Улирлын амралтаа үр дүнтэй өнгөрүүлэх сонирхолтой зургаан арга
ЕБС-ийн бага, дунд болон ахлах сургуулийн сурагчид арванхоёрдугаар сарын 28-аас нэгдүгээр сарын 28 хүртэл нэг сарын хугацаатай амарна. Тус хугацаанд хүүхдээ хэрхэн үр бүтээмжтэй, зугаатай амралтаа өнгөрөөж болох дараах зөвлөмжийг хүргэж байна.
Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш их хотын түгжрэл, утаан дунд том багагүй ядарцгаажээ. Шинэ жил ойртож, урин дулаан наашлах цаг дөхсөн эл өдрүүдэд хүүхдүүдтэйгээ хамтдаа амарч, тэдний хүсэл сонирхлыг дэмжиж ойлголцож байгаарай.
Өмнө нь хийж байгаагүй шинэ дадал зуршлыг бий болгох
Хүүхдүүддээ сонирхолтой арга барилаар шинэ дадал зуршлыг бий болгоорой. Ном унших, зураг зурах, өглөө эрт босох, рубик шоо эвлүүлэх, шатар даам тоглох гэх мэт шинэ хобби болон дадал зуршлыг суулгаарай.
Цахим хичээлийн дараа биеийн чилээг гаргах дасгал хөдөлгөөн тогтмол хийх
Эрдэмтдийн судалгаагаар хүн өдөрт хамгийн багадаа 30 минут дасгал хөдөлгөөн хийхийг уриалсан байдаг. Урт удаан хугацаанд суусны дараагаар дасгал хөдөлгөөн хийж биеийн чилээгээ гаргаж байхыг зөвлөдөг. Мөн гормоны өөрчлөлт, бодисын солилцоо, ясны нягтрал, булчингийн массын өөрчлөлт нь хүч чадал, гүйцэтгэлийн түвшинг дасгал хөдөлгөөн хийж нөхөж, хэвийн байлгадаг байна. Тиймээс нас насны онцлогт нь тааруулж цахим хичээлийн дараагаар багахан хэмжээний дасгал хийлгэж хэвшүүлээрэй.
Спортоор хичээллүүллэхийн давуу талыг тэдэнд ойлгуулж, дуртай спортын төрлийг нь олоорой
Спортоор хичээллэх нь хүүхдийг идэвхитэй байхад нөлөөлдөг төдийгүй дан ганц бие бялдар гэлтгүй эрүүл мэнд, сэтгэл зүйн хувьд чухал ач тустай байдаг. Спорт болон бусад биеийн хүч сорьсон үйлдлүүд нь хүүхдийг өөрийнхөө ур чадварыг нээн илрүүлж, өөрөө бие даан суралцаж, тэвчээр хатуужилтай болоход нь түлхэц болдог. Тиймээс та хүүхдийнхээ сонирхол болон чадварт нийцүүлэн туялзуур сэлэм болон сагсанбөмбөг, гар бөмбөг, олон төрлийн бөхийн секц дугуйлан, соробан сампин, шатар, даамаар хичээллүүлээрэй.
Өсвөр насны хүүхдүүддээ помодоро аргыг танилцуулж, хэрэглэхийг санал болгоорой
Төгсөх шалгалттай, урт удаан хугацаагаар сууж хичээллэдэг хүүхдүүдэд энэхүү аргыг танилцуулаарай. Хийж байгаа зүйлдээ анхаарлаа хандуулж үр бүтээлтэй байх шалгарсан арга.
Помодоро нь ухаалаг, бүтээмжтэй ажиллах хамгийн алдартай аргуудын нэг бөгөөд 25 минут ажиллаад таван минут амрах тухай ойлголт юм. Ийнхүү 25 минут ажиллаж буй үе тус бүрийг помодоро гэж нэрлэх бөгөөд нийт дөрвөн помодоро үеийн дараагаар 15-20 минутын урт амралт авна. Энэхүү арга нь өглөө эрт, анхаарал сайн төвлөрч чадах үед хамгийн сайн ажиллах ба оногдсон 25 минутын богино хугацаанд нэг сэдэв дээр гүн төвлөрөх боломжтой. Ингэснээр тархи амарж, нэг дор хэт их ачаалал үүрэхгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг.
Амралтын өдрүүдээр агаарт гарах
Улаанбаатарын утаатай өдрүүдийг ардаа орхиж, агаар салхинд гарч байгаарай. Ууланд алхаж, цасаар тоглож, байгальд ойр нэг өдрийг өнгөрүүлэх нь бие бялдарын хувьд болон сэтгэлзүйн асар том дэмжлэг болон витамин болно.
Эвлүүлдэг тоглоом тоглох
Эвлүүлдэг паазли /Jigsaw puzzles/ нь тархины хоёр хэсгээ аль алиныг нь ашиглахад тусалдаг. Зүүн-тархи логикоор бодож, дарааллыг дагадаг бол баруун тархи нь бүтээлч сэтгэлгээ, зөн совин бөгөөд сэтгэл хөдлөлийг хариуцдаг. Та эвлүүлдэг паазлыг нийлүүлэх гэж оролдох үед таны тархи бүрэн ажиллаж хоёр тархиныхаа хүчийг аль алиныг нь ашигладаг.Эвлүүлдэг паззл тоглох үед тархины бүх эс, бүх хэсэг тасралтгүй идэвхтэй байдаг нь судалгаагаар тогтоогдсон байна. Энэхүү эрчимтэй үйл ажиллагаа нь тархины эс бүрийг дасгалжуулдаг бөгөөд ингэснээр тэдгээрийг идэвхжүүлж, үр ашиг ба багтаамжийг нэмэгдүүлдэг. Иймээс насанд нь тохирсон паазли эвлүүлж, гэр бүлээрээ оройг хөгжилтэй өнгөрүүлээрэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.