Нийгмийн

Монгол биатлонч ДАШТ-д түүхэндээ анх удаа өрсөлдөхөөр болов

Өвлийн спортын цөөнгүй төрлөөр хичээллэн, жигд амжилт гаргаж яваа тамирчдын нэг нь Зэвсэгт хүчний 017 дугаар анги, “Алдар” спорт хорооны тамирчин Энхбаярын Ариунтунгалаг.

Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, 23 настай тэрбээр Италид хоёрдугаар сарын 13-23-нд болох биатлоны насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох болзол хангав. Ингэснээр Монгол биатлонч насанд хүрэгчдийн ДАШТ-д түүхэндээ анх удаа өрсөлдөхөөр болов.

Италид биатлоны бэлтгэлээ найман сар базааж буй Э.Ариунтангалаг Олон улсын биатлоны холбооны цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцон, оноо цуглуулсаар ДАШТ-д оролцох болзол хангажээ.

Биатлоноор 2019 оны зургадугаар сараас хойш хичээллэж буй тэрбээр Монголын цанын үндэсний шигшээ багийн тамирчин байсан.

Э.Ариунтунгалаг 2008 онд Гавьяат тамирчин Л.Дорж, спортын мастер Д.Ичинхорлоо нарын удирдлагад цанаар анх хичээллэжээ. Тэр жилээ өсвөрийн УАШТ-д өрсөлдөөд XI байрт шалгарсан.  Хоёр жилийн дараа өсвөр үеийн УАШТ-д анх удаа түрүүлж, түүнийгээ дөрвөн жил дараалан баталжээ.

2014 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий тав, 10 км-ийн зайн уралдаанд Сочи, Пёнчаны олимпод оролцсон Ч.Отгонцэцэгийн ард орж, мөнгөн медаль авсан тэрбээр дараа жил нь БНХАУ-д болсон олон улсын тэмцээний 50 км-ийн зайд өрсөлдөн барианд орж, Монголын эмэгтэй цаначдаас анхдагч болсон юм.

Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн тэрбээр 2016 онд БНХАУ-д болсон олон улсын тэмцээний 25, 2018 онд ОХУ-д болсон тэмцээний 30 км-ийн зайн уралдаанд түрүүлж, Азийн хүүхдийн хоёрдугаар наадмаас хүрэл медаль хүртсэн (2013) төдийгүй ДАШТ-д XI байрт шалгарсан (2015) юм.

Монгол Улсын 18 удаагийн аварга Э.Ариунтунгалаг дасгалжуулагч Х.Хаш-Эрдэнийн удирдлагад, гурван тамирчны хамт 47 хоногийн хугацаанд 10 аймаг, 26 сумаар дамжин ролекоор 1000, дугуйгаар 1350 замыг гүйж туулан, спортыг сурталчилж байсан удаатай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x