ҮСХ: Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 38 хувиар нэмэгдсэн

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2024 онд 44.7 мянга болж ,өмнөх оны мөн үеэс 9099 (25.6%)-өөр өсжээ. Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд
- өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 6285 (29.0%),
- хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1887 (2.5 дахин),
- хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 404 (4.7%)-өөр өссөн нь голлон нөлөөлжээ.
-11 сард хамгийн их гэмт хэрэг бүртгэгдсэн байна-

16, түүнээс дээш насны 10 мянган хүнд ногдох бүртгэгдсэн гэмт хэрэг 2024 онд 201 болж, өмнөх оны мөн үеэс 39-өөр нэмэгдсэн байна.
-Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 38 хувиар нэмэгдсэн-

Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг
- 2024 онд 6862 болж, өмнөх оны мөн үеэс 1883 (37.8%)-аар,
- бүлэглэн үйлдсэн хэрэг 2067 болж, 588 (39.8%)-аар,
- эмэгтэй хүн оролцсон хэрэг 6191 болж, 201 (3.4%)-ээр,
- гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 1559 болж, 144 (10.2%)-өөр,
- хүүхэд оролцсон хэрэг 1373 болж, 103 (8.1%)-аар,
- мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 249 болж, 42 (20.3%)-оор тус тус өсжээ.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2024 онд 12392 зөрчил бүртгэгдсэний 9649 (77.9%) зөрчлийг шалган шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн зөрчил өмнөх оны мөн үеэс 2073 (20.1%), шийдвэрлэсэн гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 1283 (15.3%)-аар тус тус өссөн байна.
-Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2024 онд 697.1 тэрбумд хүрчээ-
Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2024 онд 697.1 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 306.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 247.9 (55.2%) тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хохирол 94.7 (44.8%) тэрбум төгрөгөөр тус тус өсжээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2024 оны 12 дугаар сарын байдлаар 143.4 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 36.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 60.7 (73.4%) тэрбум төгрөгөөр өсч, нөхөн төлүүлсэн хохирол 539.3 (1.5%) сая төгрөгөөр буурсан байна.
-Нийт яллагдагчийн 45.7 хувь нь 18-29 насныхан. Харин гэмт хэргийн улмаас нас барсан хүн 17 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа-

Гэмт хэрэгт холбогдсон нийт яллагдагчдын тоо 2024 онд 25291 болж, өмнөх оны мөн үеэс 1157 (4.8%)-гоор өсжээ. Нийт гэмт хэрэгт холбогдсон яллагдагчийн 1675 (6.6%) нь 18 хүртэлх насны хүүхэд, 5468 (21.6%) нь эмэгтэйчүүд байна. Нийт яллагдагчийн дийлэнх буюу 11548 (45.7%) нь 18-29 насных байна.
Улмаар гэмт хэргийн улмаас хохирсон хүн 2024 онд 42.9 мянга бүртгэгдсэний 2.9 (6.8%) нь 18 хүртэлх насны хүүхэд, 20.3 (47.3%) мянга нь эмэгтэйчүүд байна. Гэмт хэргийн улмаас 2024 онд 10.6 мянган хүн гэмтэж, 991 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 922(9.5%)-оор, нас барсан хүн 143 (16.9%)-аар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.