Шинжлэх ухааны салбарт хүртээлгүй хуулийн төслийг ШУА-ийн ерөнхийлөгч асан Д.Рэгдэл зүтгүүлж явна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын Б.Уянга, Д.Рэгдэл тэргүүтэй гишүүд санаачлан өргөн барьж хэлэлцүүлж буй.
Монголд өнөөдөр шинжлэх ухааны салбарт улсаас зарцуулдаг хөрөнгө ДНБ-ий нэг хувьд ч хүрдэггүй. Өнөөдрийн байдлаар манай улс шинжлэх ухаан, судалгаа инновацид зарцуулж буй хөрөнгө оруулалт нь ДНБ-ий 0.08 хувьд чүү ай хүрч буй. Тэгсэн атлаа Засгийн газар нь шинжлэх ухааны салбараа хөгжүүлнэ гэж сурталдаж, “Алсын хараа-2050”-даа шинжлэх ухаан, технологи, инновацын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн олон эх үүсвэрт тогтолцоог бүрдүүлнэ гэх зэргээр хэд хэдэн агуулга ёсын төдий шингээсэн.
Монголын эрдэмтэн судлаачдын судалгааны өгүүлэл, материал олон улсын томоохон сэтгүүлүүдэд хэвлэгдэж, нэр хүндээр ч муугүй. Энэ судалгааны өгүүллүүдийг нь ихэнх хувийг дотоодын их сургуулиудын багш, эрдэмтэд хэвлүүлж буйг салбарынхан нь хэлдэг. Харин Шинжлэх ухааны академийн эрдэмтдийн судалгааны өгүүллийн чансаа, олон улсад хэвлүүлсэн тоо, хувийг харьцуулан харвал өөр дүр зураг харагдана.
Гэтэл шинжлэх ухааны салбарынх нь эрдэмтэн УИХ-ын гишүүн болмогцоо төрийн хамааралтай нэг институцыг бэхжүүлэх хуулийн төсөл өргөн барьж, салбарынхнаа доромжилж болохгүй.
Уг хуулийн агуулгыг нь харвал,
- Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага нь тухайн байгууллагын судалгааны үндсэн чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцоход тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөх,
- Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн мэдээллийн нэгдсэн санг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хариуцуулж, УИХ-д энэхүү нэгдсэн сантай холбоотой хийж гүйцэтгэсэн ажлыг тайлагнадаг зохицуулалтыг оруулах,
- Төрийн өмчит их дээд сургуулиуд болон Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүд өрсөлдөөний зарчмаар сонгон шалгаруулалтад оролцож, өөрсдийн чиглэлийн ажлыг гүйцэтгэх эрхээ нээлгэнэ,
- Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагууд улсын захиалгат ажил хийдэг болно" зэргийг тусгасан нь шинжлэх ухааны салбарт өнөөдөр тулгамдаад буй эрэмбэ чухал асуудал биш.
Салбарын эрдэмтэн, судлаачдаас санал авалгүйгээр ШУА руу чиглүүлсэн бүхэл бүтэн хуулийн төсөл санаачилсан Д.Рэгдэл гишүүн уг нь өөрөө эрдэмтэн хүн. Түүнчлэн УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөр 2016-2024 он хүртэл ажилласан.
Шинжлэх ухааны салбарынхны хувьд энэхүү хуулийн төслийг их сургуулиудыг ялгаварлаж, зөвхөн академид зориулсан хууль зүтгүүлж байна хэмээн шүүмжилсээр буй юм.
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ буруу юм биш шүү дээ.
ИС ШУА зөрчил хэцүү юм аа
Далан нас насалсан хойноо улс төрчдийн гар хөл болоод сахлаа сөрвийлгөөд гүйж байх нь бахархалтай юу, өрөвдөлтэй юү ?!
Ийм хэрэггүй хүмүүсийг жагсаалтаар оруулмаар гүй юм байна.