шилтгээнд өнгөрүүлсэн таван улирал" ном нь О.Элбэгтөгсийн яруу найргийн төрлөөр туурвисан дөрөв дэх ном юм. Тус ном Сахиусан тэнгэр ба лусын дагина, Тэнэгүүдийн товчоо, Далавчтай бүсгүйд зориулсан шүлгүүд, Эрвээхэй, Буддагийн тухай шүлгүүд, Үхлийн галт тэрэг, Харын баяр & Мандалговь, Жазз гараг дээрх Жон Колтрейний шилтгээнд өнгөрүүлсэн таван улирал, Хүүбэрдийн гунигт шүлгүүд, Нүдний шил шиг хамар дээр тохоотой супермаркетууд, Ивайда арслан гэсэн 11 цуврал шүлгээс бүрдэж байгаа бөгөөд цуврал тус бүр дотроо 3-12 шүлэг агуулж буй.

"Хөх мэдрэхүй" бүлгэмийн гишүүн О.Элбэгтөгс өмнө нь яруу найргийн төрлөөр "Чимээгүй хот", "Эмгэнэлийн үр хөврөл", "Чөлөөт шувуу", "Тэнцвэр" номууд, мөн "Бүслэлт" өгүүллэгийн түүвэр хэвлүүлээд буй юм. Яруу найрагч О.Содномпил "Түүний шүлгүүдээс, нийгмээс шалтгаантай сэрэл мэдрэмжүүд, айдас, түгшүүр, шаналал зовнил, үзэн ядалт, ганцаардал шазуур, зөрчилдөөн байж ядсан цухал мэдрэгдэнэ. Тэр бол орчин цагийн нийгмийн дуу хоолой" гэж тодотгосон байдаг. 


7. Ц.Гончиг "Цул мөнгөн гүүр"

"...Одоо бодоход гучин жил гэдэг гучин алдын гүн цүнхээл шиг л сэтгэгдэж байна. Тэрхүү цүнхээлийн хамгийн гүнд нь миний санах л ёстой дурсамжууд эгээ л олох л учиртай чулуу шиг л цайрч байгаа. 

Өдөр хоног, сар жил усны түвшин лүгээ нэмэгдэж, ахиад гучин он улирахад жаран таван алдын гүнээс энэхүү дурсамжаа шунган олоход бэрхтэй болох биз ээ. Оллоо гэхэд гүнзгий ёроолоос нь түрэн гаргах амьсгал, чадал хүрээ ч бил үү, гаргаад ирж гэмээ нь тэрхүү дурсамжууд минь энэ удаагийнх шиг түрүүхэн шидсэн шигээ цав цагаан, саяхан усанд байсан шигээ нов нойтон чулуу шиг хэв хэвээр байгаа ч бил үү? 

Олсон чулуудаа дурсамжийн цээлд шидэхэд мартахуйн цэл мөсийг цөмлөж чаддаггүй юм аа гэхэд эрхбиш жингэнэх дууг дуулгаж, жижигхэн цацраг долгис таныг зорино хэмээн итгэмүй.." /Номын хэсгээс/


8. Жөүзи Малиновски “Зүүдний сэтгэл судлал 

Зүүдийг судалсан шинжлэх ухааны замд чухам юу юу тохиолдсон, ямар нууцыг олж нээсэн зэрэг олон асуултын хариуг энэ ном өгч чадна. 

Зүүд бол унтаж байхад үзэгдэх хий хоосон дүр дүрслэл төдийхөн зүйл биш. Олон зууны туршид хүн төрөлхтөн зүүднийхээ утга учрыг эрэлхийлэн, төрөл бүрийн тайлбар, тайллуудыг хийсээр ирсэн авч шинжлэх ухаан хөгжсөн өнөө цаг үед л бид илүү итгэж болохуйц, бодитой тайлбарыг хийж буй юм. Хүний сэтгэл зүйн үзэгдлүүд дундаас магадгүй хамгийн ер бусын ч байж мэдэх зүүд нь нойрон дунд биднийг зүгээр л зугаацуулахаас хэд дахин илүү их ашиг тустай байдгийг аль хэдийн тогтоожээ. Тэгвэл тэрхүү ашиг тус нь юу болох тухай энэхүү бүтээлээр зохиогч машид тодорхой дэлгэрүүлэн харуулсан юм. Ингэхдээ тэрээр сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд зүүдийг судалсан судалгаа шинжилгээний ажлыг ашиглан тайлбарласан байна. Тухайлбал зүүд хэрхэн танин мэдэхүйн чадваруудад нөлөөлж байдаг, сэтгэцийн гэмтэл авсан хүний зүүд хэрхэн өөрчлөгддөг болох, эдгэрэх үйл явцтай зүүд хэрхэн уялддаг болон зүүд бидний тухай юуг хэлж чадах вэ зэрэг маш өргөн хүрээг хамран өгүүлсэн аж. 

Хэн ч нууцыг нь үл тайлах үзэгдэл мэт байсан зүүдийг хүмүүс бид орчин үед нэлээдгүй танин мэджээ. Бид таагүй, муу зүүдээ эсвэл үл мартагдах зүүднийхээ утга учрыг шууд ойлгож мэдэж чадахгүй ч гэлээ тэдгээр нь бидний сэтгэл зүйн байдалтай салшгүй холбоотой гэдгийг сайтар ойлгох болсон нь нэгэн амжилт юм. Тиймээс шинжлэх ухаан зүүдний талаар юу хэлж чадахыг энэхүү бүтээлээс уншигч та бүхэн олно хэмээн итгэж байна. Н.Өнөржаргал эл бүтээлийг эх хэлнээ орчуулжээ.


9. Д.Урианхай "Аз жаргалгүй амьдарч байвал монгол хүн та намайг уучлаарай"

Эл бүтээлд зохиолч, яруу найрагч Д.Урианхайн “Монголын нийгмийн хөгжил хийгээд монгол хүний тухай философи сэтгэмжит 109 бодрол” багтсан болно. Монголчууд бид үзэл санаагаа чөлөөтэй илэрхийлэх нийгмийг бий болгож чадсан ч өдгөө бүх нийтээрээ оюун санаа, сэтгэлгээний эрх чөлөө, тусгаар тогтнолтой болж, хэрсүүжин урагшлах шаардлага тулгарч буй.

Нэгдмэл ойлголт, үнэт зүйлгүй цаг хугацааг улираасаар байгаа нь бид бүхнийг материаллаг ахуйгаас цааш давж сэтгэн хөгжихөд тушаа болж байгаа юм. Тиймээс зохиолч Д.Урианхай Монголын нийгмийн асуудлыг гаднын онолч, сэтгэгчдийн оюунаар шүүн тунгаасан бус монгол хүний оюун сэтгэлийн угаас, ул дол болсон үг хэллэгээр бус өдөр тутамдаа тэр бүр сонсоод байдаггүй “амьд” агуулгаар бичсэн нь уншигч танд монгол философи сэтгэлгээ, үзэл баримтлалын үндэс болж тавигдах буй за. 


10. Ингмар Бергман “Миний амьдрал кино хальсанд” 

Нэгнээ дэмжиж урамшуулах зүгээр л дээ, гэхдээ бас аюултай. Нэг ийм зүйлд сэтгэлээ дасгалжуул. Битгий хэт бадар. Битгий хэт гутар. Өөрийгөө яг тэг цэг дээр тогтоож барь. Үзсэн харсан юм болгондоо сэтгэл хөдлөлөөр ханддагаа боль. Тэгж байж л чи бүхнийг олж харж чадна”.

Хүний сэтгэлийг тэнгис далай юм гэвэл дурсамжийг нь чулуутай зүйрлэж болом. Ус руу чулуу шидэхэд цалгилан долгилж мяралзаад, эргээд тогтуун болдог доо. Шведийн нэрт кино найруулагч Ингмар Бергман найруулагчийн замнал хийгээд амьдралынхаа түүхийг уудалсан энэхүү номоо бичихийн тулд бүтэн хоёр жилийн турш сэтгэлийнхээ тэнгис рүү дурсамжийн чулууг эгээ л уургаа хаях загасчин мэт уйгагүй шидэж, баялаг, өрнүүн атлаа басхүү уйтай, тун ч үзэсгэлэнтэй долгисыг бүтээн бидэнд харуулжээ.

Бүх цаг үеийн хамгийн агуу найруулагчдын нэгэнд зүй ёсоор тооцогддог эл эрхэм цаг ямагт агуу байгаагүй гэдгээ чин шударгаар хүлээн зөвшөөрч, өөрийн доторх турьгүй бяцхан хүү, өтөл өвгөн, сахиусан тэнгэрүүд хийгээд ад зэтгэрүүдээ ч нуулгүй илчлэн хүүрнэснийг энэхүү номоос та унших болно. Уг номыг Н.Өнөржаргал эх хэлнээ орчуулжээ.

Б.УУГАНБОЛОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-17 12:39

Урайнхан номыг хайгаад олсонгүй

Enja
Enja
2023-09-19 00:40

Huulbar medee bn sh dee

Холбоотой мэдээ

Back to top button