Археологичид Мароккогоос 90 мянган жилийн өмнө үүссэн хүний хөлийн мөр олжээ
Эрдэмтэд 2022 онд Марокко улсын Лараче хотын ойролцоох далайн эргээс 90 мянган жилийн настай хүний хөлийн мөр олсон байна. Тус хөлийн мөрийг судалсан эрдэм шинжилгээний ажлын бичлэг “Nature” сэтгүүлд өнгөрсөн сард нийтлэгджээ.
Тэрхүү мөр Хойд Африк болон Газар дундын тэнгисийн өмнөд хэсгээс олдсон хамгийн эртний хүний хөлийн мөр юм. 90 мянган жилийн өмнө үүссэн тус маш ховор мөрийг Өмнөд Бриттанийн Франц их сургуулийн профессор Монсеф Эсседратийн тэргүүлсэн олон улсын судлаачдын баг илрүүлсэн байна.
Эсседрати “Live Science” сайтад хэлэхдээ “Түрлэгийн хооронд хойд зүг рүү явж, далайн эрэг дээр хайгуул хийх хэрэгтэй гэж би хэлсэн. Бид анхны мөрийг олохдоо гайхсан. Эхэндээ хөлийн мөр гэж бодоогүй ч, хэсэг хугацааны дараа хэд хэдэн мөр нэмж олсон” гэжээ.
Эрдэмтэд optically stimulated luminescence нэртэй нас тогтоох аргыг ашиглан хөлийн мөрнүүдийг 90 мянган жилийн өмнө үүссэн гэж тогтоосон байна. “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаа дээр бичсэнээр тэд нийт 85 хөлийн мөр олсон аж.
Судлаачдын тооцоолж буйгаар тэдгээр мөрийг хүүхэд , өсвөр насны, насанд хүрсэн гэх мэт янз бүрийн насны дор хаяж таван мөстлөгийн үеийн хүн үлдээсэн гэж таамаглаж байгаа юм.
Мөрийг үлдээсэн хүмүүс яагаад Ларачегийн далай эрэг дээр явж байсныг тогтоохын тулд ойролцоох агуй гэх мэт газарт хайгуул явуулахаар зорьж байгаа аж.
Сонирхуулж хэлэхэд эрдэмтдийн илрүүлсэн хамгийн эртний хүний (Хомо Сапиенс) хөлийн мөр Өмнөд Африкаас олдож байжээ. Тэдгээр хөлийн мөр 150 мянган жилийн өмнө үүссэн байна.
Эх сурвалж: Euro News, New Atlas
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.