Top StoriesЯрилцлага

Яруу найрагч Б.Батрэгзэдмаагийн охин Анар: Хүн хүнд хувааж өгсөөр түүнд цохилох зүрх үлдээгүй

Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаа агсны охинтой ярилцлаа. Монголын ард түмэн, бидний үр хойчист дахин дахин шинээр нээгдсээр байх өндөр оюун ухаан, багтаж ядсан авьяас, бусдад үргэлж итгэл найдвар хайрлахын төлөө шүлэглэсээр байсан их хүний үйл хэрэг дуусаагүй байна. Бурхан шашны дээд сургуулийг Буддист философийн ангиар дүүргэсэн Б.Анар одоо ээжийнхээ зохиол бүтээлийг эрхлэн хэвлүүлж, түгээн дэлгэрүүлэх ажилд төвлөрч эхэлжээ. Цагийн аясаар үнэн бүр нь тодорч үлдсээр байх жам ёсны урсгал дунд энэхүү ярилцлага битүү утгаар ч болов жанжин шугам нь болж үлдэнэ хэмээн найдаж байна.


-Өөрийн чинь хувьд ээж, бусдын мэддэгээр зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаа тэнгэрт халиад улирч буй найман сарын хугацаанд түүний орон зай хэрхэн үгүйлэгдэж байна вэ?

-Бүхий л байдлаараа үгүйлэгдэж байна.

Хорвоод мөнх бус зүйл гэж бий. “Хэтэрхий залуу байв уу” гэж л бодож байна. Ээж бид хоёр хоёулхнаа. Ээж ганц бие, би ганц охин нь. Аав нь, эгч нь гээд ойр дотнын хүмүүс мэдээж байсан. Гэхдээ амьдралыг ээж бид хоёр хамтдаа туулж байсан.

Баяр, тэмдэглэлт өдрүүдээр тун амаргүй юм байна. Ээжгүй цагаан сар, ээжгүй наадам тэмдэглэх хэцүү юм билээ.

-Тэр ямар баярт хамгийн их ач холбогдол өгдөг байсан бэ?

-Ээж Цагаан сард маш их анхаардаг байсан. Уг нь хоёулаа л мөртлөө том гэгчийн ууц, таван үе тавган идээ засдаг байлаа. Цагаан сараа элбэг сайхан тэмдэглэнэ гэдэг монгол хүний л бэлгэдэлт бодол шүү дээ. Их элбэг дэлбэг тэмдэглэн өнгөрүүлдэг байсан даа.

-Амьдад нь тэгэхгүй яав даа гэсэн харамсал үлдэгсдийн шаналах гол шалтгаан бол өөрийн чинь хувьд ээжийнхээ төлөө ихийг хийсэн шүү дээ?

-Харамсал, шаналан тодорхой хэмжээнд байлгүй яах вэ. Гэхдээ бохирч унатлаа гашуудаж харамссан зүйлгүй. Тэгж мэдрээгүй, яагаад мэдрэхгүй байгаагаа ч өөрөөсөө асууж бодсон.

Ганц охины нь хувьд... Нэлээд явсан. Эмчлүүлж эдгээх, татаж босгох гэж явсан. Гэхдээ түүнд охины нь биш өөр бусдын хайр л хамгийн ихээр дутсан. Би үүнд л харамсдаг.

Найз нөхөд нь, урлагийн ертөнцөд ойр, манайхаар орж гардаг байсан тэр бүх хүмүүс олон жилийн турш зүгээр л алга болчихсон. Ээж хүн хүүхдэдээ хүүхэд л гэж харьцана. Хэчнээн том болсон ч ялгаагүй, хүүхэд мэт л санана. Тийм болохоор би найз нөхөд нь яагаад ингэв дээ л гэж гомддог, эсвэл харамсдаг.

-Тэнгэрт хальсны нь дараа гэнэтхэн сэхээ орох, гэм цайруулах маягийн хандлага үзэв үү?

-Айхтар их биш ээ. Би ч тэдэнтэй төдийлөн ойр байхыг хүсээгүй. Цаг нь ирэхээр тодорхой хэмжээнд асууж зөвлөх хэмжээнд харилцаад явах байх.

-Санхүүгийн ашиг сонирхлоор уран бүтээлийг нь дахин хэвлэх хүсэлт олон талаас тавигдаж байгаа болов уу. Охины нь хувьд зохиогчийн эрхийг хадгалах, бүтээлийг эрхлэн гаргах тал дээр хэрхэн хандаж байна вэ?

-Зохиогчийн эрхийн хувьд надад өвлөгдсөн байгаа. Би 50 жилийн хугацаатай эзэмшиж, түүнээс цааш нийтийн бүтээл болох хуулийн зохицуулалттай юм байна.

Олон санал гарч ирсэн л дээ. Харин “Улбар” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч ах, эгч хоёр надад хувь хүний хувиар их таалагддаг. Тэд үүнд мөнгө гэдэг утгаар огтхон ч  хандаагүй. Мөн ээжтэй нас барахаас нь жил гаруйн өмнө хамтран ажиллахаар тохирчихсон, ажлаа явуулж байсан. Ээж ер нь омог ихтэй гэдгээр алдартай хүн. Ингэж тэгж ярилцсаар оройтчихсон юм. Одоо хайрын шүлгийн түүвэр нь “Улбар” хэвлэлийн газраас гарч байна.

-Анх удаа, цоо шинээр хэвлэх бүтээлүүд хамгийн их хүлээлт үүсгэж байна?

-“Улбар” хэвлэлийн газарт шүлэг, яруу найргийн бүтээл нь голчилно. Олон бүтээлийн хэвлэх эрхийг өгсөн байгаа. Миний хувьд бас хэтийдэн оролцох дургүй байна. Би мэргэжлийн хүн биш. Ийм чухал ажлыг мэргэжлийн хүнд нь даатгах зөв гэж бодсон. Ер ямар нэг зүйлийг мэргэжлийн хүнээр хийлгэх ёстой гэдэг үзэл бодол бий. Тэр дундаа чин сэтгэлтэй хүнийг таньж сонгох чухал юм. Ээжийг байх үед ч энэ хүмүүс эргэж, тойглодог байсан учир итгэл төрсөн. Дараа нь биш.

Ээжийн Фэйсбүүкийг үргэлжлүүлэн хөтлөх нь зөв эсэх дээр хэсэг эргэлзсэн. Үнэхээр хийж бүтээсэн нь ийм их байна. Түүнийг олонд түгээе, хүргэе л гэж бичсэн болов уу. Иймд хийсэн бүтээснийг нь дэлгэрүүлэхийн тухайтад Фэйсбүүк хуудсыг нь хариуцан хөтөлж явъя гэж шийдсэн.

Нийтийн хүртээл болоогүй шүлэг, кино, жүжиг маш их байгаа. Ер ээжийн бүтээлүүдийн 20-30 хувь нь л хэвлэгдсэн байх. Хэвлэгдээгүй нэг роман хүртэл бий. Бараг зургаа, долоон кино зохиол бий. Жүжгийн зохиол арав гаруй байгаа. Хүн дараа нь л боддог юм байна. Хамтдаа бол үүрдийн юм шиг санадаг. 52 гэдэг залуу нас. Гэтэл энэ нөр их бүтээлийг яаж бичиж, туурвисан юм бэ гэж одоо ч гайхаж байна. Машин шиг бичдэг байсан л даа. Суугаад босохдоо л нэгийг биччихсэн байдаг байсан. Ээж бол уран бүтээлч болж төрсөн, түүндээ багтаж амьдарсан хүн. Хэзээ ч бизнес хөөж юм уу, урлагийнхаа замналаас хазайж байгаагүй.  

-“Ээжтэй нь би их ойр явлаа”, “Энэ зохиолыг кино болгохоор ярилцсан байлаа” гээд л бужигнаж мэдэх? 

-Ээж өөрөө омогтой, дэврүүн хүн байсан тул бусадтай хэр баргийн таарч тохирч, бүтээлээ өгдөггүй байсан. Зохиолдоо их харам. Тийм болохоор дэлгэрүүлэх ажил нь одоо илүү идэвхтэй эхлэх байх. Би ч ээжийг амьд байхад нь яагаад үүнийг санаачилж, шахсангүй вэ гэж харамсахдаа хүрч байна. Би тэгж хүссэн. Хийсэн бүтээснийхээ аз жаргалыг амьддаа авч мэдрээсэй гэж хүсдэг байсан. Миний ээжийн нөгөө нэг сайхан дэврүүн зан нь гарч ирээд л элдэв яриа хэлэлцээ зогсчихдог байлаа.

Тэглээ гээд би одоо таарсан, хандсан бүгдийг хүлээж авахгүй. Азаар үзэл баримтлалаа ээж надад их ярьдаг байсан. Зарим хүмүүсийн мөн чанарын тухайд ч тэр шүү.

Иймд надад шүүлт хийх тодорхой хэмжээний мэдэгдэхүүн байгаа. Хэрэв ээжийн зохиолоор уран бүтээл хийх бол найруулагчийн шийдэл орох мэдээж ч үндсэн утга санааг хэзээ ч гажуудуулахгүй байх тал дээр анхаарч, шаардлага тавина. Энэ бол миний ээжийн удаан хугацаанд бодож, судалж, хийсэн бүтээл.

Би өөрөө ч бас ээж шиг “Үгүй” гээд байх хандлагатай юм байна (Инээв). Ээж яагаад тэгдэг байсныг одоо ойлгож байна. Би өмнө нь “Хэнээр ч хамаагүй хийлгээд, кино болчихвол гоё л биз дээ” гэж хуумгай боддог байсан бололтой. Харин одоо ээжийн өнцгөөр харвал санаанд хүрэх хүн ховор юм байна. Хүн чанар, чин сэтгэл, шударга ёсыг ээж хардаг байжээ. Мэдээж цагийн юм цагтаа тул ажна. Надад юу юугүй дайрч зүтгэх сонирхол бас алга. Нэлээд ухаан зарж ээжийн ажлыг үргэлжлүүлнэ.

-Дэврүүн зан гэдэг нь энд тэндхийн муудалцаан, зарим тохиолдолд нударга зөрүүлсэн талаарх хов живийн яриагаар дуулдсаар ирсэн ч чухам яагаад гэж хэн нэгэн асуусан болов уу. Тэр зүгээр л нэг бүдүүлэг авиртнуудын нэг байгаагүй шүү дээ?

-Энэ асуудал ээжийн бүр залуу наснаас эхлэлтэй байх л даа. Хувь хүн нь их зөөлөн юм. Би нялхаасаа урлагийн ертөнцөд өссөн. Яг өссөн. Урлагийн хүмүүсийг харж, үзэж өссөн. Тэр үүднээс хэлэхэд бол, үнэндээ бүгдээрээ л тийм. Бүгдээрээ дэврүүн. Нэгнээ ахиж үзэхгүй болтлоо авалцдаг. Өөрсдөө хаалганы цаана ямар паян хураадгаа мартчихсан аятай зөвхөн ээжийг онцолж, тэр тухай нь ам уралдан хэлэлцдэгийг би гайхдаг.

Ээж шударга ёсыг л эрдэг байсан. Ээж дэмжлэг хэрэгтэй хүн бүрд зүгээр л тусалдаг хүн байсан. Ахуй амьдралаа хэзээ ч чухалчлахгүй, бусдад туслахаа л бодно. Огтын шуналын сэдэл байсангүй. Мөнгөний төлөө гүйж яваагүй. “Би чамд тэдэн мөр бичиж өгсөн” гэж тооцоо бодон элдэж явсныг нь үзээгүй.

Олон хүн ээжийг шархлуулж, гомдоосон. Хариу нэхвэл тус биш гэдэг. Гэхдээ нэг биш өч төчнөөн хүнээс ийм хандлага ирэх хэрээр шантрах хэмжээний гомдол хуримтлагдсан байх. Тэр гомдлоо яаж гаргах, хэрхэн илэрхийлж тайтгарахаа мэдээгүй.

Хүний мууд л дурлах юм даа. Ганц нэг буруу зөрүү гишгэснийг нь өндөрт аваачин хадаад л. Эмэгтэй гэлтгүй бүх зохиолч дундаас өдий хэмжээний шүлэг, роман, дуу, жүжиг бичсэн хүн ховор. Тархи нь ийм хэмжээнд завсар чөлөөгүй ажиллаж байхад дотор хүнийг нь мэдэрсэн, мэдрэхийг хүссэн хүн хэр олон юм бол доо.  

-Оройн цагаар хотын гудамд, энд тэндхийн уушны газар их тааралддаг байсан. Чи хойноос нь хөөцөлддөг байсан уу?

-Их л дээ. Хөөцөлддөгөө харуулж, зарлах ёстой байсан юм болов уу? Хүмүүст таалагдах гэж амьдрахаа больж байна даа. Тэр хүнийг гаргахгүй, явуулахгүй гэх би хэн билээ.

-Хамгийн сүүлд  тааралдахад маань их турчихсан байсныг санах юм. Сэтгэл зүй нь ойрдоо ямар байсан бол?

-Энэ өөрөө сүүлийн хэдхэн жилийн асуудал биш л дээ.

Ээж гомдлоо гээд хэрүүл хийж явдаг хүн бол байгаагүй. Олон жилийн хур ядаргаа... Өөрөө ээж болоод бас мэдэрч байна л даа. Айл гэр авч явахаас гадна өндөр түвшний уран зохиол бичнэ гэдэг амаргүй. Зүгээр ч бичихгүй, асар их судалгаа хийдэг байсан. Сүүлд Хубилай хааны тухай бичихдээ, Япон хүртэл явсан. Гагцхүү нүдээр үзэж, гараар барьж байж бичдэг байсан. Олон жилийн гомдол, ядрал, шулуухан хэлэхэд олон хүний хулхидалт хуримтлагдсан байх.

Ээжийн үеийнхэн сэтгэл зүйн асуудал гэдгийг одоо л ойлгож эхэлж байгаа болов уу. Стресс нэмэгдсээр депресс болно, дараа нь бүр хүндэрнэ гэдгийг ойлгодоггүй хүмүүс. Охины хувьд чадахаараа хичээж, зууралдаж байсан ч намайг хүүхдээ л гэж харна шүү дээ. Бид бол долоо хоногт нэг удаа найз нөхөдтэйгөө гарч орж, ярилцаж уудлалцдаг. Энэ тодорхой хэмжээний сэтгэл засал биз дээ. Гэтэл тэгж ярилцах хүмүүс нь алга болчихсон, орхиод явчихсан.

Надад хэлж байсан юм аа, Уянгаа (“Улбар” хэвлэлийн газрын захирал Ч.Бат-Уянга) эгч. “Хайрыг үнэхээр нэвт мэддэг нь шүлгээс нь илт хүн байсан ч тэр хэрээрээ хайрлуулж чадсан юм болов уу даа? Үгүй шиг ээ” гэж. Энэ үг надад сэрхийтэл хүчтэй туссан.

Ер нь хувь хүний амьдралд үр хүүхэд нь бай ч хэтийдэн оролцоод байж болохгүй биз дээ.

-Дотно хэдий ч яг хувийн асуудлаа тусгаарладаг байсан? 

-Надад хувийн амьдралаа огт ярьдаггүй байсан. Манай гэр бүлийн уур амьсгал дунд хэзээ ч шивэр авир яриа байгаагүй. Дандаа түүх, шашин, урлагийн тухай яриа өрнөдөг байсан. Ээжийн өссөн орчин ч тийм байсан шиг байгаа юм. Өвөө, ээж хоёрын яриа гэхэд л утга зохиолын тухайд дагнана. “Аав, энэ ямар утгатай үг юм бол оо?” гээд л эхэлнэ. Утга зохиол, эрдэм мэдлэгийн тухай яриан дунд ээж ч, би ч өссөн.

Хэрүүл болбол ч бид хоёр үзэл бодлын маргаан өрнүүлнэ. Кино үзсэний ард хоёр цагийн яриа өрнөх жишээтэй. Би ч хувийн амьдралаа огт ярьдаггүй, ээж бас сонирхдоггүй байсан. Бид хоёр хувь хувийн амьдралаа тусад нь байлгаж сурсан. Тийм болохоор л, ярихад нь сонсох ёстой найз гэж хүмүүс ээжид маань байсан ч болоосой  гэж харамсаад байгаа юм. Энэ ярилцлагыг уншаад тэд элдэв бусаар бодох л байх. Яая гэх вэ дээ. Надад төрсөн мэдрэмж ийм байна.

-Тэр хайрыг задлан шинжилсний эцэст танин мэдсэн хүний дайнд бичдэг байсан. Гэвч л хайрлагдаагүй, ганцаардуу, ямар нэгийг эрсэн байртай харагддаг байлаа?

-Гэхдээ ээж гуниг бичдэггүй байсан. Гуниг бичсэн ч жаргалаар төгсгөдөг. Хэзээ нэгэн цагт бүх зүйл сайхан болно гэдэг гэгээн цагаан сэтгэлээр бүгдэд ханддаг байжээ.

Ээж хэзээ ч шантардаггүй хүн. Итгэл найдвар үргэлж өвөрлөөтэй. Энэ итгэл найдварынх нь чимээ өнөөгийн нийгэмд ч хэрэгтэй байх. Сүүлдээ өөрөө өөрсдөдөө ямар нэг сэтгэл зүйн асуудал оноож, нэр томъёо өгөөд байх талтай болчихлоо шүү дээ.

Ээж “Битгий өөртөө зовлон зохиогоод бай” гэж хэлдэг байсан юм.

Нийгэмд ямар нэг итгэх итгэл гэж зүйл үгүй болчихсон мэт санагддаг. Ээжийн шүлгүүд их тусална, тэдэнд итгэл найдвар хайрлана.

-Хубилай хааны тухай бичихийн тулд Япон хүртэл явсан гэж байна. Байраа зараад, орон орны театр үзсэн гэж бас сонссон. Ер нь мөнгө олбол шууд л ийм ажилдаа цүлхийтэл үрж орхих хэмжээний уран бүтээлч ээ?

-Намайг төрөхөөс өмнө театр үзэхийн тулд байраа зарж байсан гэсэн.

Ээж олдог ч байсан, түүнийгээ ёстой зарсан шиг зардаг ч байсан. Бүх зүйл нь урлагийн төлөө л чиглэж байв. “Очир эрхшээгч” романд гарч буй бүх орноор аялсан байж мэднэ. Заавал судалж байж бичдэг байсан. Дараа нь, олон жилийн хойно хүн уншина, тэр үед үнэн бодиттой нүүр тулаасай гэж эрмэлздэг. Маш хөдөлмөрч байсан л даа. Гараад л явчихна, аялаад л явчихна. Гэхдээ зураг авхуулах гэж явахгүй. Тэр газар орныг, зон олныг нь мэдрэх гэж явдаг байсан. Энэ бол мэргэжлийн хандлага.

Габриель Гарсиа Маркезын талаар ярьсан нь мартдагддаггүй юм. “Миний охин, энэ гайхамшигтай өвгөн юм аа. Энэ хүн нэг мөрт нэг үйл явдал бичиж байна. Ээж нь одоохондоо арай чадахгүй байна. Таван мөрт нэг үйл явдал бичиж байна. Цаашдаа гурав болгоно оо” гэж байсан. Би сонсоод “Уран зохиолд ингэж мэргэжлийн хандаж болдог юм байна” гэж хүлээж авч байлаа.

-Мөнгөө тэгж үрэхэд нь заримдаа “Ээж, одоо болно, энэ арай хэтэрнэ” гэх үү?

-Би угаас тийм юм уу, ээж намайг ийм болгосон уу. Яг адилхан байхгүй юу. Ээжийг огт үгүйсгэж чаддаггүй байсан, өөрөө адилхан болохоор.

-Түүний бичих үйл явцыг дэргэдээс нь харахад ямар байдаг байсан бэ?  

-“Очир эрхшээгч”-ийг бичихэд миний зуны амралт ч таарсан. Хэн хэн нь гэрээс гараагүй үе. Хоёр долоо хоногт нэг удаа хүнсээ бөөн цуглуулахаар гарна. Би тэр үед зураг зурдаг байсан, зураад сууна. Ээжийн хоол цай, тамхи кофег дөхүүлж өгнө. Ээж болохоор нохойгоо салхилуулах гэж өглөө 04.00 цагт босдог. Заримдаа бараг 03.00 цагт. Зун эрт үүр хаяарахад л босно, босоод л лаагаа асаана. Тамхины үнэрээ надаас холдуулах гэж тэр байх л даа. Тэгээд л кофегоо уугаад суучихна. Бараг өдөржин сууна, босохгүй. Дундуур нь хоол ундаа иднэ, жаахан амарвал зурагт, кино үзэж сууна.

Тэр өдрүүдэд ээж гэрээс ер гараагүй санагддаг. Маш богино хугацаанд бичсэн шүү дээ. Би болохоор их унтана.  “Миний охин нэг удаа ээжтэйгээ хамт сэрээд үзээрэй. Өглөө эртэд шувуудын дуу их амгалан сонсогддог юм шүү дээ” гэж хэлж байсныг нь мартдаггүй юм.

Ер нь юуг, яаж бичихээ бодоод сууна гэж байхгүй. Суугаад л хуруу нь бүжиглэчихдэг байсан. Онгод нь орж ирдэг юм уу, бодож, одоо цааш юу гэх вэ гэж төөрч, гацаж байхыг нь хэзээ ч хараагүй. Загасчны морь усгүй гэгчээр, би өөрөө утга зохиолд тийм нэвтэрхий биш. Тийм болохоор сайн онож хэлж чадахгүй байна. Суугаад л хуруу нь бүжиглэчихдэг байсан.

-Үнэндээ түүний дэргэд охин нь л байсан, харин туулсан бүгдийнхээ талаар өнөөдөр ярихыг хүсэж байна уу?  

-Түүнийгээ ярьж явах надад утгагүй л дээ. Хэнд ч гэж хэлэх вэ.

Өнгөрсний нь дараа “Би яагаад ийм амгалан байна вэ” гэж өөрөөсөө асуухад, “Үнэхээр чадахаараа явсан шүү дээ” гэж хариулагдсан. Би өөрөө бурхан шашны сургуульд суралцаж төгссөн учраас, бусдад тэгж харагдах вий, ингэж бодогдох вий гэж санаа зовоод байдаг хүн биш. Явсан нь үнэн, тэр бүрийг баримтжуулж юм уу нийтэд зарлах ямар шаардлага байгаа юм бэ.

-Гэхдээ ядарсан уу?

-Тэгээгүй ээ. Бас л бурхан шашны ойлголт гарч ирнэ (Инээв). Хэн нэгэнд туслах боломж гарч ирж байхад яагаад түүнийг алдах ёстой гэж. Өөрийн бие өвдөхөд ч үйл там барагдлаа гэж хутагт, хувлигаад баярладаг. Эхийнхээ төлөө явах боломж миний залуу насанд тохиосон байна. Яагаад үгүй гэж?

-Үнэн хэрэгтээ олон жил хуримтлагдсаар ирсэн сэтгэлийн гэмтэл, гомдлуудыг нь хүмүүс аман зуурт “Тэр хэвийн биш болчихсон” гэдэг үгээр л таамаг тавьж цоллоод өнгөрдөг байсанд ямар хариулт хэлэх вэ?

-Дэлхийд нэрээ үлдээсэн уран бүтээлчид дандаа л нэг асуудалтай байсан юм шиг санагддаг уу. Хүмүүс амьд ахуйд нь зөвхөн тэр алдааг, тэр өө согогыг нь л онцолж хардаг. Энэ урлагийн, авьяастан хүний тавилан юм болов уу. Зохиол бүтээлийг нь мэддэг хүн бол “Ингэхээс өөр яах ч билээ дээ” гэмээр түвшинд тархи нь ажиллаж байсан.

Харин олон жилийн хур гомдол үнэхээр байсан байх аа. Жижигхэн жишээ гэхэд л, ээжээр бүтэн жүжиг гуйж гуйж гурав хоногт бичүүлж, кофе тамхи төдий өгчхөөд. Тавихдаа шал өөр зохиолчоор авторлаж, тайзан дээр ёслуулсан. Ээж тухайн үед цочирдсон. Сонин нь яагаа ч үгүй. Нэг барилцаж аваад л өнгөрсөн биз. Энэ зүгээр жаахан жишээ.

Энэ ертөнц дээр өөрт нь тохиолдсон шударга бус явдал маш их байсан. Хөндлөнгийн надад хүртэл мэдэгдэхүйц хэмжээний, би ч нялх бага байв. Олон зүйл нөлөөлсөн, нийгэм өөрөө нөлөөлсөн. Тэр зүгээр л урлагийн цагаан тагтаа байсан. Сайхан дуутайгаар нь шаазгай гэх юм уу. Энэ ертөнцөд хүмүүсийн сэтгэлд сайн сайхныг авчрахаар ирсэн дарь эх байсан юм уу даа.

“Чи сахиусан тэнгэр байлаа ч хэн нэгэн чамайг чөтгөр гэж бодно”. Би өнөөдөр энэ ярилцлагаар, ээжийн дэргэд байсан хүний хувьд, “Үнэхээр их гомдоож байна даа” гэж хардаг байснаа л ярьж байна.

-Хааяа ч болов хэн нэгэнд илэрхийлж, хэлдэг бол жаахан уужрах байсан болов уу?

-Шүлэг нь л юм уу даа. Шүлгээс нь харах байлгүй. Гомдсон хүмүүс хараал жатга хийгээд, аягүй хөдөлмөрч хөөцөлдөж явдаг юм билээ шүү дээ. Ээж тэгэхгүй ээ. Үсрээд л барилцаж авдаг байсан байх, хөөрхий минь. Харин хүмүүс оюуны мөлжлөгийг эелдэгээр хийж буйгаа олж харахгүй, ухаарахгүй мөртлөө нэг удаа асан дүрэлзсэний нь дэвэн дэлхийгээр нэг ярьдаг. Үйлийн үрийн ойлголт бий. Муу санаж хэлж байгаа хэрэг мэдээж биш шүү.

-Ээжтэйгээ яагаад Энэтхэг рүү явсан юм бэ?

-Шашны сургууль төгссөний хувьд, төвөд хэлээ сайжруулъя гэж бодсон юм бий. Гол нь ээжийгээ бодсон юм. Хэрэв би эмч байсан бол дэлхийн эмч нарын оройн дээдийг хөөцөлдөх байсан байх л даа. Шашны сургууль төгссөн юм болохоор энэ салбарын л оройн дээдийнх нь танг уулгая, эмийг нь өгье л гэсэн хэрэг. Далай багш тэргүүтэнтэй золгож учруулсан. Олон сайхан хутагт хувилгаадад даатган залбирсан, одоо ч үүнийгээ үргэлжлүүлж байна. Найман сар өнгөрөхөд би Хятад, Япон, Сингапур гээд Бурхан багшийн рэнсэл бий газарт очиж, ээжийнхээ нэрийг бичиж, зул өргөж явна. Буян багадна гэж байхгүй. Өнгөрсөн аравдугаар сард Бурхан багшийн эхийн ачийн хариулах өдөр Японы Нара хотод байдаг рэнсэлд очиж, ээжийнхээ нэрийг өргөсөн. Энэ мэтчилэн сүнсний нь явдалд их юм хийж байгаа. Үүнийг ч бас ярьж, зарлаад баймааргүй байна.

-Охиндоо тэр хайрын тухай хэрхэн ярьдаг байв?

-Өөрийгөө гоё сайхан гэж байгаа хэрэг огт биш шүү. Ээж намайг гайхамшигтай хүмүүжүүлсэн. Хүнийг зүгээр л хүндэл. Хайр хүндлэл дээр тогтдог гэж хэлдэг байсан. Тэр хайр заавал эр, эмийнх байх албагүй. Хүмүүс хүндлэл, хайраар үргэлж дутдаг. Түүнийг нь нөхөх орон зай нь байгаарай гэдэг байсан. Дайснаа хүртэл хүндэтгэн хайрлана гэдэг өндөр сэтгэл шүү. Хайрыг их өргөнөөр тайлбарладаг байсан л даа. Би хэн нэгнийг гомдоолоо, уур уцаараа гаргалаа гээд надад ирэх шан гэж үгүй. Ээж хэзээ ч энэ тал дээр намайг жаахан гэж голдоггүй байсан. Ухаан орсон цагаас л том том сэдвээр ярилцсан. Ээж надад сэтгэлийн боловсролыг өндөр түвшинд олгож, зөв чиглүүлжээ гэж хардаг. Намайг шашны сургууль төгссөн гэхээр ээж чинь зөвлөсөн үү гэдэг. Тэгээгүй ээ.

-Үнэндээ цэвэр өөрийн шийдвэр байсан уу?  

-Би 15 настай, 10 жилээ төгсөх гээд... Мэргэжлийн зураачийн ангид сурч байсан л даа. Франц, Итали явна, хээнцэр нэгэн зураач болно л гэж бодож байсан. Харин ээж, “Миний охин мэдээж чадна. Хангалттай потенциал, авьяас бий. Гэхдээ монгол хүн гэдгээ мэдээрэй. Хэн гэдгээ мэдээрэй. Урлагт хөл тавихын өмнө эхлээд өөрийгөө тань. Энэ бол өв соёл, эцэг эхээ мэдэхийн нэр. Бид генетикээрээ ч урт удаан түүхийг тээж явдаг улс. Тэнд очоод, мянган хүүхдийн адилаар Микеланжелог дуурайж зураад огтхон ч амжилт олохгүй. Харин Монголоо, өөрийгөө мэдээд очвол Микеланжелог монголоор зурна” гэж хэлсэн. Энэ үг сэтгэлд хүчтэй туссаныг ч хэлэх үү. Мөн тэр зундаа Д.Чойжамц хамбатай таарсан. Төгсөж буйгаа хэлэхэд санал болгосон л доо, Монголын анхны их сургуулиудын нэг болох Бурхан шашны дээд сургуульд Бурхан урлал буюу зургийн анги бий гээд. Надад Хогвартсын сургууль ч юм шиг аягүй гоё санагдсан. Сонсоод л шууд шийдсэн. Ээж ч их баяртай хүлээж авсан, хадаг бариад намайг элсүүлсэн. Тэр жил бурхан урлалийн биш гүн ухааны, англиар буддист философийн анги л байлаа. Хамаагүй орсон. Бурхан урлал руу дараа жил нь шилжинэ гэж тооцсон ч больсон. Энэ миний амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам. Ээж ухаанаар тусалснаас өөрөөр шийдвэрт нөлөөлөөгүй. Ээж бид хоёр нэгийнхээ сонголтыг үргэлж хүндэлдэг байсан.

-Манзушир хийдийн шүтээн хамгаалагчдын удам учраас бурхны шашин түүний зохиол бүтээлийн гол сэдвээс гадна хувь тавиланд нь ч нөлөөтэй зүйл юм, их сонирхолтой байна?

-Манайхыг Манзушир хийдийн амны хүүхдүүд гэж ярьдаг л даа. Хийдийн шүтээн, сахиус зэргийг хадгалж, хамгаалж ирсэн хүмүүс. Гэхдээ эмэгтэйгээс эмэгтэйд дамжиж ирсэн байдаг. Би их асууж, тодруулж явна. Ээж ч их ярьдаг байсан юм. Тийм ч учраас гэр бүл маань бурхны шашинд их холбоотой.

-Одоо өөрт чинь өвлөгдөж байна, тийм үү?

-Тодорхой хэмжээнд тийм. Би өөрөө мөн охинтой, охинд маань ч дамжина. Гэхдээ ухааны өвийг нь ойлгож, хадгалан түгээх хэрэгтэй гэж ойлгодог. Мэдээж бурхан шүтээнээ чанд хадгалж явна. Энэ бол манай гэр бүлийн л юм.

-52 настайдаа тэнгэрт хальсан өөр  хүмүүс ч бий гэж ярьсныг чинь санаад их нарийн учир, хэлхээн дунд аж төрж дээ гэж бодсон. Магадгүй үүнээс хөвөрдвөл түүний амьдралыг илүү тодорхой ойлгох боломжтой байх аа? 

-Ээжийн ээж 52 настайдаа нас барсан. Би ч мөн “Ямар сонин үечлэл вэ” гэж бодсон доо.

-Хожим бүр хүндэтгэн дурсагдах, зохиол бүтээлийнх нь утга дэлгэрэн түгэх их хүний намтарт тэнгэрт хальсан мөч нь жин дардаг, үнэнээрээ тэмдэглэгдэн үлдэх ёстой гэж боддог. Гэхдээ энэ сэдэвт гүнзгий нэвтрэхээ больё. Тэр өдөрт хэр бэлтгэлтэй байв гэж асуух нь болчимгүй л дээ?

-Өнгөрөх гэж байгаа хүнээс жаахан хүүхдүүд ч үргэн холддог гэдэг дээ. Тийм шинж тэмдгүүд их ажиглагдаж эхэлсэн, гар хөл нь бараантах мэтээр ч. Иймд надад тодорхой хэмжээний сэтгэлийн бэлтгэл байсан. Зүрх нь дийлээгүй юм уу даа, энэ орчлонд. Хэтэрхий хар бараан дунд бяцхан цагаан болж орших хүнд байсан биз. Бурхан өгчхөөд буцаагаад аваад явчихдаг юм байна. Тийм л юм болсон доо.

Сайхан шувуу учраас буудаж унагах олон анчин байсан, олон ч сумны шархыг удаан тээж тэссэн биз. Хүн хүнд зүрхээ хувааж өгсөөр өөрт нь цохилох зүрх үлдээгүй.

-Чи харин зураг зурахаа больчихсон юм уу?  

-Харж л байя. Би судар хуулж бичих, монгол бичгээр таталгах талдаа дуртай. Үйл явцын хувьд уран бүтээл мөн л дөө. Уг нь их нялхаасаа зурсан. Ээжийг бол шалдан зурчихдаг л байсан (Инээв).

Урлагийн муухай талыг харсан гэх юм уу. Гэмтэж, гэмтээж байгаа талыг нь, хүмүүсийн шуналыг олж харсан. Тэр их атаа жөтөө, хараал жатгыг хараад надад бол урлагаас халирах сэтгэл төрсөн. Хэр барагтай хүний тоглох тоглоом биш байна. Урлагт хэн нэгэн байж, хэн ч биш ч байж болдоггүй юм байна. Ээжийн авсан шарх бүрийг дэргэдээс нь харсаар урлагаас жаахан жигших мэдрэмж төрсөн. Урлаг нь биш, тэр орчинг нь хэлж байна. Багаасаа лам нарын дунд орсон тул тэр амгалан тайван байдлыг бас хүсээд байдаг. Гоё сайхныг мэдэрсэн хүн тийшээ л явна шүү дээ. Нэг нь сая амь гарах гэж байхад нөгөө нь зулгааж унагах нь тамын тогооны үлгэр. Надад тэгж л санагдсан. Мэдэрсэн зүйлээ шударга хэлж байна. Уншиж, хүртэж байгаа хүмүүст бол сайхан л даа. Харин тайзны ард болдог зүйл муухай. Яаж, яагаад гэмээр. Яаж хүнээс ийм муухай сэтгэл гардаг юм бол оо гэмээр. Сайхнаар нь замнадаг хүмүүстэй л үргэлжлүүлэн харьцана гэж бодож байгаа. Хүн болсон хойно нэг нэгнээ тэтгэж явах ёстой байлгүй дээ.

-Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаагийн дахин танигдаж, шинээр уншигдах цаг хугацааны эхлэлд бид сууж байна. Түүний “шинэ” уншигчдад юу хэлэх вэ?

-Би үүнд нөлөөлж болохгүй. Гагцхүү сайныг, сайхныг нь мэдрээсэй л гэж хүсэж байна. Ээж итгэл найдвар өгөхийг хүссэн. Миний хувьд чадах чинээгээр уран бүтээлийг нь эрхлэн гаргахыг хичээх болно. Харуусалгүй уншаарай гэмээр байна.


“Улбар” хэвлэлийн газраас Б.Батрэгзэдмаа агсны “Зөвхөн хайр” шүлгийн түүврийг эрхлэн гаргахаар зэхээд байгаа. Урьдчилсан захиалгыг энд дарж хийх боломжтой юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин уншигч
Зочин уншигч
12 сар 4, 2024 10:16

Сайхан нийтлэл уншлаа. Зохиолч, яруу найрагч Батрэгзэдмаагийн зохиол, яруу найргийг унших дуртай. Их зөөлөн сайхан сэтгэлтэй, шударга хүн байсан болов уу гэж бодогдлоо. Шударга,шулуун хүнд найз цөөхөн гэдэг. Зохиолчийн ном яруу найраг хэвлэгдэн гарахаар олж уншина. Сайхан, ухаантай охин авьяастай ээжээрээ бахархаж амьдраарай аз жарг�##� хүсьe

тогтох
тогтох
12 сар 4, 2024 10:24

Яасан гоё бодит үнэн ярилцлага вэ

Зочин
Зочин
12 сар 4, 2024 10:28

хүний авьяас ген гэж гайх�##�тай удамшдаг эд шүү

Зочин
Зочин
12 сар 4, 2024 10:34

Баярл�##�аа сэтгүүлч з�##�ууд

Зочин
Зочин
12 сар 4, 2024 10:38

Мундаг том охин болжээ

УУЛ
УУЛ
12 сар 4, 2024 10:52

Ухаантай, сайхан охин байна.

Зочин
Зочин
12 сар 4, 2024 10:57

Гоё яриа байна

Зочин
Зочин
12 сар 4, 2024 11:04

Баярл�##�аа дүүдээ.

Зочин
Зочин
12 сар 4, 2024 11:19

ЗОХИОЛЧ.ЯРУУ НАЙРАГЧ бүсгүйн бүтээл миний унших дуртай зүйлийн нэг байлаа.Туйлаас харамс�##�тай хүлээж авсан даа .түүнд тохиолдож байсан хэцүү цаг үе надад ч бас тохиолдож л байсан .эрүүл мэндэд маш хортой юм билээ. Хүмүүс яахаараа ийм байдаг байна аа гэж харамс�##� төрж өөрийгөө хорлохоос хэтэрдэггүй юм. Энэ т�##�ыг өөрөөсөө холдуулж бодохоо ч больсон. Муу хүмүүс муугаар л нөлөөлнө. Хайран ч авъяас төгөлдөр эрхэм минь. Охин нь их уха�##�аг хариулт өгч байна даа. Амжилт хүсэе.

Гойд
Гойд
12 сар 4, 2024 11:58

Найрагч Яруу байх нь �##�багүй Найрагч гойд байх нь ....онцгой л доо

Зочин
Зочин
12 сар 4, 2024 14:44
Reply to  Гойд

Сэтгэл гэгэлзүүлсэн ярилцлага уншлаа. Өрөвдөж байна, өөр юу бичих билээ. Мундаг охинд нь амжилт ерөөе.

Зочин
Зочин
12 сар 4, 2024 14:30

Хүн хүндээ нөхөр болно, хүн хүндээ дайсан болно, хорвоогийн жамыг яах билээ, сайнтай нь учруулж саараас нь тойруулж өгөөрэй гэж итгэхээс өөрөөр яах. Сайн зохиолч, урамтай найрагч байсан шүү, охинд нь амжилт хүсэе.

Холбоотой мэдээ

Back to top button