Жүжигчин А.Алтантөр: Монгол кино бүтээх нь манай гэр бүлийн шунал, эмзэглэл, мөрөөдөл байсан
“Мюзик холл” театр, кино, хөгжмийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр 2002 онд төгсөж улмаар 2007 онд "УДЭТ"-ийн тайзнаа гарч байсан МУСТА, жүжигчин А.Алтантөртэй ярилцлаа. Түүнийг “Явуулын хүн” киноны Сайнаагийн дүрээр үзэгчид сайн танина. Тэрбээр саяхан нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болоод буй "Явуулын хүн говьд" УСК-нд Дэрэмийн дүрийг бүтээжээ. Түүнтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна.
-Таны гол дүрийг нь бүтээсэн "Явуулын хүн говьд" УСК үзэгчдийн хүртээл болоод удаагүй байна. Тэгэхээр бүтээсэн дүрийн тань тухай яриагаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо?
-"Явуулын хүн говьд" УСК-г цаасан дээр санаа төдий зүйл байхаас нь эхлээд хамт байсан хүмүүсийн нэг. Кинонд тоглоно гэдгээ бол мэдсэн хэдий ч ямар дүрд тоглох нь тодорхой биш байсан. Тэр тусмаа гол дүр бүтээнэ гэж бодоогүй байтал найруулагч надад итгэж "Дэрэм" гэх сайхан дүрийг бүтээсэндээ уран бүтээлч хүний хувьд олзуурхаж байгаа. Нуулгүй хэлэхэд гол дүрийн саналаа аваад айсан. Учир нь гол дүр бол киноны нуруу, баганыг авч явах ачааны хүндийг үүрдэг. Тэр утгаараа асар их хариуцлага мэдрэгдсэн л дээ.
-Кинонд гол дүр бүтээх мэдээж амаргүй байх. Дэрэмийн дүр дээр ажиллахад ямар байсан бэ?
-Кино бүтэх явцад мэдээж хүндрэлтэй зүйлүүл их тохиолдоно. Жишээний киноны гол дүрүүдэд хоёр хүүхэд тоглосон мөн гадаадын жүжигчинтэй ажилласан учир ойлголцлын хувьд удаан байх зэрэг хүндрэл гарсан. Түүнчлэн тэмээ малтай харилцан тоглох зэрэг нь амаргүй.
-2017 онд үзэгчдэд хүрж байсан "Явуулын хүн" кинотой үйл явдал нь холбогдох уу?
-Өмнөх "Явуулын хүн" кинотой үйл явдал нь холбогдохгүй. Зохиол нь тусдаа бүтээлүүд, харин нэг төслөөр бүтсэн хоёр уран бүтээл гэж ойлгож болно. Энэ төслөөр өнөө үед нүүдэлчин соёл иргэншлээ хадгалж, хамгаалж буйдхан хөдөөдөө аж төрж буй хэн бүхнийг тод томруунаар харуулахыг зорьдог. Энэ зорилго, хүсэлдээ хүрсэн байх гэж бодож байна. Монголын говь дэлхийд алдартай шүү дээ. Тиймээс говь нутгаа түшиглэж хүмүүсийн аж төрж буй амьдралын хэв маягийг харуулахыг хүссэн. Зөвхөн говь нутагт гэлтгүй монголын зүүн, баруун хязгаар нутагт ч байгальдаа дасан зохицож тайван дөлгөөн, уужуу сайхан сэтгэлтэй, бусдыг хайрладаг, таван хошуу малаа эргэх дөрвөн улиралд нь тааруулж адгуулан маллаж нүүдэлчин соёл иргэншлээ хадгалж буй хүмүүс аж төрөн суугаа. Тэдгээр хүмүүсийг харуулж, нүүдэлчин зөнг сэрээхийг зорьсон. Энэ бол дэлхийгээс онцгойрох монголчууд бидний ондоошил ялгарал. Монголчууд бид дэлхийн сүүлчийн нүүдэлчин үндэстэн гэхэд хилсдэхгүй биз. Цаашдаа нүүдэлчин соёл иргэншлээ хадгалж үлдэх учиртай. Үүнийг уран бүтээлч бид уран бүтээлээрээ дамжуулан сануулж, байх үүрэгтэй.
-Байгаль цаг уурын хатуу шалгарал дунд таван хошуу мал маллах нь мэдээж хэцүү. Гэхдээ байгалийн үржил шимээр, малаас авах амин дэмээр амьдрах нь дэлхий дээр байгаа соёл иргэншил дундаас хамгийн удаан наслах боломжтой гэж би боддог. Бидний оршин буй эх орон бол хүн төрөлхтөн хамгийн урт хугацаанд амьдарч болохуйц зүйл гэж хардаг. Монгол хүнийх шиг тэсвэр тэвчээр дэлхийн хаана ч байхгүй.
-Дэрэмийн дүрээр монгол эр хүн, эцэг, өрхийн тэргүүнийг харуулахыг зорьсон-

-"Явуулын хүн говьд" киноны гол дүрийг бүтээсэн хүний хувьд асуухад үзэгчид таны киног үзээд юуг ухамсарлан бодож, юуг ойлгох ёстой юм бэ?
-Нээлтийн үзвэрийн дараагаар хүмүүсийн хэлсэн үгнээс кино багийнхан сансандаа хүрсэн юм байна гэж бодсон. Зарим үзэгчдийн "Бидний өөрсдийнх мөртлөө мэддэггүй байсан тэр ахуйг үзээд гайхаж биширлээ" гэх үг кино багийг сансандаа хүрсэн болохыг мэдрүүлсэн. Тэгэхээр энэ киног зөвхөн дотооддоо гэлтгүй олон улсын кино наадмуудад өрсөлдүүлэх зорилготой бүтээсэн. Монголын сайхан байгаль, онцлогийг дэлхийн нийтэд үзүүлэх нь бидний үүрэг мөнөөс мөн. Монголд хүрээд ир, ийм сайхан байгаль, сайн хүмүүс байдаг шүү гэх санааг жуулчдад өгөх үүргээ биелүүлсэн гэж бодож байна. Түүнчлэн гадаад улсад тархан суугаа монголчууддаа үзүүлэхийг зорьж бүтээсэн. Нээлтийн үзвэрээ театрт үзээд зорьсондоо хүрсэн гэдгээ мэдсэн. Сайхан байна.
-Таны бүтээсэн "Дэрэм" гэх дүр бол эх нутгийнхаа үнэт өвийг хадгалж, хамгаалж, эзэн нь болсон эгэл гайхалтай дүр санагдсан. Бүтээсэн дүрийнхээ тухай?
-Би амьдрал дээрээ тогтвор муу, хөдөлгөөнтэй төрлийн хүн л дээ. Өмнө нь хурц ширүүн дүрүүдэд тоглож байсан. Энэ кинон дээр илүү тогтож, бодож ажиллах шаардлага үүссэн. Хараад л тайтгармаар тэр сайхан байгальд амьдарч байгаа хүмүүс уужуу тайван байдаг юм байна гэдгийг говьд очоод л ойлгосон. Дэрэмийн дүр бол говийн гэхээс илүү бүхий л монгол эр хүн, эцэг, өрхийн тэргүүн, нутаг орны эзэн хүний нийтлэг зан чанар, төрхийг илэрхийлээсэй гэж бодсон. Тийм дүрийг гаргахын тулд өөрийгөө их шахсан. Монгол орны хаана ч очсон эр хүн, эцэг хүн ийм л байдаг. Тогтож тоглох, бодож ярих, ул суурьтай байх нь амаргүй байсан.
-Киног үзэхэд тэмээтэй харилцаж тоглосон нэлээд олон хэсэг гарсан. Тэмээ малтай харилцах хүндрэлтэй байсан уу?
-Миний хувьд хэдий хотод төрж өссөн ч амралтаараа хөдөө их явдаг байсан. Тиймээс морь малтай ажиллах хэцүү байгаагүй. Говийн хүмүүс чинь морио төдийлөн унаж эдэлдэггүй юм байна. Киноны үер мориноос унасан ч тохиолдол гарсан. Тэр бүхэнд эмзэглэхгүй ажлаа цааш үргэлжлүүлж байгаа юм. Энэ маань багадаа хөдөө явж ахуйтайгаа өөр өссөний ач байх. Ер хүүхдийг багаас нь ахуйтай нь ойр өсгөж, нүүдэлчин өвөг дээдсийн үргэлжлэл шүү гэдгийг нь мэдрүүлж суулгаж өгмөөр санагдсан даа. Тэмээтэй харьцаж тоглох амар байгаагүй, том биетэй болоод ч тэр үү айж сүрдэх сэтгэл төрж байсан. Зураг авалтын үеэр тав орчим километр тэмээ унаж явах зэрэг нь эхэндээ хэцүү санагддаг юм байна лээ. Монгол хүн учраас цаанаасаа малтайгаа дасаж мэдэрдэг юм байна. Манай киноны гол дүр болох найман настай охин зураг авалтын дундуур тэмээ унаад сурчихсан байсан. Тэгэхээр монгол хүний цусанд нэг тийм зөн бий байх гэж боддог.
-Таны гэр бүлийн хүн "Явуулын хүн говьд" киноны ерөнхий найруулагчаар ажилласан. Урлагийн гэр бүлийн хувьд хоёр ч бүрэн хэмжээний киног та хоёр бүтээлээ. Кино бүтээхэд мэдээж хүндрэлтэй, төсөв мөнгө их шаарддаг. Танай гэр бүлийн хүнд хүндрэлтэй зүйлтэй тулгарсан уу?
-Урлаг хүнийг соён гэгээрүүлэх үүрэгтэй. Кино ухааруулж, ойлгуулж, уярааж, хөгжөөдөг байх ёстой. Бид хоёр энэ үүргийг биелүүлэхийн тулд урлагийн замыг хөөсөн. Хэцүү саад бэрхшээл олон байсан ч энэ замаар алхсан л бол үүргээ биелүүлэх ёстой болдог. Төсөв мөнгөний асуудал байсан хэдий ч маш зөв хүмүүстээ зам нийлсэн гэж боддог. Бидний төслийг маш тулхтай хүмүүс дэмжиж хамтран ажилласан учраас кино маань амжилттай үзэгчдийн хүртээл боллоо. Энэ төсөл бол манай гэр бүлийн шунал, эмзэглэл, хүсэл мөрөөдөл. Бид хоёр гэртээ үргэлж уран бүтээлийн төлөө ярилцдаг. "Эхнэр нь киноны найруулагч учраас нөхрөө гол дүрд нь тоглуулчихлаа" гэх яриа сонсож байсан. Үнэхээр эмзэглэмээр санагдсан.
-Ахиж дэлгэцийн уран бүтээлд тоглохгүй гэж шийдсэн-

-Анх киногоо үзээд өөртөө ямар дүн тавив?
-Анх киногоо үзээд жинхэнэ монгол кино болжээ гэсэн бодол төрсөн. Зохиолын диолаги, дүрслэл, дүрүүдийн харилцан яриа ч тэр амьд санагдсан. Бид бүгд л алтан үеийн кинонуудад дуртай, шимтэн үздэг. Түүнтэй ижил киногоо би жинхэнэ монгол болсон гэж хэлмээр байна. Одоо ингээд бодохоор ахиад "Хонгорын элс" рүү явмаар санагддаг. Тэнд би 20 хоног уран бүтээлээрээ яг говийн тэмээчин шиг амьдарсан. Тэгж амьдрах нь надад үнэхээр их сэтгэгдэл үлдээж таалагдсан. Улаанбаатар хотын стресс бухимдлаас холдож говь руу явмаар санагддаг. Төслийн анхны кино болох "Явуулын хүн" киног хийж байхад Өвөрхангай аймгийн Бүрд суманд 14 хоног малчны амьдралаар амьдарсан. Тэр хугацаанд огт хоол идээгүй айраг л уусан. Сая говьд ингэний хоормогийн гайхамшгийг мэдэрсэн. Хүүхдүүддээ орой болгон унтахаас нь өмнө ингэний хоормог өгсөн. Өнгөрсөн өвөл манай хүүхдүүд өдөр болгон ханиадны эм уудаг байсан. Гэтэл энэ өвөл ганц ч удаа өвдөөгүй. Энэ бол ингэний хоормогийн ач тус. Тийм гайхалтай ахуй зан заншил байна. Эцэст нь киногоо дүгнээд хэлэхэд маш зөөлөн, эерэг тайвшрал өгөх, эргэж бодуулах, эх орноо хайрлах мэдрэмжийг өгнө. Манай кино бол маш том тайвшрал.
-Нууц биш бол "Явуулын хүн-3" гэж үргэлжлэх үү?
-"Явуулын хүн-1" дээр монгол хүн эх орондоо явуулын хүн болчих вий, тийм сэтгэлээр хандах вий гэдгийн сануулах, ойлгуулах санаатай байсан. Энэ удаагийн "Явуулын хүн говьд" кино маань харь нутгийн хүн монголын гайхамшгийг мэдэрсэн агуулга гардаг. Магадагүй энэ төсөл цааш үргэлжилж магадгүй байх.
-Одоо цагийн малчид техник технологиос огт хоцроогүй байна. Айл бүхэнд нэг англи хэлтэй хүн байх жишээтэй. Бүгд смарт утастай "CCN" дээр гарсан мэдээг уншиж чаддаг болчхож. Хаана ч хоцрогдол алга. Тэнд өв соёл, цэвэр агаар, техник технологи гэх мэт бүгд бий. Тэнд амьдрал байна.
-Та "УДЭТ"-д 10 гаруй жил ажилласан. Театраас кино урлагт орсон хүн. Цаашид дэлгэцийн уран бүтээлд түлхүү ажиллах уу?
-Театр бол амьд, гайхалтай талбар, надад их зүйл өгсөн. Цаашид дэлгэцийн уран бүтээлд тоглохгүй гэж шийдсэн. Ханаж, халширсан бол биш. "Явуулын хүн" киноны Сайнаагийн дүрээр үзэгчид намайг эергээр харж, хайрладаг. Энэ л надад хангалттай. Би ямар уран бүтээлийн төлөө бусадтай уралдаж, өрсөлдөөгүй. Хүн маш олон зүйлийг хийж үзэх хэрэгтэй юм байна. Цаашид олон зүйл хийхийн төлөө анхаарна гэж бодож байгаа.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай кино урлаг 90ээд оны амэрик киноны марзан хуулбарууд. Алж хядсан, ор хөнжилд орсон дээрэмдсэн , мансуурсан мангар жүжигчидтэй.
Ядахад тунгалага тамираа дуурайж бардагүйм гэхэд говийн зэрэглээ, хүний амь, хүний мөр гээд байна даа байна...
Хөдөөнөө л бай
Амжилт
Байгаль цаг уурын хатуу шалгарал дунд таван хошуу мал маллах нь мэдээж хэцүү. Гэхдээ байгалийн үржил шимээр, малаас авах амин дэмээр амьдрах нь дэлхий дээр байгаа соёл иргэншил дундаас хамгийн удаан наслах боломжтой гэж би боддог. Бидний оршин буй эх орон бол хүн төрөлхтөн хамгийн урт хугацаанд амьдарч болохуйц зүйл гэж хардаг. Монгол хүнийх шиг тэсвэр тэвчээр дэлхийн хаана ч байхгүй. энэ л чухал шүү ямарч хөгжилтэй орноос илүү
Чиний бүтээсэн дүр болгон амилдаг шүү маш гоё чадварлаг жүжигчин дүрээ маш сайн илэрхийлдэг би чамайг спонсорлоноо хоёулаа дэлхийн чихийг дэлдийлгэсэн кино хийнээ.